ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Гадны иргэнд газар эзэмшүүлэх заалтыг цуцлах эсэхийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

O.Admin
2024-02-05

УИХ-ын “D-Parliament” системд “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Нямжав овогтой Номун-Эрдэнэ санаачилж, 13 хоногийн хугацаанд 100 мянга гаруй иргэн дэмжин гарын үсэг зураад байгаа юм.

Тэгвэл уг хуулийн заалтыг УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр “2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах“нийтийн өргөдлийг иргэн Нямжавын Номун-Эрдэнэ D-Petition цахим системд санаачилсан. Тус санал асуулгыг 14 хоногийн хугацаанд 100,117 иргэн цахимаар гарын үсэг зуран дэмжсэн байна.УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар нийтийн өргөдлийг 100,000 иргэн дэмжсэн тохиолдолд хуулийн төслийг санаачилж, хэлэлцүүлэх дэгтэй. Тус хуулийн заалтын дагуу дөнгөж саяхан УИХ-ын Тамгын газартайгаа цахимаар хуралдан хуулийн төслийн талаар Засгийн газраас санал авахаар шийдвэрлэлээ.

2013 онд батлагдсан “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшүүлэх тухай" тус хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн заасан засаглах эрхээ эдлэн идэвхтэй оролцож, цахимаар гарын үсэг зурсан нийт иргэддээ баярлалаа” гэжээ.