Мадина гэх бүсгүй өөрийн инстаграмм хуудаснаа нэгэн бичлэг оруулсан нь өнгөрсөн өдрүүдэд олны анхааралд өртөв. Тус бичлэгт гарч буй эрэгтэй нь Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон гэгч бөгөөд 10 сая төгрөгөөр уг бүсгүйтэй нэг шөнийг өнгөрүүлж буй тухай мэдээлэл сошиал орчинд цацагдсан.
Тэгвэл энэ асуудалд нэр холбогдсон М.Онон өнөөдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн гадна мэдээлэл өглөө. Тэрбээр, “Бичлэг дээрх хүн би биш. Тухайн үед би гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан. Шүүхэд хандах бодолтой байгаа. Үүнийг нотлох камерын бичлэг болон бусад холбогдох баримт байгаа. Мөн иргэд зөв буруу мэдээлэлд гярхай хандаж байхыг хүсэж байна. Би тэр бичлэг цацсан эмэгтэйг огт танихгүй. Би цахим сүлжээнд яваа мэдээлэлтэй огт холбоогүй.
Энэ бичлэгт намайг шууд холбож зургийг маань тавьж байгаа нь гэр бүл, эхнэр хоёр хүүхэд, аав ээж, ажил бүх зүйлд минь сөргөөр нөлөөлж байна. Эхнэр маань жирэмсэн үед зургийг маань баримтгүйгээр нааж байгаа нь маш хүнд байна. Цагдаагийн байгууллага уг мэдээллийг шалгаад үнэн зөвийг тогтооно гэдэгт итгэж байна. Анх уг мэдээллийг нийтэлсэн иргэн дараагийн тайлбартаа хамт байсан хүн өөрийгөө төмөр замын дарга гэж танилцуулсан боловч үнэн хэрэгтээ төмөр замын дарга биш байсан тухай мэдэгдсэн байна.
Энэ асуудал нь зөвхөн миний хувийн нэр төрд хамаарч хязгаарлагдахгүй төмөр замын салбарт ажиллаж буй олон мянган инженер, техникийн ажилтан, алба хаагч залуучууд салбарын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж, зориуд санаатайгаар салбараар нь овоглоод харлуулж, гүтгэж доромжилж байгаад харамсаж байна. Хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар холбогдох хүсэлт, гомдлоо гаргалаа. Цагдаагийн байгууллагаас дээрх мэдээллийг нягталж үзээд, тодорхой мэдээлэл тайлбар өгөх байх. Надад сахал битгий хэл үс ч байхгүй. Гэтэл сахалтай өөр залууг миний жилийн өмнөх зурагтай харьцуулаад гаргаж ирж байгааг хараад гайхлаа” хэмээлээ.
