ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл үзэж эхэлнэ

O.Admin
1 цагийн өмнө

"Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид 2026-2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн Нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл үзэж эхэлнэ" хэмээн Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. 

Тэрбээр, "Хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг системтэй дэмжих энэхүү хичээл нь өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах чадварыг төлөвшүүлж, оюуны тамиртай, биеийн тамиртай, сэтгэлийн тамиртай Монгол иргэнийг бэлтгэх боловсролын шинэчлэлийн чухал хэсэг болно.

Энэхүү хичээл нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилтэй зэрэгцэн нийгэмшил, сэтгэл зүйн төлөвшлийг дэмжихэд чиглэнэ. Сурагчдад өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах, эерэг харилцаа тогтоох зэрэг амьдралын суурь чадварыг эзэмшүүлэх зорилготой юм. Энэхүү агуулга нь өмнө нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн үндсэн сургалтын хөтөлбөрт тусгагдаагүй байсан бөгөөд харин зарим төрийн бус өмчийн сургуулийн сургалтын хөтөлбөрт хэрэгжиж ирсэн туршлагатай.

Хичээлийн хүрээнд сурагчид өөрийн сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, удирдах, өөртөө энэрэнгүй хандах, бусдыг ойлгох, мэдрэмжээ зөв илэрхийлэх, хамтран ажиллах, зөрчил асуудлыг зөв шийдвэрлэх зэрэг өдөр тутмын амьдралд шаардлагатай нийгэм-сэтгэл зүйн чадваруудыг үе шаттайгаар эзэмшинэ. Хөтөлбөр нь “Би”, “Бусад”, “Бид” гэсэн үндсэн агуулгын хүрээнд хэрэгжих бөгөөд сурагчид нийт 6 хүрээ 24 чадамжийг олгох юм. Эдгээр чадвар нь өөрийгөө танин мэдэх, бусдын мэдрэмжийг ойлгох, өөрийгөө бусдын оронд тавьж сэтгэх, эерэг харилцаа бүрдүүлэх, нийгмийн хариуцлагатай оролцох чадамжийг төлөвшүүлэхэд чиглэж байна.

Хичээлийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор багш нарыг тусгай арга зүйгээр бэлтгэх бөгөөд сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр”-ийг олгоно. Энэхүү хэрэглэгдэхүүн нь хүүхдийн өдөр тутмын эерэг дадал, зөв хандлага, өөрийгөө ойлгох чадварыг хөгжүүлэхээс гадна гэр бүлийн орчин дахь харилцан ойлголцол, халуун дулаан уур амьсгалыг дэмжих ач холбогдолтой.

Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжийг боловсруулан түгээх бөгөөд ингэснээр хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг гэр бүл, сургууль хамтран дэмжих нөхцөл бүрдэнэ. Энэ нь хичээлийн үр нөлөөг нэмэгдүүлж, хүүхдийн хөгжилд тасралтгүй ахиц гаргахад чухал хувь нэмэр оруулах юм. Хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг зөвхөн мэдлэгээр бус хөгжлөөр нь үнэлэх тогтолцоог нэвтрүүлнэ. Багш нар сурагчдын эзэмшсэн 24 чадварын хөгжлийн түвшнийг үнэлж, хэрэгцээт дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлэх боломж бүрдэнэ.

Нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлийн хүрээнд сурагчид “Би сурагч”, “Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?”, “Өөртөө болон бусдад хэрхэн энэрэнгүй хандах вэ?”, “Мэдрэмжээ хэрхэн зөв илэрхийлэх вэ?”, “Зөрчлийг хэрхэн зөвөөр шийдвэрлэх вэ?” зэрэг амьдралын үнэ цэнтэй ур чадваруудыг эзэмшинэ. Боловсролын шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү хичээл нь хүүхдэд зөвхөн академик мэдлэг олгохоос гадна өөрийгөө ойлгож удирдах, бусдыг ойлгож хүндэтгэх, хамтран ажиллах, нийгэмд зөв оролцох чадварыг төлөвшүүлэхэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн сэтгэлийн дархлаа, зөв хандлага, зөв харилцааны ур чадварыг бага наснаас нь төлөвшүүлэх замаар оюуны тамиртай, биеийн тамиртай, сэтгэлийн тамиртай Монгол иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн боловсролын чухал шинэчлэл юм" гэлээ.