Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт цаг үеийн асуудлаар намын байр суурийг илэрхийлж, 4/11 хэвлэлийн бага хурлыг хийдэг.
Энэ удаагийн хэвлэлийн хуралд нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч М.Тулгат, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Лхагвадорж, нийслэлийн АН-ын дарга Энхбат, АН-ын дэргэдэх стратеги, бодлогын хүрээлэнгийн захирал, АН-ын гишүүн асан З.Нарантуяа, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Энхтуяа нар оролцож мэдээлэл өглөө.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр болохоор товлогдсон бөгөөд уг хуралдаанаар автомашинд олгох дугаарын квот тогтоох, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэх зэрэг хэд хэдэн анхаарал татсан асуудлаар шийдвэр гаргах юм. Тэгвэл Ардчилсан намаас Цагаан сарын баяр дөхсөн, иргэдийн анхаарал суларсан үед НИТХ-аар иргэдийн эрхэд халдсан шийдвэр гаргахаар улайрч байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч М.Тулгат
-НИТХ-аар хэд хэдэн журам батлахаар оруулж ирж байгаа. Үүнийг эсэргүүцэж АН-аас байр сууриа илэрхийлсэн. НИТХ өнөөдөр 10:00 цагт зарлагдсан ч, одоо хүртэл эхлээгүй байна. Хурлаар хэлэлцэх журмыг АН, ХҮН-аас эсэргүүцэж буй тул сөрөг хүчний гишүүд өнөөдрийн хурлыг хаяж байна. Хэлэлцэхээр төлөвлөсөн журмууд дунд хэд хэдэн анхаарал татсан асуудал бий. Тухайлбал, автомашины шинэ дугаар олголтыг хязгаарлах, зогсоох тухай журам. Дээд хязгаарыг 730 мянгаар тогтоох тухай заалт бий. Энэ бол иргэдэд хортой үр дагавар авчрах зохицуулалт бөгөөд замын түгжрэлд өөрчлөлт авчрахгүй. Гэтэл Цагаан сарын битүүний өмнөх өдөр зориудаар тус журмыг хэлэлцэхээр оруулж ирж байгаад сэжиглэж хандаж байна.
БЗД-ийн ИТХ маргааш хурлаа хийх гэж байна. Цагаан сар, шинэ жил зэрэг баяр дөхсөн, иргэдийн анхаарал суларсан үед иргэдийн эрхийг зөрчсөн бодлого шийдвэр гаргадаг байдлыг эрх баригчид удаа дараа гаргаж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх хууль батлагдсан. Энэ хуулиар иргэдийн зорчих болон өмчлөх эрхэд халдсан хэд хэдэн зохицуулалт хийсэн. Тухайлбал, иргэдийн газрыг 65 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд шууд булааж авах зохицуулалт тусгагдсан байх жишээтэй. Баяр дөхсөн анхаарал суларсан үедээ монголчууд эрхээ нэг нэгээр нь алдаж буйд харамсаж байна.
Шинэ дугаар олголтыг хязгаарлах тухайд манай нийслэлийн Ардчилсан намаас судалгаа хийж үзсэн. Энэ журам батлагдсанаар нэгдүгээрт, автомашины үнэ нэмэгдэнэ. Хоёрдугаарт, үе хоорондын тэгш бус байдлыг үүсгэнэ. Гуравдугаарт, хүргэлтийн үйлчилгээ зэрэг шинэ бизнес эхлүүлэх гэж залууст гарах зардлыг нэмнэ. Үүнийг сөрөг хүчний зүгээс эсэргүүцэж байна. Аливаа асуудлыг үндсээр нь, цогцоор нь бус гал унтраах байдлаар тоог нь хязгаарлах, квот тогтоох байдлаар шийдэх нь аргаа барсан коммунист шийдвэр юм. Энэ бүгд цаанаа дарга нарт л ашигтай. Аливаа хязгаар, квотын цаана дарга нар өөрсдийн хамаатан садан, хамаарал бүхий хүмүүстээ давуу эрх олгох, бизнес болгох ашиг сонирхол байдгийг иргэд мэдэж байгаа. Бид тууштай эсэргүүцсээр байх болно.
Нийслэлийн АН-ын дэд дарга Ж.Энхбат
- Нийслэлийн Ардчилсан намаас дордохын долоон журам дээр мэргэжлийн эдийн засагч, судлаачид ажилласан. Өнөөдрийн НИТХ-аар орох дордохын долоон журамд хүний эрхийг хаасан, Үндсэн хуулиар олгогдсон хүний өмчлөх эрхэд ноцтой халдсан алхмууд орж ирж байгаа. АН-ын ажлын хэсгээс уг журмыг буцаах, хэлэлцэхгүй байх шаардлагуудыг НИТХ-д тавьсан. Хотын захиргааны үүдэнд шаардлагаа тавьж, үзэл бодлоо илэрхийлэхэд хотын удирдлагууд “Төлбөртэй жагсагчид”, “худалдагдсан сэтгүүлч нар” гэж хээв нэг доромжилж, бидний барьсан шаардлагыг урж тасдаж хаядаг. Ийм дарангуйлал Монголд тогтлоо. Нэгэн цагт Азийн цагаан дагина гэгдэж явсан Улаанбаатар хот хар бараан боллоо. Бид эдийн засгийн үндэслэлтэй, хуулийн хүрээнд, инженерүүдийн тооцоо судалгааны дагуу шийдлээ ярьж байгаа. Авто замын түгжрэлийг бууруулахын тулд дэд бүтэц, ложистикоо шийдэж, авто замын ачаалал авах чадварыг нэмэгдүүлэх ёстой.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс гадна туслах замуудыг нэмэгдүүл, ингэхийн тулд НИТХ төсөвтөө дэд бүтцийн зардлыг бодлоготой оруулж ирэх ёстой. Энэ мэт үндэслэлтэй шаардлага тавьж байгаа. Бид жагсаал цуглаан хийх бус, үндэслэл судалгаатай гарц гаргалгаануудыг тавьж байна. Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхийг хэн нэгэн хотын дарга, ИТХ-ын дарга гарч ирээд хязгаарлаж болохгүй. Автозогсоолын журам мөн орж ирж байгаа. Хувийн хэвшлийн зогсоолуудыг нэгдсэн системд оруулах талаар тусгасан. Гэхдээ улсын байгууллагууд тойрсон авто зогсоолуудыг яагаад оруулахгүй байгаа юм бэ. Яам, төрийн ордон, төрийн байгууллага тойрсон автозогсоолуудаа адилхан төлбөртэй болгооч. Зогсоолгүй төрийн үйлчилгээ авч чадахгүй байхад зөвхөн хувийн хэвшлийн зогсоолыг нэгдсэн системтэй болгох нь учир дутагдалтай. Гахайнуудад давуу эрх гэж байх ёсгүй. Хоёрдугаарт, нийтийн тээврийн чиглэлийг богино эргэлтэд оруулснаар ахмадууд хохирсон. Ахмадууд хийх ажилгүй, хотын автобусуудаар өдөрт сэлгүүцээд явж байдаг гэж доромжилдог. МАН өнөөдөр хүчээр дордохын долоо журмаа батлавал бид хуулийн хүрээнд бүх шатанд тэмцлийн акц хийнэ. Улаанбаатар хотын иргэдийнхээ төлөө дуугарна, өмчлөх эрхийг хамгаална, хувийн хэвшлийг хааж боодог коммунизмын эсрэг тэмцлээ илэрхийлнэ.
АН-ын дэргэдэх стратеги, бодлогын хүрээлэнгийн захирал, АН-ын гишүүн асан З.Нарантуяа:
-Иргэдэд хоёр чиглэлийн мэдээлэл өгье. Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн 2022 оны ногдол ашиг болох 104 мянган төгрөгийг олгосон. Нөгөө талаар, Үндэсний статитикийн газар Дэлхийн банкнаас хамтран Монгол Улсын ядуурлын судалгааг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар 914 мянган иргэн 418 мянган төгрөгөөс доогуур хэрэглээтэй амьдарч байна. Нийт иргэдийн 27.8 хувь ядуу буюу 418 мянган төгрөгөөс доогуур орлоготой байна. Иргэдийн бараг тал хувь нь ядуу амьдарч байхад Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж дүгнэх нь ичгэвтэр хэрэг. Дэлхий даяарх Засгийн газрын үйл ажиллагааг иргэдийнх нь хэдэн хувь ядуу амьдарч байгаагаар буюу нэг л үзүүлэлтээр үнэлдэг. Эрх баригчид 2016 оноос хойш найман жил эрх барьж байгаа.
Энэ хугацаанд төсвөө 2-3 дахин тэлсэн. Төсвийн орлого нэмэгдэж, зөвхөн нэг жилд уул уурхайн салбараас найман их наяд төгрөг олж байна. Жилдээ 54 сая тонн эрдэс баялгийн түүхий эдийг экспортолж, 25 их наяд төгрөг олсон байна. Үүний 15-16 хувийг нь ирээдүйн өв сан, тогтвортой хөгжлийн санд хуримтлуулж үлдээд үлдсэн 80 орчим хувийг нь урсгал зардал, халамж хэлбэрээр тараасан. Энэ их мөнгийг тараасан юм бол өнөөдөр иргэдийн чинь яагаад тал нь ядуу буюу 418 мянган төгрөгөөр амьдарч байгаа юм бэ. Бидний уншдаг байсан “Цагаан сар ба хар нулимс” зохиолд гардаг шиг Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёрыг бодитоор харьцуулж үзэх баяр болох гэж байна.
Иргэд шударга бус бүхэнтэй өөрсдөө тэмцэх ёстой. Гэтэл 418 мянган төгрөгөөс дээшээ орлоготой болгохын тулд шударга ёсны төлөө тэмцэх сөхөөгүй амьдралынхаа төлөө явж байна. Бодлого буруу байна. Хүн ам чинь туйлдаж байна. Дарга нар найм дахь жилийнхээ босгон дээр, сонгууль дөхөж дүнгээ тавиулах үе ирэхэд гэнэт том том зорилт тавьж байгаа нь сонгуульд зориулсан амлалт байна гэж дүгнэхээр байна.
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж:
-Ирж буй Луу жилд Ардчилсан намын бүлгийн гишүүд 21 аймаг, есөн дүүргийн нийт гишүүд дэмжигчидтэйгээ уулзана. Мөн УИХ-ын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг ард иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцохоор төлөвлөж байна. Ирж буй хөх луу жилдээ Монголын өнцөг булан бүрт амьдарч буй иргэд, ардчилсан намын гишүүд дэмжигчиддээ Ардчилсан намын нийт удирдлагуудын нэрийн өмнөөс сар шинэдээ сайн шинэлэхийг хүсэн ерөөе.
Өнөөдөр Ардчилсан намын төлөөлөл Нарантуул захад очиж, иргэдийн цагаан сарын бэлтгэл ямар байгаа, мөн үнийн өсөлт иргэдийн бодит орлого хоёрын хоорондын хамаарал ямар байгаа талаарх бодит мэдээлэл авлаа. Хийсэн судалгаа бичлэгээ та бүхэнд удахгүй хүргэх болно. 2016 онд нэг ширхэг өндөр 280 төгрөг байсан бол өнөөдөр нэг ширхэг өндөг 6000 төгрөг болсон байна. Өнөөдөр цагаан сараа тэмдэглэж буй иргэд орлогоосоо хоёр дахин давсан өртөгөөр тэмдэглэж байна. Уламжлал ёсоор бол Монголын ард түмэн өр ширээ дарж, тоос тортгоо гөвж шинэ жилээ угтдаг байсан бол өнөөдөр өр тавьж, зочин гийчин ирэхэд элбэг хангалуун дүр эсгэн тэмдэглэх дээрээ тулсанаа иргэд уламжилж байна. Бодлогогүй төрөөс шалтгаалж улс орны аж амьдрал яаж хямарч байгааг харж байна. Та бүхний амьдралд өөрчлөлт авчрах, ардчилалаар хамгаалан авч үлдэх сонгуулийн жил эхэлсэн байна. Ирж буй луу жилд элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байх болтугай.