ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Чинбүрэн нарын гишүүд эмийн хяналтын лабораторид ажиллалаа

O.Admin
2024-02-28

Ирэх сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг цахим шуудан: [email protected]n, цахим хуудас: D.Parliament.mn emiinsonsgol.mn, утас: 51-261440 сувгуудаар хүлээн авч байгаа аж.

"Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" Түр хорооныхон Мягмар гарагт Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн хяналтын лабораторид очиж, үйл ажиллагаатай нь танилцжээ.

Энэ үеэр Эмийн хяналтын лабораторийн Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Сонинхүү "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн хяналтын лаборатори өөрийн гэсэн байргүй, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн байранд байрладаг.

1,000 м.кв-аас дээш, 20 гаруй өрөө тасалгаатай байгууламжид үйл ажиллагаа явуулах шаардлагатай ч нийтдээ 562 м.кв 17 өрөөнд байрлаж байна. 128 багаж, тоног төхөөрөмж бүртгэлтэйгээс 78  нь ажилладаг.  Ихэнх өндөр мэдрэг багаж, тоног төхөөрөмж эвдэрч, акталсан.

Өдөр тутамдаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх, хяналт шалгалтын, байцаагчийн, өөрчлөлт, сунгалтын, хууль хяналтын байгууллагын гомдлын дээж гэсэн дээжүүдэд шинжилгээ хийдэг.

2023 онд 2,535 дээжийг 27,212 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулсан. 2,535 дээжээс 157 дээж чанарын шаардлага хангаагүй гарсан. Шаардлага хангаагүй дээжийг буцааж тухайн байгууллага, мэргэжилтэнд илгээдэг.

Өнгөрсөн оны байдлаар 308 сая төгрөг эм, урвалжийн зардалд төсөвлөгдөж байсан бол 2024 онд 245 сая төгрөг болж буурсан. Гэтэл шинжлэх дээжийн тоо 700-800-аар нэмэгдсэн.

Нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг 5.5 тэрбум төгрөгөөр авч өгөөч гэсэн хүсэлтийг 2023 оны дөрөвдүгээр сараас хойш салбарын яамандаа тавьсан. Өндөр мэдрэг багаж, тоног төхөөрөмжгүйгээс сүүлийн үед эмчилгээнд нэвтэрч буй тусгай нөхцөлд хадгалах зориулалттай биологийн идэвхт нэгдлүүдтэй эмүүдийн чанарыг 100 хувь шинжилж чадахгүй байна.

Хүний нөөцийн хувьд ч бүрэн хүчин чадлаараа ажиллахад нарийн мэргэжлийн 45 хүртэл албан хаагч шаардлагатай. Өнөөдөр 23 алба хаагчийн орон тоотой ажилладаг. Албан хаагчдын дундаж цалин сая орчим төгрөг" хэмээн танилцуулав.  

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа "Лабораторийн ахуй нөхцөл, хүний нөөц чадавхжуулах зэрэгт эхний ээлжид нэг жилд 1.6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг өгсөн ч 2024 оны төсөв батлагдахад 245 сая төгрөг туссан".

Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг "2024 оноос лабораторийг чадавхжуулах үйл ажиллагааг явуулна. Лабораторийн 2024 оны санхүүжилтийн хувьд олон улсын төсөл хөтөлбөрөөс орж ирэх санхүүжилтийг харгалзаж үзэж байж баталсан" гэв.

УИХ-ын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хорооны дарга Ж.Чинбүрэн "Монгол Улсын хэмжээнд эмийн чанарыг хянаж, шалгадаг лабораторийн үйл ажиллагаа явуулах зардал, төсөв нь үргэлж хангалтгүй байж ирсэн. Байнгын шаардлагатай урвалж бодис авах зардал нь ч хүрэлцдэггүй юм байна.

Лабораторийн өрөөнүүдээр явж үзэхэд гурван чухал аппаратын хоёр нь эвдэрсэн, аппарат болгоны дээр шахам “Ажиллах боломжгүй” гэсэн бичиг наасан, бараг музей шиг болсон байна. Үүнээс харахад зах зээл дээр байгаа эм чанартай байна уу, чанарыг нь шалгаж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй асуудал...

зураг

Эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэхдээ зөвхөн сери дугаарыг нь нягтлах бус зах зээл дээрээс татаж авч шалгадаг тогтолцоо байх ёстой. Ийм тогтолцоо үгүйлэгдэж байгаа учир ард иргэд эмийн чанарт итгэхгүй байна.

Энэ нь улсынхаа эрүүл мэндийн салбарт итгэхгүй байх хор уршигт хүргэнэ. Эцэст нь дүгнэхэд эс үйлдлээр, зориуд эмийн чанарыг хянахгүй байх зорилго тавьсан юм уу гэж харагдаж байна. Тиймээс эмийн чанар, үнэ, худалдан авалт зэрэг цогц асуудлыг зөв тогтолцоонд оруулахад хаана, ямар асуудал, доголдол байна гэдгийг нотлох баримтын хэмжээнд шинжлэн судлах сонсголыг Түр хорооноос зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна” гэлээ.