ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Чимэддорж: Монгол Зүүн хойд Азийн томоохон эрчим хүч экспортлогч болох боломжтой

O.Admin
2024-02-29

Ардчилсан нам  4/11 мэдээллийн цагаараа сэргээгдэх эрчим хүч, бусад цаг үеийн асуудлаар байр суурь илэрхийллээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дэд дарга Ш.Түвдэндорж, Ардчилсан намын Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяр, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж нар оролцлоо.

Хэвлэлийн хурлын эхэнд Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж хоёр сэдвээр мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, өчигдөр болсон АН-ын Эрчим хүч, эдийн засгийн бодлогын зөвлөлөөс гаргасан шийдвэр, дүгнэлт, байгалийн гамшгийн үед хэрэгжүүлэх нэн тэргүүний шаардлагын талаар мэдээлэв. Тэрбээр:

- Зудыг НҮБ-аас байгалийн гамшиг гэсэн ангилалд оруулсан байдаг. НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад гамшиг тохиолдсон талаар мэдээлж, олон улсын тусламжийн байгууллагуудыг тусламжийн хөтөлбөрөө уялдуулах уриалга гаргасан байна. Харамсалтай нь өнөөдөр Засгийн газар зөвхөн улсын нөөц дэх хөрөнгөөр өвс, тэжээл тараахаас өөр ажил хийхгүй байна. Үүнийгээ сонгуулийн далд сурталчилгаа хэлбэрээр явуулж байна.

Нэн тэргүүнд гамшгийн үнэлгээг улс орон даяар хийж, хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрөө олон улсын байгууллага, Засгийн газар хоорондоо уялдуулах шаардлагатай. Гамшиг гэдэг ангилалд орсон гэдэг нь хүмүүс хэвийн амьдрах нөхцөл боломжоо алдсан гэсэн үг.

НҮБ-аас уриалга гаргасан нь Монгол Улсын хүн амын тодорхой хувь нь хэвийн амьдрах боломжгүй болж байна гэдгийг урьдчилан тооцоолсон дохио юм.

Хоёрдугаарт, дэлхий нийтээр эрчим хүчний шилжилтийн үед амьдарч байна. Европын холбооны улсуудын хүлэмжийн хийн гаалийн зохицуулалтын механизмууд батлагдсантай холбогдуулаад ЕХ-той худалдаа хийдэг улс орнуудын өмнө хүлэмжийн хийг бууруулах, хүлэмжийн хийн татварыг тавих зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ бол манай бүс нутгийн хувьд маш том сорилт. Азийн зах зээлээс 45 тэрбум ам.долларын татвар ногдохоор бүтээгдэхүүнүүдийг ЕХ-нд худалдаалж байна. Энэ нь цаад агуулгаараа манай өмнөд хөршид үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнүүд ЕХ-ны улсад экспортлогдохдоо хүлэмжийн хийн татвартай болно гэсэн үг. Манай эрдэс баялгийн гол бүтээгдэхүүнийг худалдаж авдаг Өмнөд хөршийн аж үйлдвэрийн салбар зардал өндөртэй болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын Эрчим хүч, эрдэс баялгийн зөвлөл хуралдаж, хүлэмжийн хийг бууруулахад Монгол Улсын оролцоо ямар байх, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцөө бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглах боломжтой эсэх талаар хэлэлцэж, эцсийн дүгнэлтэд хүрсэн. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний салбарыг бие даасан эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Ойрын найман жилийн хугацаанд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбар салхи, нарны цахилгаан станцуудыг 100 гигаватт хүртэлх хүчин чадлыг суурилуулах зорилт тавьж ажиллах ёстой. Зарим талаар том тоо санагдаж магадгүй ч, манай суурилагдсан эрчим хүчний чадлаас 60-70 дахин том чадлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж байгуулах боломжтой. Үүний тулд эрчим хүчний стратегиа юун түрүүнд шинэчлэн батлах шаардлага байна.

БНХАУ болон бусад бүсийн улс орнуудтай эрчим хүчний экспортлох гэрээ байгуулах, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв, технологи дамжуулах төв, инженерийн сургууль, МСҮТ гээд цогцоор нь шийдвэрлэх боломжтой.

Манай сэргээгдэх эрчим хүчний салбар Зүүн хойд Азидаа хамгийн том нөөцтэйд тооцогддог. Харамсалтай нь өнгөрсөн найман жилийн хугацаанд Монгол Улсын эрчим хүчний салбарт нэг киловаттын ч чадал нэмээгүйгээс цахилгаанаа хязгаарлуулж, аль ч салбар эрчим хүчний хязгаарлалтад орж байна. Монгол Улс бодлогоо зөв тодорхойлж чадвал ойрын ирээдүйд Зүүн хойд Азийн томоохон эрчим хүч экспортлогч болох бүрэн боломжтой. Ингэснээр манай эдийн засаг хос морьтой болно. Уул уурхайн салбар хүрээлэн буй орчлонд сөрөг нөлөөтэй, мал аж ахуйтай зэрэгцэн орших боломж муутай. Харин сэргээгдэх эрчим хүч нүүдлийн мал аж ахуй, соёл, технологийн үйлдвэртэй зэрэгцэн орших боломжит салбар юм” гэлээ.