Ардын намын 64 улстөрчөөр үнэмлэхүй олонхи бүрдүүлсэн энэ удаагийн УИХ бүрэн эрхийн хугацааныхаа талд орлоо. Тодруулбал, М.Энхболдын танхим өнөөдөр гурав дахь намрын чуулганыхаа нээлтийг хийх гэж байна. Чуулганы нээлт өглөө 10.00 цагт эхэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар нээлтэд оролцоно гэх мэдээлэл байгаа бөгөөд Ерөнхий сайд үг хэлэх аж. Бүтэн зуны турш ээлжит бус чуулган зарлахгүй “гүрийж”, ирцэнд буруу өгч явсаар энэ хүрсэн М.Энхболд даргыг намрын чуулганы үеэр ямар гэнэтийн бэлэг хүлээж буйг таашгүй.
Тэр бүрэн эрхээсээ огцрох уу гэсэн сонирхолтой асуулт ч хүлээж байгаа. Гурав дахь намрын чуулганы нээлт Хэнтий аймгийн нэг гишүүний суудал эзгүй эхэлж байгаа юм. 2019 онд МАН-ынхан олон зүйлийг бүтээн байгуулсан гэж харагдах ёстой. Мөн тойрогтоо ахиухан мөнгө авахгүй бол 2020 онд сонгууль болно.Тиймээс сонгуулийн өмнөх жил буюу 2019 онд мэддэг бүх арга чарга, мэхээ хийж тойргоо тойглох нь дамжиггүй юм. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд бичигдсэн 2019 оны төсвийн төсөл анхаарал татах сэдэв болсон учраас Сангийн сайдыг “тойглох” ажилд УИХ-ын гишүүд хэдийнэ оржээ. Үндсэндээ УИХ-ын даргын суудал ганхаж, нөгөө талд Сангийн сайд “хаданд гарах” өдрүүд айсуй.
1.9 их наядын алдагдалтай төсөв хэлэлцэнэ
УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 21-нд намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар жагсаалт гаргав. Нийт 24 хуулийг нэн тэргүүнд хэлэлцэх жагсаалтад оруулсан бөгөөд нэгдүгээрт ирэх оны төсөв болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын төсөв багтжээ. Мөн өнгөрөгч мягмар гарагт Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг хэлэлцэх аж. Хэлэлцэх хуулийн жагсаалтыг харвал он дамжин яригдсан бүх л чухал хуулиудыг хэлэлцэхээр багтаачихаж. Үүнээс гадна хоёр ч парламент дамжиж яригдаж буй Үндсэн хуулийн өөрчлөлт жагсаалтын 12-т эрэмбэлэгдсэн бол араас нь Сонгуулийн тухай хуулийг задалж хэлэлцэхээр оруулж ирлээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Аймаг, нийслэл, орон нутгийн сонгуулийн хуулийг тус бүр хэлэлцэхээр жагсаажээ. Намрын чуулганаас хүлээж буй нэг том хууль нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд ээлтэй олон зүйл заалтыг багтаасан гэх хуулийг хэлэлцэх асуудлын тавдугаарт бичсэн бол үргэлжлүүлэн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслүүд тус тус багтсан байна. 2019 он гараад МАН-ын амласан олон зүйл хэрэгжих учиртай. Тэд мөрийн хөтөлбөрөө ямар ч хамаагүй үнээр хэрэгжүүлж эхлэхээс өөр аргагүй. Учир нь МАН засаглаж чадах уу, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чаддаг нам мөн үү гэдгийг шалгах сүүлийн жил бол 2019 он. Тэр ч утгаараа ирэх оны төсөвт илүү мөрөөдлийн амлалтууд багтсан нь эхнээсээ ил болж буй. 1.9 их наядын алдагдалтай төсөв өргөн барьсан атлаа Сангийн сайд багш, эмч нарын цалинг нэмнэ гэж амлачихсан. Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой. “Эрдэнэс Тавантолгой” IPO гаргаж, иргэдийн хувьцааг амьтай болгоно, МСҮТ-д суралцагчдад тэтгэмж олгоно, инфляцийг нэг оронтой тоонд барина гэх мэтээр олон ч мөнгөний амлалт, халамжийн бодлого багтсан “мөрөөдлийн” төсвийг хэлэлцүүлэх бололтой. Нөгөөтэйгүүр, гадны банк, санхүүгийн байгууллагыг оруулж ирэх зорилготой хэмээн хардуулж байсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэлэлцэх асуудлын дээгүүрт эрэмбэлэгджээ. Газрыг барьцаанд тавьж гадны банкнаас зээл авах, хөрөнгө оруулалт авах нэрээр Монгол Улсын газар нутгийг гадаадын банкинд тушаах нь хэмээн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эсэргүүцлээр буцаж байсан хууль өнгө зүсээ багахан өөрчлөөд орж ирэв. Өнгөрөгч парламентын үед хэлэлцэх асуудлын жагсаалтад нэлээд дээгүүр байсан Улс төрийн намуудын тухай хууль ч хэлэлцэх чухал хуулийн нэг болж байна. Мөн Ус бохирдуулсны төлбөр тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга иргэдийн хүлээлтэд байгаа бол монголчуудын халаасыг хоослох, хууль шүүхийн байгууллагын дураараа дургиж, бусдыг дарамтлах зэвсэг болон хувирсан Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль анхаарал татсан хуулийн төсөл болов.
Дэд сайд нарыг цомхотгох уу
2019 оны төсвийн төслийг ярьж эхлэх үеэр үрэлгэн зардлыг танах улс төр эхлэх нь тодорхой. УИХ дахь АН-ын бүлгээс 2019 оны төсөвт чамгүй анхаарал хандуулна гэдгээ мэдэгджээ. Тэр ч утгаараа төсөв тэмцэл, зөрчил, хэрүүл маргаан дунд батлагдана. 2018 оны төсвийг хэлэлцэж байсан шиг хоёр талд таг гацааж суучихаад, эцэст нь 10 хүрэхгүй хоногт хэлэлцэж батлах вий гэсэн айдас байгааг нуух юун. Ирэх онд МАН хэрвээ иргэдийн итгэлийг хүлээх, тэдний өмнө амлалтаа биелүүлэхийг хүсч байгаа бол намрын улс төрийг дэд сайд нарын цомхотголоор эхлүүлэхээс өөр аргагүй. Засгийн газрын түвшинд энэ асуудал яригдсан бөгөөд үрэлгэн зардлаа танах шоу намын рейтинг өсгөх ганц боломж хэмээн дүгнэх хүн цөөнгүй байгаа аж. Жилийн жилд сандал суудлын томилгоо хийгддэг зарчим ч энэ удаагийн чуулганыг тойрохгүй. У.Хүрэлсүхийн танхимаас хэд хэдэн сайд нарын суудал ганхаж эхэлсэн. Нөгөөтэйгүүр, Хэнтийн нөхөн сонгуулийн маргаан хэрүүл үүсгэх сэдэв болно. Үндсэн хуулиа илт зөрчсөн УИХ-ын даргын суудал ганхах уу, эсвэл улс төрийн том шийдвэр гаргаж чадахгүй байгаа У.Хүрэлсүх танхимтайгаа огцрох уу гэдэг нь чуулган дуусахаас өмнө шийдэгдэх асуудал болоод байгаа юм. Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах улс төр хийнэ гэдгээ мэдэгдчихсэн. Энэ тохиолдолд МАН-ын 32, 32-ын бүлгийн тэмцэл ч чинээндээ тулчихаад буйг нуух юун. Нөгөөтэйгүүр, парламентад суудалгүй улс төрийн намуудын тэмцэл идэвхжиж эхэлсэн бөгөөд УИХ-ыг тараах тэмцэл шат шатанд эхлүүлнэ гэдгийг зарим намын удирдлагууд мэдэгдлээ. Намрын чуулган нээлтээ хийсэн даруйдаа Зам тээврийн сайдын томилгоог мөн хийх билээ.
Чуулганы онцлох сэдэв
Гурав дахь намрын чуулганы онцлох сэдэв юу байх нь олон хүнд сонирхолтой байгаа. Хэлэлцэх асуудлын жагсаалтад орж ирээгүй атлаа хамгийн их хардлага, хэрүүл тэмцэл дунд хэлэлцдэг асуудал УИХ-д олон бий. Тэгвэл намрын чуулганаар хэлэлцэх гурван ч асуудал яг л энэ зарчмаар урагшлах нь тодорхой. Нэгдүгээрт, Оюутолгой компанид шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ сонсоно. Монгол Улсад татвар төлөхөөс зайлхийж, Дубайн гэрээний улмаас хоёр ч Ерөнхий сайдыг өргөст торны цаана суулгаад амжсан том төслийн шалгалтын хариу, эцсийн дүн мэдээ яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Я.Санжмятавын ахалсан “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадны банкинд барьцаанд тавьсан асуудлыг УИХ хэлэлцэнэ. Гурван удаагийн шүүхэд ялагдал хүлээж, хөрөнгөө битүүмжлүүлж, дансаа хаалгах хэмжээнд хүрээд буй асуудлыг Парламент дотроо нуулгүй ярилцах нөхцөл байдал бий болоод байна. “Эрдэнэт”-ийн өрийг хэн төлөх төлөхгүй, хариуцлага хүлээх хүн нь хэн байх талаар МАН дотроо, АН-аас ч багагүй асуудал үүсгэх нь мэдээж. Мөн хувийн хэвшлийн 49 хувийг хууль бусаар булааж авсан гэх Засгийн газрын ялагдал чуулганаар яригдах нь нэгэнт тодорхой болов. 49 хувийн маргаанаар Улсын дээд шүүх шийдвэрээ эцэслэн гаргачихлаа. Харин МАН-ын Засгийн газар зүгээр өгөөд явуулах уу, эсвэл дахиад хууль бус ямар нэг шийдвэр гаргах уу гэдэг нь мөн л онцлох сэдэв байх билээ. Үүнээс гадна Л.Оюун-Эрдэнэ гишүүний санаачилсан “60 тэрбум”-ын нээлттэй сонсгол, УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас хүргүүлсэн хүүхэд хамгааллын төсвийг хэнд, хаана, хэрхэн зарцуулсан тухай нээлттэй сонсгол, Хэнтийн нөхөн сонгуулийг хойшлуулсан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт ч хоёр нам, цаашлаад нэг намын хоёр бүлгийг талцуулах сэдэв болж байна.