ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Яг адилхан хичээн ажиллаж, амьдарч буй хүн бүхний үүрэг оролцоо нь гайхмаар...

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 өдрийн өмнө

Ази тивээсээ халиад дэлхий дахиныг к-поп соёлоороо байлдан дагуулж буй БНСУ-ыг арван жилийн дараа зориод ирэв. Тус улсын үндэсний агаарын тээвэрлэгч “Кориан эйр” компаний мөнгөн цагаан хөлөг товлосон цагтаа Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрч тогтсон хуваарийн дагуу Инчоны хоёрдугаар терминалд газардав.

Арван жилийн өмнөхөөс тэс өөр хөгжил дэвшил биднийг угтан авах ажээ. Монгол Улсын үндэсний агаарын тээврийн МИАТ компаниа бус тус улсын агаарын тээвэрлэгчийг сонгосон шалтгаан маань “Хил гаалийн шалгалт ихтэй, хилээс буцах нь их байгаа. Хууль бусаар ажиллаж амьдарч буй цагаачидтай тэмцэхээр баривчилгаа эхлүүлсэн” гэх шалтгаан. Бат нот зүйл биш ч гэлээ өөрийнх нь улсын агаарын тээвэрлэгчийг сонгосон үйлчлүүлэгчдэд тийм ч хатуу хяналт шалгалт тавьдаггүй хэмээн бодож, арван жилийн дараа анх удаа хилээр нь орж буй учраас сонгосон ухаантай.

Хүний нутагт ажиллаж амьдарч буй найз нөхөд, ахан дүүстээ авсан атга чихрээ хэн л дэлгэж шалгуулж, түмэн асуултаар булуулж зогсохыг хүсэх билээ дээ. Нээрээ ч биднийг хил гааль дээр хянаж шалгаж сүйд болсонгүй. Байцаалт асуулга ч байхгүйгээр маш хурдан хилээрээ нэвтрүүлчихэв. Ер нь ямар агаарын тээвэрлэгч вэ гэдгээс бус ямар хувцастай, ямар ачаатай, хаана очих, хаагуур аялах вэ гэсэн маршрутаа асуудалгүй цэгцлээд, онцолж шалгууллаа гэхэд солонгос хэл мэддэг хүнтэй хурдан холбогдож хил гаалийн мэдүүлгээ үнэн зөв бөглөчихсөн байхад шалгалт шүүлэг асуудал болоод байхгүй юм билээ. Бидний авч явсан ачаанд ч анхаарал татах зүйл байгаагүй учраас асууж байцааж сүйд болоогүй хэрэг биз.

Бидний аялал эхний өдрөө Сөүл хотод хонохгүйгээр шууд Солонгос улсын хойд зүгт орших 43 мянган хүн амтай Пёнчан хотыг зорих байсан учраас хил гаалийн очер дараалалд зогссоор нэлээд оройтон экспресс метрогоор “Seoul Station” руу хөдлөв. БНСУ-д хамгийн төгс хөгжсөн зүйл нь метро. Жил бүхэн нэг шугам шинээр нэмсээр өдгөө есөн метроны шугамтай болсон бөгөөд газрын зургийг нь гар утсандаа татчихсан байхад төөрнө гэж бараг л байхгүй.

Нисэх буудалд байрлах “CU”-гаас метроны карт худалдан авч, карт цэнэглэх машинд хүссэн мөнгөн дүнгээрээ цэнэглээд л хүссэн газар руугаа зорчиж болно. Бас тэр картаараа автобусанд үйлчлүүлж, бүр хоол хүнс худалдан авсан ч болдог. Метроны буудал, гарцаа мэддэг болчихсон байхад та Сөүлд төөрнө гэж байхгүй юм билээ шүү. Хоёр цаг орчим метро дамжсаар хойд зүгийн хотуудын автобус тээврийн нэгдсэн төв болох Донсөүлд /Gangbyeon/-д ирсэн ч орон нутгийн сүүлийн автобус нь 19.20 цагт хөдөлсөн учраас өглөө эртлэн автобусанд суухаар шийдэн хоноглох газраа ирэв, бид.

Сөүлд ажлаар болон эмнэлгийн ажлаар очиж буй монголчуудын тухайд ихэвчлэн богино хугацаанд байрлах учраас зочид буудал хөлслөх нь элбэг. Бид ч эмнэлгийн ажилтай олон хонохгүй учраас илүү хямд мөн цэвэрхэн байр хайсаар “Монгол таун”-ы ойролцоо өрөө хөлсөлдөг бүсгүйтэй холбогдон хоногийн 50 мянган воноор жижиг өрөө хөлслөхөөр тохиров.

Хоёр хүнд товхийсэн тохижилттой, хамгийн гол нь цэвэрхэн, өрөөндөө өөрсдөө хоолоо хийгээд идчих боломжтой учраас таалагдсан хэрэг л дээ. Өөрийн амьдарч буй байрныхаа хажуу өрөөг ч хөлслүүлдэг хүмүүс олон байдаг учраас буудалд байрлаж гадуур хооллох гэхээс илүү хүссэн хоолоо өөрөө хийгээд идчих, хүссэн цагтаа унтчих жижиг өрөө түрээслэх нь илүү хялбар юм шиг санагдсаныг нуух юун. Тэнд хууль ёсоор ажиллаж амьдарч буй монголчууд богино болон урт хугацаанд өрөө түрээслэх бизнес хийдэг бөгөөд мкв, өрөөний зохион байгуулалт зэргээс шалтгаалан 60-120 мянган воноор түрээслэх үйлчилгээ үзүүлдэг аж. Ийнхүү хоноглох газраа ирээд маргааш нь 2018 онд өвлийн олимп зохион байгуулагдсан Пёнчан хот руу хөдлөв.

Ер бусын амар амгаланг мэдрүүлэх Пёнчан хот

Сөүл хотоос гурван цаг гаруй давхиад очдог Пёнчан хот ер бусын үзэсгэлэнтэй, гайхамшигтай цаг агаартай тайван амгалан хот ажээ. Их хотын чимээ анираас түр ч болтугай холдохыг хүссэн хүмүүс амралтын өдрөөр зорин ирж, тоо томшгүй олон гайхалтай ур хийц загвар бүхий барилгатай ресортуудад амраад буцна. Намар, хаврын цагт тайван амгалан байдаг тус хот зун, өвөл хоёрт жуулчдын хөлд дарагддаг аж. Тэр тусмаа Солонгосын өвлийг харах, малгайлан орох цасан дунд цана чаргаар гулгахыг хүссэн гадна, дотны жуулчид хөл тавих зайгүй болтол тэр жижигхэн хотыг бүчдэг ажээ.

Өвлийн олимп болсон гэдэг утгаараа өвлийн спортын цана, чарганы зам, бэлтгэлийн бааз байрлана. Тийм учраас олимпын тамирчид нь өвөлдөө бэлтгэлд гарахаар зорин ирдэг гэнэ лээ. Дагаад зочид буудал, амралтын газруудын ачаалал ч эрс ихэсдэг. Тэнд мөн л олон монголчууд ажиллаж амьдарна. Зочид буудлуудад цэвэрлэгээний ажил хийхээс гадна нүүлгэлт, барилга гэх мэт ажилд манлайлан ажиллаж байгаа нь бахархалтай хэдий ч бас гунигтай. Салбар бүртээ манлайлж сайн цалин аваад эх орондоо ажиллах учиртай олон, олон шилдэг боловсон хүчнээ бид арчаагүй төрийн гайгаар гадаадад ажиллах хүч болгон алдаад дуусаж буй нь гунигтай биш гэж үү.

Монгол хүн ажилдаа хичээнгүй, хариуцаж авсан ажилдаа үнэнч, манлайлагч, юмыг амархан сурдаг гэх мэтээр тэдний тухай магтаал олон ч мөнөөх л нэгнээ матдаг, муудалцдаг, дэмжээд туслаад аваад ирэхээр итгэл даадаггүй, эргээд муухай монгол зангаа харуулдаг гэх мэт саар зүйл ч олон дуулдана.

Сүүлийн жилүүдэд ОХУ-д дайн гарсантай холбогдуулан оросууд болон казах, буриад зэрэг “стан” орны залуус БНСУ-д ажиллах нь ихэссэн бөгөөд монголчуудын хамгийн их ажилладаг зочид буудал, барилга, нүүлгэлтэд “стан” орны залуус зах зээл “булаалдах” болсон учраас илүү хичээх, нэр хүндээ хамгаалж үлдэх сонголт ч тэдэнд тулгарч буй юм билээ. Хүний газар хайртай бүхнээсээ хол ажиллаж буй олон монголчуудын цөөнгүй төлөөлөлтэй уулзаж явсан энэ богинохон хугацаанд монголчууд салбар бүрт манлайлагч байж чаддаг асар авьяастай хүмүүс юм гэдгийг ойлгож бахархах сэтгэл эрхгүй төрж байв.

Жижигхэн, нам гүмхэн атлаа жигтэйхэн үзэсгэлэнтэй энэ газар ресорт, зочид буудлуудынхаа ойролцоо хиймэл нуур үүсгэж, тэг дундуураа хиймлээр үүсгэсэн голыг урсгажээ.

Өглөө, оройдоо тэндээ цуглацгаан гүйж, дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарцгаана. Хаашаа л харна битүү ой мод учраас агаар нь ч цэлмэг цэнгэг, харьцангуй хүйтэн цаг агаартай юм билээ. Өвлийн улиралд том ширхэгтэй цас малгайлан орж яг л үлгэрийн орон шиг болдог учраас солонгосчуудын зорин ирдэг газрын нэг болжээ. Бид тэнд хоёр хоног амраад эмнэлгийн ажлаа хөөцөлдөхөөр Сөүл хот руу буцлаа.

Вонжинд л гоо сайхнаа даатга

Цаг агаарын эрс тэрс уур амьсгал, байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцлөөс үүдэн монголчуудын дунд хөгшрөлт эрчимтэй явагдаж арьсны гэмтэл олон болсон. Үрчлээ, зовхины унжилт, хацрын гууны арьс унжих гэх мэтээр тоочоод байвал дуусахгүй олон асуудал бий.

Цаашлаад эрчүүдийн дунд хамрын гэмтэл, эмэгтэйчүүдийн хөхний унжилт, таргалалт гээд гоо сайхны олон асуудлыг цогцоор шийдэж байдаг “Вонжин” гоо сайхны эмнэлэг найз бид хоёрын БНСУ-ыг зорьсон хоёр том шалтгааны нэг байсан юм. Монголын хэрэглэгчдийн дунд хэдийнэ танил болж, найрсаг, найдвартай үйлчилгээгээр танигдсан тус эмнэлэг метроны хоёрдугаар шугамаар явсаар “Ганнам”-д буугаад аравдугаар гарцаар гарахад байрлана. “Pagoda tower” гэсэн 18 давхар өндөр барилгын 12-18 давхарт байрлах тус эмнэлэг олон үндэстэн хөлхсөн их хөлийн газар аж.

Австрали, Орос, Монгол гээд олон үндэстний охид, залуус тус эмнэлгийг зорин ирж үйлчлүүлнэ. Ганнамын метроны буудлаар дүүрэн л хамар, ам, нүд уруулаа засуулсан хөвөн чихсэн, марлаар толгойгоо ороосон залуус хөлхөлдөнө. Тэглээ гээд сониучирхаж, сонжиж харах хүн ч алга. Угаас гоо сайхны эмчилгээ, үйлчилгээ энэ улсад тултал хөгжсөн учраас хэн уруулаа засуулж, давхраа хийлгэж, хамраа өргүүлэх нь огтоосоо ч хамаагүй. Харин ч гоё сайхан харагдахад зориулж залуу, хөгшин гэхгүй мөнгөө хадгалдаг болжээ.

60 настай хүн ч нүдний зовхио өргүүлэх мэс засалд орчихоод сэмбийгээд гараад явж байгаа дүр зураг олонтай харагдана. Биднийг эмнэлгийн үүдээр ороход тус эмнэлгийн Олон улсын үйлчлүүлэгч хариуцсан маркетингийн албаны ахлах ажилтан н.Батчимэг гэх яриа хөөрөөтэй, царайлаг, хөгжилтэй бүсгүй угтан авав. Гоо сайхны эмнэлгээ нэгбүрчлэн танилцуулж, үзүүлж буй үйлчилгээ бүрийгээ хичээнгүйлэн маш ойлгомжтой танилцуулсны дараа сэтгүүлч Г.Тэгшжаргал найз маань нүдний эргэн тойрондох үрчлээгээ тэнийлгэх үйлчилгээ авахаар ярилцав.

Миний хувьд ч гоо сайхны зөвлөгөө, заавар авахаас гадна тус эмнэлгээс цоо шинээр гаргаж буй гоо сайхны бүтээгдэхүүнтэй танилцаж, мэдээлэл авлаа. "Вонжин" гоо сайхны эмнэлэг нь 25 жилийн түүхтэй, гоо сайхны хагалгааны салбартаа улсдаа тэргүүлэгч эмнэлгүүдийн нэг. Тэр тусмаа хөхний мэс заслаар анх танигдсан бөгөөд ах, дүү хоёр мэс засалчийн нэр хүнд дээр дөрөөлөн энэ салбарт байр сууриа баттай олж чадсан түүхтэй. БНСУ-д хэн дуртай нь эмч болдоггүй. Тэр тусмаа мэс заслын эмч болно гэдэг асар өндөр даваа, хариуцлага.

Хамгийн шилдэг, ур чадвартай нь энэ салбарт цойлдог учраас ах, дүү хоёрын нэр хүнд гоо сайхны салбартаа өндөрт явдаг гэнэ. Хамар, нүд, эрүү, хөх, өөх соруулах зэрэг олон төрлийн гоо сайхны хагалгаанаас гадна дархлаа дэмжих, нөхөн сэргээх эмчилгээг төгс утгаар үзүүлдэг гэдгээрээ "Вонжин" бусад эмнэлгээс онцлогтой. Хагалгааны дараах халамжлах үйлчилгээг маш сайн өгдөг, харилцагчтайгаа эргэх холбоотой ажиллаж чаддаг учраас тэд үнэ цэнээ алдахгүй, үнэнч үйлчлүүлэгч нартай болсон хэрэг л дээ. Гоо сайхны эмнэлгийн үйлчилгээ сонирхож буй хэн бүхэн “Вонжин гоо сайхны эмнэлэг” гэсэн монгол хаягаар холбогдвол нэгбүрчлэн зөвлөгөө заавар өгч, таны хүссэн үйлчилгээ, эмчилгээний талаар мэргэжлийн эмчээсээ заавар зөвлөгөө авч шуурхай хариу өгдөг юм билээ.

Үнэ ханшийн хувьд ч боломжийн гэдгээс гадна үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, аюулгүй байдал тэдэнд юу, юунаас чухал. Хэн дуртай нь энэ салбарт ажиллаж чадахгүй учраас олж авсан үнэ цэн, нэр хүндээ хамгаалах үүднээс хэрэглэгч нэг бүртэй уулзаж эрсдэл, асуудлыг нь танилцуулахаас гадна давуу болон сул талыг нь ч нэгбүрчлэн хэлж өгдөг. Мөнгө л олж байвал гэсэн сэтгэлээр ажиллаад байвал нэр хүндээс гадна үйлчлүүлэгчээ ч алдах учраас гоо сайхны салбарт тэргүүнд нь байхын төлөө тэд "хариуцлага бас дахин хариуцлага", "харилцаа бас дахин харилцаа" гэсэн алтан зарчим дээр үйлчилгээ үзүүлж буй нь таалагдлаа. Эмчийн үзлэг зөвлөгөө, хагалгааны дараах халамж үйлчилгээг ч тултал үзүүлдэг тус эмнэлгээр зорин ирж үйлчлүүлдэг монголчуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг ч дуулгана билээ, тэд. Тэр тусмаа олон улсын асуудал хариуцсан албыг монгол бүсгүй хариуцан нэр төртэй ажиллаж буйг хараад бахархах сэтгэл төрж байв. Монголчууд хаана ч ямар ч салбарт итгэл хүлээж, эрч хүч дүүрэн ажиллаж чаддаг гэдгийг тэндээс үйлчилгээ авсан өдрүүдэд илүү сайн ойлгоод гарлаа.

"Янгжи" монголчуудын үйлчлүүлэх дуртай эмнэлгийн нэг болжээ

Метроны хоёрдугаар шугамын “Sillim” буудалд буугаад нэгдүгээр гарцаар гарахад байрлах  “Эйч Плас Янгжи эмнэлэг” нь монголчуудын үйлчлүүлэх дуртай эмнэлгийн нэг болжээ. БНСУ-д эрүүл мэндийн үзлэг оношилгоо авахыг хүссэн бол нэн тэргүүнд таних нэгнээрээ дамжуулан үнэ ханш боломжийн өртөг зардал багатай очих эмнэлгийг сонгох нь зөв санагдсан шүү.

Сөүлээс 1-2 цаг явж очдог эмнэлэг олон байсан ч бидний хувьд метрогоор 30 минут давхиад очих боломжтой "Янгжи" эмнэлгийг сонгосон нь буруу сонголт байсангүй. Тус эмнэлэгт 10 орчим жил орчуулагчаар ажиллаж, ажлаа бүрэн дүүрэн мэддэг болсон Ч.Очирлхамын орчуулга, тайлбар, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж буй хандлага туйлаас таалагдсан. Мөн үнэ ханшийг нь ч монголчуудадаа сэтгэл дэвсэн ярьж хэлэлцээд өгдөг учраас тун амар байв. БНСУ-д багц эрүүл мэндийн үзлэгт орохыг хүсэж байгаа бол хэт үнэтэй авах нь дэмий санагдсан.

Тухайлбал, хамгийн хямд үйлчилгээ нь 330 мянган воноос эхлээд нэг сая хүртэл үнэтэй. Монголчуудын дунд түгээмэл байдаг хавдрын бүх үзлэг оношилгоо орсон багц буюу умайн хүзүү, хөх, эрчүүдийн түрүү булчирхай, ходоод, элэгний бүх үзлэг шинжилгээ орсон бүтэн биеийн багц нь 550 мянган вон. Тэрхүү үзлэгээс хэрвээ ямар нэг асуудал гарвал цаашаа нарийн шинжилгээ өгөөд явах нь санхүүд ч хэмнэлттэй.

Өөрөөр хэлбэл, хөхний асуудал үүсвэл нарийн мэргэжлийн эмнэлэг рүүгээ явах, эсвэл тэндээ төлбөрөө нэмж төлөөд үзүүлэх зэргээр сонголт олон, хоёрдугаарт хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг бүх эмнэлэгт ашигладаг учраас ам дамжсан сайн, муу гэх үгнээс илүү орчуулагч болон эмнэлгийн үйлчилгээ, хурдан шуурхай байдалд илүү сэтгэл ханамж авдаг гэдгийг ойлгож авлаа.

"Янгжи" эмнэлгийн тухайд олон улсын үйлчилгээндээ тун их анхаарал хандуулдаг бөгөөд орчуулагч нараа сонгохдоо ч мэргэжлийн хүмүүс авдаг, эмнэлгийн орчин, үйлчилгээ нь тун дажгүй санагдав. Биднийг тус эмнэлгээр үйлчлүүлж байх хугацаанд Орос, Монгол олон зуун үйлчлүүлэгч цаг минут тутам үйлчилгээ авч байх бөгөөд тэр болгонд хүлээгдэл чирэгдэл огт байхгүйгээс гадна тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж ч маш сайн байсныг энд онцлох нь зүйн хэрэг. Уншигч та хэрвээ тус эмнэлгээс үйлчилгээ авахыг хүсэж байвал https://www.facebook.com/chuka.ogii гэсэн фэйсбүүк хаягаар холбогдон мэдээлэл авч болох юм билээ.

Хоол, К-поп соёлоороо гайхуулах Сөүлд юу үзэж болох вэ 

БНСУ-ыг богино хугацаанд зорин очиж буй хүмүүс юу үзэж харах вэ гэдгийг олонтай асууж буй нь харагддаг. Сөүлд үзэх зүйл гэхээс илүү далайн эрэг, Бусан, Пёнчан зэрэг хотууд руу явж юм үзэх нь илүү санагдав. Мэдээж Сөүлд таны үзэх зүйлийн нэгдүгээрт Ганнам дүүрэг орно. Солонгос улсын тухайд нэн тэргүүнд хоолны соёлоо асар өндөрт сурталчилдаг улс.

Тиймдээ ч хаа хамаагүй хоолны газар гэхээс илүү ямар үүх түүхтэй вэ гэдгийг нь илүүтэй харж сонголт хийдэг аж. Тухайлбал, бидний зорин очсон газрын нэг нь домогт "BTS" хамтлагийн залуусын орж хоол иддэг байсан газар. Гаднаа, дотроо ч зүгээр л нэг энгийн хуучны тавилгатай жижиг мах шардаг мухлаг харагдана. Гэсэн хэдий ч дотор нь ороод харвал хана, тааз, өрөө тасалгаа нь тэр чигээрээ "BTS"-чүүдийн сувинер, зурагт хуудсаар дүүрчээ. Дэлхийн өнцөг булан бүрээс тус мухлагийг зорин ирж хоол идэж, зургаа даруулдаг. Сайн чанарын гахайн махтай гэдгээрээ танигдсан хоолны газрын эмээг хамтлагийн залуус "эмээ" гэж дотночлон дууддаг байсан учраас эмээ ч тэр хэрээр од болж, сонин хэвлэлд ч олон гарчээ.

Тиймдээ ч эмээтэй хамт зураг даруулах гэсэн фэнүүдийн хөл тэр газрыг өдөржин үйлчлүүлэгчтэй байлгадаг гэнэ билээ. Солонгосчуудаас гадна Япон, Тайланд, цаашлаад Европын орнуудаас ч фэнүүд нь зорин ирдэг тус газраас ердөө 200 метр яваад "BTS"-чүүдийн гуравдахь цомгоо бичүүлж байсан студи байрлах бөгөөд тойроод битүү фэнүүдийнх нь гарын үсэг зурагдсан байх ажээ.

Энэ мэтээр Ганнам дүүрэгт олон содон сонин зүйлсийг үзэж болно. Энгийн нэг брэндийн дэлгүүр атлаа дотор нь ороход урлагийн этгээд сонин, шинэлэг ертөнц рүү орж ирэх мэт гайхалтай орчин таныг угтана.

Шинэ содон гэх зүйлгүй атлаа үнэртэн, нүдний шил хоёроор танигдсан дэлгүүрийн орчин ч таныг өөр орчинд аваачих нь гайхалтай. Ганнам дүүргийг тэр чигээр нь шилний араас тольдон суух тансаг орчинтой кофе шоп, хоолны соёл, гадна орчны тохижилтоороо таныг гайхшруулах зоогийн газар гээд Ганнамд бүтэн өдөржин яваад ч үзэж харах зүйл дуусахгүй.

Мэдээж Намсан цамхаг, Лотте Таур, Лотте Ворлд, Алдарт Хан мөрөн, Гудамжны хоол, Дэлхийд гуравдугаарт ордог “StarFild”-ийн номын сан гээд олон зүйлийг та үзэж харж болно. Тэр тусмаа хоолны соёлын олон өвөрмөц дэг жаяг, уух соёлтой ч танилцахаас гадна гудамжны булан тохой бүрт байрлах өөр өөрийн түүх соёлыг өгүүлэх, өвөрмөц хэв маягаар ялгарах гудамж талбай, уушийн газар, бар ресторан нэг бүрийг үзэхийн тулд хамгийн багадаа л 14 хоногийн аялал төлөвлөх хэрэгтэй юм билээ.

Арван жилийн дараа тэд илүү хөдөлмөрч, илүү эх оронч болцгоожээ. К-поп соёлоороо хэдийнэ дэлхийг байлдан дагуулсан тус улс яг энэ соёл, уламжлал дээрээ тулгуурлан илүү хурдтайгаар хөгжсөөр байна. Ахмад, залуу, дунд үе гэхгүйгээр адил тэгшхэн ажиллаж хөдөлмөрлөж, би тэтгэвэрт гарчихлаа гэж ялархаж суухгүйгээр яг адилхан хөдөлмөрлөж, яг адилхан хичээн амьдарч буй хүн бүхний үүрэг оролцоо нь үнэхээр гайхмаар бас бахархмаар. Тэнд хөдлөхгүй л бол амьдрахгүй. Хүн бүхэн үүрэг оролцоотой, улс төрийн идэвхтэй, улс орныхоо хөгжлийн төлөө дуугардаг, бас оролцдог учраас тэд дэлхийн олон орноос ажиллах хүч татаж, тэр хэрээрээ ч өөрсдийн амбицийг зарлаж чадаж байна. Урлагаа, соёлоо экспортолж, хоолны соёл, гоо сайхан, эрүүл мэнд, энтэртайнмент гээд олон чиглэлд тэд дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэж буй хэрэг биз ээ.

Аян замын тэмдэглэлийнхээ төгсгөлд Сөүл хотод өнжсөн энэ өдрүүдэд бүх л зүйлээр тусалж дэмжиж, аялалын туршид сэтгэл дэвсэж байсан Чимгээ, Оогий, Өнөрөө, Энхүүш, Хадаа, Ану, Жалбаадаа туйлаас их баярлалаа. Хүний нутаг, гүний хошуунд монгол залуус ямархан эрмэг, зоримог, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээрээ хандан манлайлж ажилладаг вэ гэдгийг харуулж буй та нараараа эрхгүй бахархах сэтгэл төрснөө нуух юун. Монгол залуус дэлхийн хаана ч манлайлагч байдгийг харуулж нэртэй, төртэй хөдөлмөрлөж, эх орон элгэн садан, хайртай бүхнээсээ хол хэдий ч эрхэлсэн ажилдаа гялалзаж яваа шинэ цагийн залуус та нар минь нэг сайхан өдөр эх орондоо ирж илүү тодоор гялалзаарай. Тун удахгүй уулзахын ерөөл өргөе.