ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Батзандан: Монголын баялаг Б.Нямтайшир, Ж.Оджаргал хоёрын өмч биш

O.Admin
1 өдрийн өмнө

Стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувийг тогтоох асуудлаар Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилогдсон УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газраас намайг баялгийг ард түмэнд буцаан авчрах, стратегийн ордуудад нүүрлэсэн хулгай луйвар, лицензийн наймаа, бузар булайтай тэмц гэж томиллоо. Үндэсний баялгийн сангийн орлого бол ашигт малтмалын АМНАТ болон стратегийн ордуудын төрд ногдох хувийн ногдол ашгаас бүрдэх ёстой.

Миний бие ажил гардаж авсан бол тултал нь хийдэг. Өмнө нь “Эрдэнэт”-ийн 49 хувь хулгайд алдагдаж байхад би АН-аас ажлын хэсгийг ахалж байлаа. Тавантолгойг Хятадуудад өгөхийн эсрэг 40 гишүүнтэй хамт зүтгэж явсан. 2019 онд би баялгийг ард түмэнд өгөх ёстой гэж ард түмэнтэйгээ хамт жагссанаар Үндсэн хуульд өөрчлөлт орж байлаа. Тэгвэл өнөөдөр яг энэ ажлаа үргэлжлүүлэхээр энд ирээд сууж байна. Стратегийн нийт 55 орд байгаа. 2007 оны 27 дугаар тогтоолоор ордын жагсаалтыг баталсан. 18 жилээс хойш өнөөдөр энэ ордуудыг идэж ууж, хулгайлаад дуусаж байна.

Бороогийн алтны ордыг идэж уугаад дууслаа. Оюутолгойн ил олборлолтыг идэж уугаад дууссан. Далд уурхайн бүтээн байгуулалт нь 40 хувьдаа орчихлоо. 2040 онд бид ногдол ашгаа авах үед таван хувь руу орох нь ээ.

БЭТ гэдэг бол онцгой нөхцөл байдал үүссэн үед томилогддог албан тушаал. Улсын төсвөөр хайгуул хийсэн байсан стратегийн есөн ордыг хувьд шилжүүлсэн хүн бол 1997-2004 онд Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан. Албан тушаалаа ашиглаж бүгдийг нь энэ хүн олгосон. Сүхбаатар аймгийн “Цайрт менерал”-аас энэ хүн хувь эзэмшээд явж байгаа. Халзан бүрэгтэйг мөн энэ нөхөр олгосон. Одоо энэ хүн гурван том ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байгаа.

Улсын төсвөөр хайгуул хийсэн орд газарт хайгуулын лиценз давхардуулж олгохыг хориглодог ч энэ хүн хууль зөрчиж олгосон. Би Засгийн газарт хоёр болзол тавина. Монголын төр хулгайч нартаа хэлцэлд орох гэж байгаа бол хулгайг дэмжиж байна гэсэн үг. Авлигачидтай хэлцэлд орох гэж байгаа бол бүлэглэлтэй үгсэн хуйвалдсан гэсэн үг. Аль орд хуулийн дагуу очсон, аль нь хулгайн замаар очсон бэ гэдгийг хууль хяналт нь шалгаад надад мэдээлэл өгөх байх. Сүүлийн 30 жил Монгол Улс авлига, хулгайд суурилсан хаалттай уул уурхайн системээр явж ирлээ.

Гааль, татвар, хууль хяналтын байгууллагуудаас бүх дүгнэлтийг гаргуулна. Ховд аймагт байдаг Хөшөөтийн уурхайн орд газрыг хэдэн олигархи хувааж аваад 10 жижиг хэсэгт хуваачихсан. Нөөцийг нь дараад бүртгүүлчихсэн байх жишээний. Орд болгоны ард нэг сайд, гурван УИХ-ын гишүүн байгаа завхарлыг зогсооно оо. Баялгийн хулгайг зогсоож, ард түмэнд баялгийг өгөхгүй бол хувьсгал гаргана шүү гэж Ерөнхий сайд тов тодорхой мэдэгдлээ. Монголын ард түмэн 100 мянгуулаа цуглаж байгаад ордуудаа буцааж авна шүү.

Эрдэнэтийн хажууд байдаг үүсмэл ордын нэгийг ашиглаж байгаа П.Цагаан дарга хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тэр хүнийг би хурдан ирж хэлэлцээрээ хийгээрэй гэж хэлье. Зэс эрдэнийн хувь-ийн ард хоёр гишүүн бий. Харьцангуй эрүүл буюу 27 хувийг иргэд эзэмшдэг юм билээ. Гэхдээ ард нь байдаг гишүүн нь дүүгээ тавьчихсан. “Эрдмин” гэж компани бас бий. Мөн л сайд, дарга нарын хүмүүс ажиллуулдаг. Энэ гурван ордтой холбоотой хэлэлцээр удахгүй эхэлнэ. Хэрвээ хууль бусаар авсан байвал хүчингүй болго, лицензийг нь цуцал гэдэг асуудлыг би хөндөж тавина.

Гашуунсухайтын нүүрсний орд нэг жилийн дотор 2 их наядын орлого олжээ. Бидний хуримтлалын санд 470 тэрбум төгрөг байна. Гэтэл долоохон гэр бүл тэр мөнгийг олжээ. 30 жил бид доромжлууллаа.

“Нарийнсухайт”-ыг Б.Нямтайширт Уул уурхайн сайд асан Б.Жигжид өгсөн. Б.Нямтайшир харин 2005 онд гадаадын банкинд тавьж байгаад 500 сая ам.доллар аваад ажлаа эхэлсэн. Ард түмний баялгийг тэр хүн гадаадын банкинд барьцаалж байгаад баяжсан. Нэг стратегийн ордын 34-өөс дээш хувийг нэг этгээд буюу нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшихийг хориглоно гэсэн хуультай ч МАК-ийн эзэмшлийн ордууд Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн нарын нэр дээр байна. Стратегийн ордууд өв залгамжлагдахгүй ээ. Стратегийн ордууд бол ард түмний өмч юм аа.

Тавантолгой гэж бидний хамгийн том орд нь найман тэрбумыг нөөцтэй. Улсын төсвөөр нөөцийг тогтоочихсон. Гэтэл нэг гэр бүл Ухаа худаг, Баруун наран гээд хоёр ордыг нь эзэмшээд сууж байна. Нөгөө Д.Жаргалсайхан гэж нөхөр чинь олгочихсон. “Ухаа худаг”-ийн жилд олборлох хэмжээг 30 жилээр тооцвол 130 их наяд болж байгаа. Ганцхан орд л ийм их орлого өгч байна. Эзэмшлийнхээ асуудлыг Ж.Оджаргал гуай шийднэ ээ.

Хоёр хятад нөхөр ард нь байдаг юм билээ. “Энержи Ресурс” дээр бас Ж.Оджаргал. Монгол Улсын хуулийг уландаа гишгэж байгаа бол энэ компаний лицензийг цуцла. Дараа, дараагийн монгол компаниудад өг. Нүүрс ухаад хятадуудад зарчих мянга, мянган залуус бий. Хуулийн аргаар шийдэх гээд үзнэ. Гэхдээ хулгайн аргаар олсон мөнгөө хэвлэлд зарцуулж, бидний эсрэг ажиллах юм бол харин үзсэн шиг үзнэ ээ. Стратегийн ордуудыг жижиглээд, ордод оруулахгүйгээр хулгайгаар ухаж байна. Үе үеийн сайд, гишүүд 2007 оны тогтоолыг хэрэгжүүлэхгүй явснаас энэ бүхэн үүссэн. Ц.Туваан саыд өнөө маргаашгүй энэ асуудлыг оруулж ирэх байх.

Монголоос гарч байгаа баялгийг лабораторийн аргаар тэд хулгайлж байна. Хил гааль дээрээ хулгайллаа. Лабораторийн дүн шинжилгээгээ компаниуд өөрсдөө бичээд зэсийн агууламжаа бууруулчихдаг. Нүүрсээ муу гэж бичээд хил гараад өндөр үнээр зарчихдаг. Энэ талаар тагнуулын мэдээллүүд бидэнд ирж байгаа. УИХ, Засгийн газарт ашиг сонирхлын зөрчилтэй олон хулчгарууд байгааг бид харж байна. Энэ бүхнийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандана өө. Өнөөдөр би Д.Жаргалсайхан гэж нөхрийг шалгуулахаар хандаж байгаа.

Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Лу.Гантөмөр хоёр надтай уулзаж, уул уурхайн хууль бус хулгайтай тэмцээч, баялгийн сангаа баян болгохын төлөөх ажилд хамтраач гэж санал тавьсан. Тэр үүрэг даалгаврын дагуу би ажиллаж байна. Та чадах уу гэсэн би чадна гээд энэ ажлыг авсан. Хууль бусаар лиценз авсан бол буцааж аваад цаашаа хувийн хэвшилд өгнө. Хувийн менежментийг хийгээд явна. Монгол төрийн мөнгөөр хайгуул хийсэн ордууд Ж.Оджаргал, Б.Нямтайшир, Д.Жаргалсайхан нарын өмч биш. Төрийн эзэмшлийн хувиа тогтоогоод өөр олон компанид өгөөд явж болно. Төр дээрэмдэж авахгүй ээ” хэмээлээ.