ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг хуралдав

O.Admin
7 цагийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн А/16 дугаар тушаалаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Тус Ажлын хэсгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар ахалж байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийн хуралдаанаар гэрлэлттэй адилтгах харилцаа, гэрлэлтийн гэрээ, гэрлэлт цуцлах үндэслэл, хүйсийн өөрчлөлт, тээгч эх, гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлуулахад сэтгэл санааны нөхөн төлбөр гаргуулах зэрэг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн төслөөс ялгагдах онцлог, зохицуулалтын талаар хэлэлцэж, гишүүд санал бодлоо солилцлоо.

Хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.