УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийлээ.
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжи хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, стратеги хөгжлийн зорилтоо харилцан уялдуулж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж байгааг онцоллоо.
Тэрбээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна дижитал эдийн засаг, ногоон хөгжлийн чиглэлээр шинэ боломжуудыг эрэлхийлэхийг зорьж буй талаар тодотгов. Цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтаар хоёр орны улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн чиглэлээр харилцан санал солилцлоо.
Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд хоёр талын парламент хооронд уламжлалт, найрсаг сайхан харилцаатай төдийгүй харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг талууд онцлов.