Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа.
УИХ-ын гишүүн Бат.Батбаатар:
Эвслийн гэрээ гэж нэг зүйл яриад байх юм. Түүнийг нь ил болгомоор байх юм, Ерөнхий сайд аа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Эвслийн гэрээ нууц биш шүү дээ. Ил байгаа. Гишүүдэд хэвлээд өгөөрэй, Н.Учрал сайд аа. Германы эвслийн Засгийн газрын гэрээг бид авч нэлээд судалсан. Хамтын хариуцлага хүлээх, харилцан бие биедээ хяналт тавих гэх мэт давуу талыг нь авч чадсан.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Хөрөнгө хураах тухай хуулийг яагаад хэлэлцэхгүй байгаа юм. 34 хувиа авах асуудлыг яагаад хэлэлцэхгүй байгаа юм. Дуугарсан хүмүүсийг яагаад үүнтэй холбоод байгаа юм. Ухаа худагаа авах ёстой бол аваач ээ. Олон нийт таныг хүлээн зөвшөөрөхгүй байхад та яагаад итгэл хүлээлгээч гээд суугаад байгаа юм. Би итгэл хүлээлгэхгүй. Таны легитм чанар алдагдчихсан юм биш үү?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Надад нэг ч Төрийн сангийн зээл, төртэй холбоотой банк, төрийн зээл, төрөөс мөнгө аваагүй учраас орлогоо нотлоход асуудалгүй. Үүнийг бүгдээрээ хэвшүүлчихвэл зүгээр байгаа юм. Даваа гарагт манай намын бүлгийн хурал болсон Залуусын жагсаал бол шалтаг. Шалтгаан бол олон байсан. Нээлттэй ярихад бэлэн байна.
Огцрох амархан, амархан. Надад албан тушаалтайгаа зууралдах шаардлага алга. Цааш, цаашдын Засгийн газар харин ар араасаа огцрох улс төрийн нөхцөл байдал намайг суудлаа өгснөөр үүсэх учраас энд итгэл үзүүлэх тухай яриад сууж байна.
Хэн дуртай нь Ерөнхий сайдыг огцруулаад байвал гүйцэтгэх засаглалын хямрал үүснэ. Ингэснээр цааш, цаашдаа парламентын засаглалд эрсдэл учрах учраас хувь хүний улс төрөө хойш тавьсан. Би энэ суудалд дуртай, хайртайдаа зууралдаад байгаа юм биш. Засаглалын тогтвортой байдлын төлөө сууж байна.
Бодит байдал дээр Монголын нийгэм тогтвортой байдлыг хүсэж байгаа шүү. 60-аас дээш хувь нь хүсэж байгаа. Хөрөнгө оруулалтыг зогсоохгүй байх, мега төслүүдийг явуулах, том ажлууд гацаанд орох вий гэж эмээж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Тавдугаар сарын 21-нд хуулийн төсөл өргөн барьсан. Одоо хэлэлцэнэ. Таныг орж ирэхээс өмнө Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой гээд кноп дарж, дэмжчихээд сууж байна.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Энэ засгийн асуудал байгалийн баялгаас хэт хамааралтай улсуудад тулгардаг баялгийн шударга тэгш хуваарилалтын асуудлаас л эхтэй. Баялгийн хуулиа арайхийж батлуулаад сандаа баялгийг төвлөрүүлэх тухай хэлцэл хийгдээд явж байгаа. Нэг ч хэлэлцүүлэг бүтээгүй байхад л Ерөнхий сайд аа, засаг төрөө огцруулах гэж байна.
Шинэ Гвиней, бусад баялагтай жижиг улсуудад ч баялгийн сангийн хуулиа батлуулчихаад Засгийн газар нь огцорч байсан. Өнөөдөр Монгол Улсад яг ийм байдал үүсээд байна. "Баялагийн сан" дээр очоод гацдаг. Иргэдийг төөрөгдүүлэх пиарыг хангалттай явууллаа. Ийм юманд иргэд автахгүй байх нь чухал.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Бодлогын ямар асуудлыг энэ төсөлдөө та оруулж ирэв ээ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Өнөөдөр гарах шийдвэрийн үр дүнг би бүтнээр харж чадахгүй байна. Хамтарсан Засгийн газар байхгүйгээр дангаараа явах нь геополитикийн хувьд эрсдэл учруулна. Бид дангаар яваад үр дүнд хүрэхгүй. Надад энэ ажлыг өгөх нь 1080-дах асуудал. Хамтрахгүйгээр цаашаа яваад ямар эрсдэл рүү явах вэ гэдгийг л би энд яриад сууж байгаа нь бодлогын асуудал гэж харж байгаа.
Зөндөө л 1.5 жилийн настай Засгийн газар үзлээ шүү дээ. Хяналт тэнцэл алдагдлаа, стандарт бус Засгийн газар гэсэн шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ улсын Ерөнхий сайдын хувьд хамтраад аж ахуйн асуудлаа шийдэх нь улс орны хувь заяанд хэрэгтэй гэж бодсон. Түүнээсээ болоод улс төрийн блок тавиулаад сууж байна. Гэхдээ эцсийн үр дүнд улс орны төлөө байсан юм шүү.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
Үндсэн хуулийн заалтаа анх удаа хэрэгжүүлж байгааг хэд, хэдэн гишүүд хөндлөө. Өнгөрсөн амралтын өдөр их зүйл өрнөсөн бололтой. Тэгсэн санал хураалтыг далд явуулаач гэж манай намын гишүүд яриад явж байна. Тэр дундаа сайд нар ийм асуудлыг ярьж ордны хуйвалдаан хийх гэж байна. Ингэж болохгүй ээ.
Далд яриан дунд сандал суудлын хэрүүл л болдог. Би сайд болно, чи сайд бол гэдэг маргаан л явдаг шүү дээ. Тиймээс сонгодог парламентыг төгөлдөршүүлэхийн тулд зөв замаар явах нь бидний хариуцлага шүү. Намын Бага хурал дээр “Ерөнхий сайдаа танд хань болохгүй байгаа сайд нарыгаа болиоч. Өргөдлөө өгөөд ажлаа өгөөд явах ёстой биз дээ" гэж манай намын нэг гишүүн хэлсэн. Би тэр үгийг хэлмээр байна. Өөрийнх нь танхимд ажиллаж байгаа мөртлөө далд санал хураагаад яв гэж гүйж яваа сайдыгаа явуулаарай.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-МАН-ын асуудалд АН ямар ч буруугүй шүү. Манай сайд нар маш сайн ажилласан. Яагаад гаргах болсныг би ойлгохгүй байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Том төслүүдийг арай хурдан явуулсан нь Засгийн газрын алдаа. Том төслөө явуулчихсан юм бол АН-д Засгийн газрын хэрэг байна уу гэж шахсан. АН-ын сайд нар маш сайн ажилласан шүү, Б.Пүрэвдорж гишүүн ээ. Тийм учраас би хамтарлын төлөө явсан. Зүгээр орлого нотлох байсан бол би залуус дээр очоод уулзчих байсан.
Гэтэл дараагийн сандал суудал, томилгооны асуудал болж хувирсан. Хамтарсан Засгийн газрын гэрээнд улс орны эрх ашгийг нэгт, хоёрт намынх, гуравдугаарт хувийн эрх ашиг шүү гэж гэрээндээ зориуд оруулсан. Ордонд би хүч алдаж байгаагаа ойлгож байна. Бие, биенээ хараад худлаа яриад байх юм. Дараагийн Засгийн газарт орж ирэх сайд нарыг хараарай. Ямар жижиг эрх ашгаас болж ямар том хөгжлийн боломжоо устгаж албан тушаал авсныг нь хараад, нүдлээд аваарай. Бодит бүх үнэнээ ярьцгаая. Бодит үнэнгээ ярь л даа. Уулзчихаад өөр зүйл яриад, энд суугаад өөр юм яриад байх юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
Битгий айдсаар санал өгөөрэй. Итгэл үнэмшлээрээ саналаа өг. Гишүүд битгий ай. Ерөнхий сайд том зүйлийн төлөө, том тогтолцоо системийн төлөө албан тушаалтайгаа зууралдаж байна гэж ярилаа. Парламентын дархлааны төлөө явах ёстой шүү. Түүнээс биш сайдын суудалтайгаа зууралдаагүй юм байна гэдгийг хариултаас нь ойлголоо.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Ерөнхий сайдад би итгэл үзүүлнэ. Төр засаг тогтвортой, том төслүүд яваасай гэж би санал өгнө. Сандал суудал ярихаар та нар ажилдаа ирдэг юм байна. Сайд нар УИХ-ын гишүүний ажлаа хийгээгүй. Улс төрийн хувьд соёлгүй байсан нь АН-ын алдаа шүү дээ. Та нар ажлаа өгөх ёстой. Эрхбиш эргээд орж ирнэ гэхгүй байлгүй дээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Ардчилсан зарчмын дагуу ил тод үгээ хэлэх ёстой. Хяналттай парламент хэрэгтэй байна. Л.Оюун-Эрдэнэ байхгүй бол төр байхгүй юм шиг байна гэж зарим гишүүд хэлж байна. Тийм биш ээ. Таван нам эвсээд парламент байгуулах эрх ашгийн төлөө энд зогсож байгаа юм. Жагсаалтаар орж ирсэн гишүүд маш зөв зүйл яриад зогсож байна. 25 жилийн хугацаанд би төрд ажилласан. Хамгийн гол нь төр тогтвортой байх ёстой шүү дээ. Засгаа огцруулаад бид ямар үр дүн гаргасан юм. Монголчууд, нам эвслүүд эвсээд, учраа олоод явах тухай асуудал юм.