УИХ-ын чуулганы өнгөрсөн шөнийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы эхэнд хэлсэн үгэндээ “Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий парламенттай болсон. Өөр өөр үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүд зөвшилцөлд хүрч, төлөөллийн ардчиллын зарчмыг илүү бодитоор хангах тогтолцоог бүрдүүлж, хамтарсан Засгийн газар байгуулах үндэс суурь тавигдаж, улс төрийн тогтвортой орчныг бүрдүүлэх боломж нээгдсэн”-ийг цохон тэмдэглэлээ.
Хамтарсан Засгийн газар 10 сарын хугацаанд ажиллахдаа 60 гаруй жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформ, 28 жил гацсан Монгол-Францын хамтарсан ураны төсөл, 20 гаруй жил улс төрийн маргааны бай болсон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт зэрэг томоохон ажлуудыг эхлүүлж чадсаныг тодотгосон юм. Түүнчлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, цаг үеийн нөхцөл байдлаар байр сууриа илэрхийлэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын 50 гаруй гишүүн асуулт асууж, хариулт авлаа. Мөн 30 гаруй гишүүн үг хэллээ. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар нууц санал хураах горимын саналыг УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ гаргаж, чуулганд оролцсон 119 гишүүнээс 77 нь дэмжсэнээр нууц санал хураалтыг саналын хуудсаар явуулахаар шийдвэрлэв. Нууц санал хураалтад 82 гишүүн оролцож, 44 гишүүн буюу 53.6 хувь нь итгэл хүлээлгэхийг дэмжсэн бөгөөд 38 гишүүн буюу 46.4 хувь нь татгалзсан санал өглөө. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.