ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлав

O.Admin
2 цагийн өмнө

“Уул уурхайн 7 хоног-2025” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн Налайхад эхэллээ. Дөрөвдэх жилдээ уламжлал болж буй “Mining Week & MinePro 2025” арга хэмжээ энэ жил “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” уриан дор болж байна.  

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү арга хэмжээ нь зөвхөн уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт төдийгүй Монгол Улс болон олон улсын түнш, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх стратегийн чухал платформ, индэр юм гэдгийг тодотголоо.

Уул уурхай салбар манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж байна. Цаашид зөвхөн олборлолт биш, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, технологи, инновац нэвтрүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг Ерөнхий сайд тэмдэглээдЗасгийн газар “Ногоон хөгжил”, “Цахим шилжилт” “Тогтвортой, хариуцлагатай уул уурхай”-н бодлого хэрэгжүүлж, ил тод, хариуцлагатай, нээлттэй байдлыг эрхэмлэн, бүсчилсэн хөгжил, орон нутгийн иргэдийн эрх ашгийг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байна гэв.

Мөн Засгийн газар “Digital First” бодлогын хүрээнд уул уурхайн салбарт “Их өгөгдөл, хиймэл оюун ухаан”-ыг хослуулан ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэх, геологи, хайгуул, олборлолтод инновац, цахим шийдлийг хурдтай нэвтрүүлэхийг зорьж байна. Монгол Улс “Mining & AI” санаачилга дэвшүүлж, уул уурхай, технологийн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаа тэмдэглээд энэ чиглэлийн бодит төсөл, хөтөлбөрүүдийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэхийг уриаллаа.

Уул уурхайн салбар бол ойрын ирээдүйн хөгжлийн нэг тулгуур мөн. Гэхдээ бид өнөөдрийн үр ашгаас илүү ирээдүй хойч үедээ тогтвортой хөгжил үлдээх үүрэгтэй. Үндэсний баялгийн сангийн тогтолцоог улам сайжруулж, уул уурхайн орлогоо эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг хүний хөгжлийг дэмжих чиглэлд үр дүнтэй зарцуулж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахнь манай Засгийн газрын хамгийн том мега төсөл юм гэдгийг Ерөнхий сайд онцлоод Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох “Цахим шилжилт”, “Хүний хөгжил”, “Ногоон хөгжил” болон бүтээмжийг сайжруулах чиглэлийн бодлого, зорилтуудыг уул уурхайн салбарын бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодлоготой нягт уялдуулж, үр дүнтэй хамтран ажиллахыг хүслээ. Мөн Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр бүх талаар харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.