ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Цолмон: Буруу ойлголтыг залруулах чиглэлд төслийн нэгж чамгүй ажилласан

O.Admin
1 цагийн өмнө

Төрийн ордонд болж буй "Халзанбүрэгтэй" төслийн хяналтын сонсголын үеэр тус төслийн гүйцэтгэгч компаний удирдлага болох О.Цолмон “zuv.mn” сайтад байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, “Төслийн талаар бодлогын яам болон шинжээч нар өөрсдийн дүгнэлтээ танилцууллаа. Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой орд мөн. Ганцаараа хүнд газрын ховор элементтэй, геологийн нөөц нь том ч олон жилийн хугацаанд ашиглалтад орох нь тодорхойгүй байсан. Олборлолтоос гадна сүүлдээ байгаль орчны нөхцөл байдал мөн ойлгомжгүй байдал руу шилжлээ. Энэ байдлыг эцэслэх зорилгоор төслийн нэгж чамгүй хугацаанд ажилласан.

Геологи, хайгуулын судалгааны шатанд анх удаа явж буй учраас өндөр ач холбогдол өгч, сонсголд оролцож байна. Гадны судлаачдыг авчирлаа. Мөн өөрсдийн баримт материалуудаа бэлтгэж ажилласан. Эдийн засгийн хувьд газрын ховор элемент нэн чухал. Гадаад худалдаа, геополитик талаасаа ч нэн чухал. Өндөр технологийн салбар учраас манай улс энэ салбар руу нэвтэрч орох уу, үгүй юу гэдгээ судлаад байгаа юм. Мянгад сумаас нийтдээ 50 иргэн ирсэн бололтой. Нутгийн зөвлөлөөс мөн иргэд оролцсон байгаа.

Эдгээр иргэд өнгөрсөн цаг хугацаанд юу болов, юунаас эмээж буйгаа тодорхой ярьж, мэргэжлийн экспертүүд хариугаа өгөөд явах байх аа. Бид иргэдээ мэдээлэлжүүлэх ажлыг хангалттай хийсэн ч зарим талаараа дутуу ажилласан бололтой. Мэргэжлийн экспертүүд ажиллаж буйд талархалтай хандаж байгаа.

Энэ сонсголоос хийх ажлаа тэмдэглэж аваад явна. Тухайн бүс нутаг малчин өрх олонтой. Мал аж ахуй нь өнөөгийн эдийн засгийн хөдөлмөр мөн. Малын эрүүл мэндийн асуудал нэн чухал юм билээ. Мал эмнэлгийн шинжилгээний хариуг сая харлаа. Албан ёсны байгууллагуудаар шинжилгээ хийлгэхэд "эрдэс бодисын дутагдал" гэж гарсан юм байна. Манай байгууллага зарим махны дээжийг аваад гадны улс орны лабораторид шинжлүүлэхэд эрдэс дутуу гэсэн хариу ирсэн. Монгол Улсын Мал эмнэлгийн байгууллагаас гаргасан дүгнэлттэй адилхан ирсэн гэсэн үг.

Компаний зүгээс хоёр жилийн хугацаанд хайгуулын ажлаа явуулж чадахгүй гацаанд орлоо. Бидэнд хайгуул хийх улирал маш богино. Харамсалтай байна. Төслийн хэрэгжих хугацаа 2.5-3 жил хоцорлоо. Төслийн багийн хохирол гэхээс илүү улс орны хохирол болох вий дээ гэсэн эмзэглэл байна. Эрт хэрэгжих тусмаа л үр ашгаа хурдан өгч, эдийн засагт үр өгөөжөө өгөх юм" хэмээн байр сууриа илэрхийлжээ. Хэлэлцүүлэг иргэдийн үгээр үргэлжилж байна.