Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны өнөөдрийн (2025.09.24) хуралдаанаар Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдээллийг тус тус сонсов.
Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж ажилласан талаар мэдээлэл өглөө. Мэдээлэлтэй холбоотой Хянан шалгах түр хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал “Засгийн газраас “Оюу толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах шинэчлэх асуудлаар яриа хэлэлцээр хийх бэлтгэл ажлыг хангах, яриа хэлцлийг эхлүүлж үр дүнг нь тухай бүрд нь танилцуулах үүргийг “Эрдэнэс Монгол” нэгдэлд даалгасан.
Мөн “Онтрэ” компанитай холбоотой хоёр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайгаас Монголын талын хүртэх өгөөж, нийгэм эдийн засагт үзүүлэх үр дагавар, эрсдэлийн тооцоог боловсруулж 2024 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2025 оны 2 дугаар сарын 11-нд А29 дүгээр тушаал гарч зээлийн хүүг бууруулах, яриа хэлэлцээр хийх дэд ажлын хэсгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ахлуулан байгуулсан.
Гэтэл өнгөрсөн 7 сарын хугацаанд тус компани тун хангалтгүй ажилласан байна. Зээлийн хүүгийн хэлэлцээр хийхэд 100 хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн. Монгол Улсын нийт иргэдэд хамааралтай асуудалд ач холбогдол өгч хариуцлагатай ажиллах ёстой. Оюутолгойтой холбоотой асуудалд ямар нэгэн байдлаар хойш тавих, аргалах, эс үйлдэл хийх эрх бидэнд байхгүй. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэх үүднээс Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хороог 7 хоног бүр хуралдуулж олон нийтийг мэдээллээр хангана” гэлээ.