ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Халзан бүрэгтэй" ордын талаар шинжээчид юу хэлэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2025-09-24

Төрийн ордонд өчигдөр зохион байгуулагдсан Хяналтын сонсголын сэдэв болсон “Халзан бүрэгтэй” орд нь ямар ач холбогдолтой, хэзээ лиценз олгогдож, хэрхэн хувийн хэвшилд шилжсэн талаарх мэдээллийг уншигч танд хүргэе. 

Тус ордын талаар шинжээч н.Лхагвабаатар танилцуулахдаа “Газрын ховор элементийн зургаан орд газар ил болсон. Одоо долоон аймгийн нутагт хайгуул хийгдэж байна. 2-3 жилийн настай хайгуул ч байгаа. Есөөс дээш нэгж талбарт идэвхтэй хайгуул хийгдэж байна.

Халзан бүрэгтэй орд нь газрын ховор хүнд, хөнгөн хоёр элементийг агуулсан орд. 1987 оноос анх судалгааны ажил нь эхэлсэн. Монгол-Зөвлөлтийн хамтарсан эрдэм шинжилгээний экспедиц Оросын геологич В.И.Коваленкогоор удирдуулан анх хүдэржилт байгааг тогтоож, 1989-1990 онд сорьцлолтын ажил гүйцэтгэсний дараа 2011 онд тусгай зөвшөөрөл авснаар өрөмдлөг буюу газрын гүний хайгуул эхэлсэн. 2011-2013, 2021-2023 онд хоёр удаа судалгаа буюу өрөмдлөг хийж нөөцийг тогтоосон.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан нэшнл рийр ийт корп” ХХК-ийн 90 хувийг Канад улсын “Супрем 17 Холдинг Лимитед” компани эзэмшдэг бол, 10 хувийг Сингапур улсын “Билэг Индастриал Групп Пти Лтд” компани эзэмшдэг. Энэхүү компани нь Ховд аймгийн Мянгад суманд газрын ховор элементийн хоёр тусгай зөвшөөрлөөс гадна барилгын болон шохойн чулуун хоёр лицензийг мөн нэмж эзэмшдэг юм байна” хэмээлээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хамгийн анх 2000 онд иргэн Б.Зул гэгчид байснаа 2001 онд “Монтем” ХХК-д 100 хувь шилжиж, 2001 оноос хайгуулын тусгай зөвшөөрлөөс ашиглалт болсон бол 2009 онд “Бошго уул” ХХК-д шилжсэн ч эргээд “Монтем” руу шилжиж, хамгийн сүүлд буюу 2011 оны гуравдугаар сард “Монголиан нэшнл рийр ийт корп” ХХК-ийн мэдэлд бүхэлдээ шилжжээ.

Тус компани нь өмнө хэлсэнчлэн, 2012-2013 онд хайгуул явуулж, 2015 оны зургадугаар сард 278 сая тонн хүдэр, 1.2 сая тонн ислийн нөөцтэй гэсэн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлжээ. Улмаар, 2018 онд ТЭЗҮ-гээ боловсруулсан бөгөөд

-Хүчин чадал: 5.0 сая тонн

-Ашиглалтын хугацаа: 39 жил

-Ашиглалтын технологи- Ил уурхай

-Баяжуулах технологи-Гравитац буюу энгийн хямд

-Олборлох хүдэр: 194 сая тонн

-Баяжмал: 21.6

-Ажлын байр: 550 гэсэн тооцоолол ирүүлж, батлуулсан байна.

Улмаар, 2023 онд ТЭЗҮ-дээ дахин тодотгол хийж, 2022-2025 онд хайгуулын өрөмдлөг дахин хийжээ. Хэрвээ тухайн компани нь үйл ажиллагаа явуулж эхэлвэл авто тээвэртэйгээр гаднаа овоолготойгоор хүдрээ ил олборлох юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт, Шивээ-Овоо, Цайртминерал зэрэг ордууд шиг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр ил үйл ажиллагаа явуулах юм.

Циркон, Необийн газрын ховор элемент буюу орчин үеийн үйлдвэрлэлд ашиглагдаж буй элемент агуулсан тус ордын хүдэрт агуулагдах ураны хэмжээ 0.009 хувь, торийн агууламж 0.028 хувь агуулагдаж байна гэсэн үр дүн гарчээ.

Дундговь аймаг дахь ураны “Зөөвч овоо” орд болон газрын ховрын элементийн “Халзан бүрэгтэй” хоёр ордыг харьцуулбал, боловсруулах процессийн химийн арга нь хоёр өөр гэсэн үг. “Халзан бүрэгтэй” ордыг ил аргаар олборлож, баяжмалыг нь химийн аргаар боловсруулдаг бол “Зөөвч овоо” ордын хувьд газрын дор уусган олборлодог. Ийм хоёр ялгаатай өөр ордууд гэдгийг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяа онцлов.

Тэрбээр, “Уран, торийн агууламжийг боловсруулалтын шатанд нарийн хянаад явах ёстой. Дэлхий нийтийн бүх газрын ховор элементийн хүдэрт агуулагдах уран, торийн агууламж нь олборлолтын явцад баяжмалдаа байна уу, хаягдалдаа байна уу, хэрвээ хаягдалтай байвал тэр нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй юу гэдгийг судалгааны үндсэн дээр тогтооно. Манай хүрээлэн дээр судалгааны ажил хийгдээгүй байна.

Илүү нарийвчилсэн судалгаа хэрэгтэй. Халзан бүрэгтэй ордоос уран олборлох нь ээ гэсэн буруу ташаа мэдээлэл яваад байна. Тийм зүйл байхгүй. Тухайн ордуудын эрдэс, хүдэр, химийн найрлага нь өөрөө хэлээд өгдөг. Яагаад бид Орос, Хятад шиг газрын ховор элементийн хүдрийг эхний шатанд баяжуулаад экпортолж болохгүй гэж.

Химийн талаас нь авч үзвэл, газрын ховор элементийг олборлолт эхлээгүй байхад малын өвчлөл, гажиг бий болох боломжгүй” хэмээлээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон хайгуулын ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг танилцуулав. Тус төслийн “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ”-ний асуудлаар Мэргэжлийн зөвлөл 2023 оны наймдугаар сарын 30-нд хуралдаад “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргажээ.

Өөрөөр хэлбэл, ургамлын суурь судалгаа, зураглал буруу хийсэн, усан орчинд нөлөөлөх сөрөг нөлөөг нарийвчлан судлах, усны чанарын судалгаа хийх, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах зэргээс гадна ИНХ-аар хэлэлцүүлж, олон нийтийн оролцоог хангах ёстой гэж үзжээ. Улмаар өнөөдрийн байдлаар тайлан ирээгүй байна гэв. Орон нутгаас тусгай зөвшөөрлийг цуцлуулах таван албан бичиг ирсэн ч нэг заалт нь манайхтай хамааралтай байсан. Байгаль орчинд хор нөлөө үзүүлж байгаа бол холбогдох бичиг баримт, нотолгоог ирүүлээч гэж хүсэж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.

Тус төслийн газарт

-2013 онд Палентлогийн судалгаа

-2013 онд Авран хамгаалах хайгуул судалгаа

-2022 онд Байгаль орчны төлөв байдлын судалгаа

-2022-2025 онд Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөө

-2022-2023 онд Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан

-2023 онд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ /баталгаажаагүй/

-2024 онд Байгаль орчны нийгмийн нөлөөллийн хамрах хүрээний тайланг хийжээ.

Улмаар, 2022-2023 оныг хүртэл Мянгад сумын ИТХ, ЗДТГ, Үндэсний аюулгүй байдлын ажлын алба, Уул уурхайн яам зэрэг найман байгууллагаас зургаан удаа шалгалт хийсэн аж. Агаар, хөрс, цацрагийн хэмжилтүүдийг хийсэн бөгөөд агаарын чанар, дуу чимээ зөвшөөрөгдөх хэмжээнд, усны чанар стандартаас даваагүй, хөрсний давтан шинжилгээнүүдээс хүнд металийн бохирдол илрээгүй юм байна.

Цацрагийн хяналтын цэгүүдийг мөн төслийн талбайд бүхэлд нь торлож хийхээс гадна орон нутгийн тодорхой цэгүүдэд хийхэд гамма цацрагийн тунгийн чадал өндөр цэгүүдээс өндөр биш, мал гажигтай төрж байгаа нь Халзан бүрэгтэй төслийн хайгуулаас бол эрдэсийн дутагдал гэсэн албан ёсны оношийг Мал эмнэлгийн байгууллага гаргасан гэдгийг шинжээч н.Наранцэцэг онцлов.