ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Баатар: Б.Энхбаяр гишүүнийг шүүхэд өгч буйгаа мэдэгдье

O.Admin
2025-09-25

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үедээ "Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүний ах "Херо" Б.Баатар нар “Гэрэгэ” таурын 15 давхрыг мкв-ыг нь 3.5 сая төгрөгөөр дээрэмдэж авсан. Хотын төвийн барилга ийм хямд байх боломжгүй. Эзэнд нь ял тулгана гэж айлгаад авсан. Ер нь шүүгч нар Херо Б.Баатараас зөвлөгөө авч, хэргийг шийддэг байсан" гэх утгатай зүйлс ярьсан.

Тэгвэл өнөөдөр өглөө “Херо" энтэртайнмент студийн захирал Б.Баатар өөрийн нүүр номын хуудсандаа “УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ярилцлагыг үзлээ. Хууль зүйн сайд байсан хүн "би бодохдоо" гэж баримтгүй гүтгэлэг хийсэнд харамсаж байна. Тэрээр хуулийн өмнө ярьсан зүйлээ нотлохыг хүсье. Тиймээс шүүхэд хандаж байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Б.Энхбаяр гишүүнтэй Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг өмөөрөн маргалдсанаас өөр зөрчилдсөн зүйл байхгүй билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж засаглаж байхдаа улс төрийн зорилгоор ‘Херо студи’-д тагнуул, цагдаа оруулж, Ерөнхийлөгч Н.Энхбаярын хар материал, дүрсийг хулгайлан цацаж, ‘Херо’ бичлэг тараасан мэтээр харлуулж байсан хар өдрүүд дахин давтагдаж байгаад харамсаж байна" гэжээ.