Өчигдөр өглөөний 10.00 цагаас эхлэн бүтэн нэг хоног үргэлжилсэн МАН-ын Бага хурал өнөөдөр өглөө 10.30 цагт дуусаж, намын даргаа албан ёсоор сонгов. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тамгаа Бага хурлын гишүүдийн 86.5 хувийн саналыг дахин санал хураах журмаар авч ялалт байгуулж чадсан нэр дэвшигч Д.Амарбаясгаланд шилжүүлэн өгчээ.
Зарим мэдээллийн хэрэгслээр Д.Амарбаясгалан хууль зөрчсөн, 3/2-ын санал авч чадаагүй хэмээж байгаа ч МАН Бага хурлынхаа эхэнд нийт гишүүдийнхээ саналаар хэрвээ хоёр нэр дэвшигч эхний санал хураалтаар 3/2 санал авч чадахгүй бол дахин санал хураах зарчмаар шийдье хэмээн журмаар зохицуулахаар гар өргөсөн учраас хуулийн зөрчил гараагүй хэмээн хуралдаан даргалагч Ж.Бат-Эрдэнэ мэдэгдэв. Ингэснээр Дээд шүүх 60 хоногийн дотор намын даргыг батламжлах асуудал үлдээд байна. Тэгвэл шөнөжин үргэлжилсэн Бага хурлын үйл явц төгсгөл хэсэг рүүгээ тун ширүүн уур амьсгал дунд өрнөжээ.
Нэр дэвшигчид эцэслэн тодорч, Бага хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Бага хурал түр завсарлаад эргээд 23.00 цаг өнгөрч дахин хуралдаж эхэлсэн бөгөөд үдшийн 04.00 цаг хүртэл Бага хурлын гишүүд саналаа хэлж, нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Мандхай “Д.Амарбаясгалан даргыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга байхад намын дэргэдэх байгууллагаа оруулан долоо хоног бүр шуурхай хурал хийж намын ажил идэвхтэй явж байсан. Гэтэл одоо 2025 он гарснаас хойш нэг ч шуурхай хурал хийгдсэнгүй. Намын ажил унасан” хэмээн санал хэлсэн аж.
Харин УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “МАН-ыг 2025 оны ялалтад хүргэсэн Л.Оюун-Эрдэнэ даргад баярлалаа гэж хэлэх ёстой. Хөдөөгөөр явахад иргэд, намын гишүүд бухимдалтай байна. АН-ын рейтинг өссөн. Биднийх харин унасан. Г.Занданшатар дарга та намын рейтинг өссөн гэж биднийг хуураад яахав ээ” хэмээжээ.
Мөн энэ үеэр хоёр нэр дэвшигчийн дунд ч улс төрийн маргаан мэтгэлцээн өрнөсөн бөгөөд нэр дэвшигч Д.Амарбаясгалан “МАН-ыг ингэтлээ дордоосой гэж би зүтгээгүй. 21 дүгээр зууны энэ улс орны хөгжлийг түүчээлдэг нам байлгахын төлөө өнөөдрийг хүртэл зүтгэсэн. Өөрсдөө зохион байгуулж нүүрсчин болгочихоод “Нүүрсчин учраас Ардын намын дарга болгохгүй” гэж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Би намаа сонгуульд ялуулахын төлөө хэзээ ч хоёр нүүр гаргаж байгаагүй.
Бага хурлын гишүүд суух газаргүй болтлоо дарамтад орж байгаа. Намайг нэр дэвших эсэхээ ч шийдэж амжаагүй байхад Ц.Чулуунзагдыг надад хамаатуулан барьж хорьсон нь намын даргад нэр дэвшихээ зарлах үндэслэл болсон. Надтай холбогдох сэтэрхий тэвнэ ч байхгүй. Гэтэл болзошгүй, магадгүй, би хардаж байна гэдэг үгээр халхавчилж, ард түмэнд ор үндэслэлгүй гүтгэлэг тараасан. Миний оролцсон, надтай холбоотой нэг ширхэг асуудал байдаг юм бол би өөрөө Монголын улс төрөөс явна. Наадхыг чинь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр хийсэн шүү гэдэг ойлголт өгөх гэж бүтэн гурван сар ажилласан. Би нөхдөө мэднэ” гэжээ.
Харин нэр дэвшигч Г.Занданшатар хариуд нь “Нүүрсний хулгай, ногоон автобус зэрэг хэргүүдээр нүүрээ будаад 27, 28 оны сонгуульд орж болохгүй. Ард түмэн талцал хуваагдал, нэг асуудлыг нөгөө асуудлаар дарж хоосон дайсан, хиймэл бэрхшээл үүсгэдэг төр удирдах арга барилаас залхаж цөхөрсөн. МАН-ын даргын ёс зүйн өндөрлөг намсаасай, Тусгаар тогтнолын ордны цагаан өнгө нүүрсний утаанд харлаасай гэж өрсөлдөгч хүчин тэсэн ядан хүлээж байна” гэх утгатай зүйлсийг ярьж маргаан мэтгэлцээн өрнөжээ.
Мөн хуралдааны өмнө баталсан журмаар дахин санал хураалтыг олонхийн санал авсан Д.Амарбаясгалан дээр явуулахаар болсон ч нэр дэвшигч Г.Занданшатарын зүгээс саналыг гараар тоолох хүсэлт гаргажээ. Ингээд дахин хяналтын гар тооллого хийхэд санал мөргөсөн учраас ялалт байгуулсан нэр дэвшигч дээр дахин санал хураах үйл явцыг өглөө 11.00 цагаас дахин үргэлжлүүлье гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нараас гаргасан ч Бага хурлын гишүүд хүлээж авахаас татгалзжээ.
Өөрөөр хэлбэл, чухал ажилтай эрт буцах учраас цаг хугацаа алдахгүй дахин санал хураа хэмээснээр санал хураалт явагдсан аж. Гэтэл энэ зуур зарим аймгийн Бага хурлын гишүүдийг тойргийнх нь гишүүд өрөөнд түгжиж санал өгүүлэхгүй байлгах ажиллагаа зохион байгуулсан, 100 гаруй гишүүд хуралдааныг орхиж гарсан, Соёлын сайд Ч.Ундрам Сэлэнгэ, Төв аймгийн Бага хурлын гишүүдээ аваад гарч одсон гэх мэт асуудал үүсжээ. Гэсэн ч Бага хурлын 321 гишүүн эргэж орон анх баталсан журмын дагуу саналаа өгснөөр нэр дэвшигч Д.Амарбаясгалан 3/2-ын босгыг давж, 85.7 хувийн саналаар намын дарга болжээ.