МАН-ын даргыг сонгохоор товлогдсон Бага хурлын талаар гишүүд нь байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Намын даргын асуудлаа шийдэж эцэслэнэ дээ. Төрийн албанд орсон Бага хурлын гишүүдээс хасагдаж байгаа хүмүүсээ гаргаад нөхөн орж ирэх хүмүүсээ оруулж ирнэ. Энэ ондоо мөн Их хурлаа зарлана. Намын эв нэгдэл нийт гишүүд дунд зүгээр. Гагцхүү шийдвэр гаргах түвшний цөөн хэдэн бүлэг хүмүүс хагарсан нь хэнд ч ойлгомжтой болсон.
Манай намын дүрмээр сонгуульд ялсан хүнээ намын даргад дэвшүүлдэг. Тэр зарчмаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгож, намын дарга хийсэн.
Гэсэн ч Д.Амарбаясгалан нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэнээс хойш хэрээс хэтэрлээ. Барьж хорилоо, цагдаж шалгалаа, нэгнээ харлуулах ажил ихэссэн. Нэгнээ ингэж байгаад үнэхээр бухимдаж байгаа учраас Бага хурлын үеэр байр сууриа илэрхийлнэ.
Энэ чинь Ерөнхийлөгчийн сонгууль биш шүү дээ. Намын дотоод сонгуулиар ингэтлээ улстөржиж болохгүй. Бага хурлын гишүүдийн итгэлийг авч чадах, намаа институцийн хувьд хөгжүүлэх, нээлттэй ил тод байх хүн сонгогдоосой гэж хүсэж байна. 2027, 2028 онд ялалт авчрах хүн л сонгогдох ёстой юм. Гүтгэлэг, доромжлолоор ялж болохгүй. Өрсөлдөгчөө намнах, харлуулах ийм зүйл үеийн үед байсаар байгаа нь үнэхээр харамсалтай. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрс гэх мэтээр л нэгнээ харлуулдаг. Бидний үед энэ нам хагарахгүй байх гэж бодсон ч түүх давтагддаг юм байна" гэв.