Монгол Улсын Засгийн газар улсын төсөвт 200 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжийг тасалдуулсан тогтоол гаргаж, Үндсэн хууль болон холбогдох хуулиудыг зөрчсөн болохыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдэгдэж, Засгийн газрыг Цэцэд өгөхөө зарлалаа.
Тэрбээр “Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн асуудлаар асуулга тавьж байна. Монгол Улсын иргэд байгалийнхаа баялагийн үр өгөөөжөөс АМНАТ болон бусад татварын бологоор үр өгөөж хүртэх боломжийг маш олон жил ярьж байгаа. Дээрээс нь төсвийн орлого хэдэн их наядаар тасраад хүн нөхцөлд Засгийн газар АМНАТ-ийг явцуу эрх ашгийг хангах байдлаар өөрчилж, 22.5 орчим сая тонн нүүрсийг хөнгөлөлттэй АМНАТ-өөр экспортод гаргах замаар тодорхой эрх ашигт үйлчилж болзошгүй тогтоол балсан байна.
Монгол Улсын Дээд шүүхээс 2025 оны хоёрдугаар сарын 3-нд Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын хоёдугаар хавсралтаар батласан жонштой холбоотой хэсгийг зургаан сарын дотор шинэчлэх үүрэг өгсөн. Гэтэл Засгийн газар үүнийг далимдуулаад энэ оныг дуустал буюу дөрвөн сар үйлчлэх тогтоол баталсан. Үүгээрээ АМНАТ-ын аргачлалыг явцуу байдлаар өөрчилж тодорхой компаниудад давуу байдал олголоо. Засгийн газрын энэ шийдвэр холбогдох хууль болон Үндсэн хуулийг зөрчсөн.
Монгол Улсын Үндсэн хууль болон Ашигт малтмалын хуульд АМНАТ-ийн төлбөрийн хувийг тооцох эрхийг Засгийн газар эдэлдэг ч энэ эрхээ давуулан ашигласан. Засгийн газраас энэ оны наймдугаар сарын 20-нд баталсан хоёрхон өгүүлбэртэй тогтоолоор уул уурхайн биржээс ухарсан нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдөр биржийн дундаж үнэ тээвэртэйгээ 90.3 ам.доллар байгаа. Харин хилийн цаана Ганцмод дээр 135 ам.доллар байна. Үүний зөрүү болох 46 ам.долларт АМНАТ-ийн 5 хувийг төлөхгүй байж болно гэсэн тогтоол гаргасан. Өөрөөр хэлбэл, тонн тутамд 2-3 ам.доллар төлөх шаардлагагүй гэсэн тогтоол гарсан байна.
Монгол Улс энэ оны сүүлч гэхэд 80 сая тонн нүүрс гаргах зорилт тавьсан. Тэгэхээр Засгийн газрын тогтоолоор 7.5 сая тонн нүүрсийг биржээр арилжсан тохиолдолд 22.5 сая тонн нүүрсийг шууд гэрээ хийх замаар биржийн доогуур үнээр АМНАТ тооцох байдал руу орж байгаа юм. Ингэж тооцоход 150-200 тэрбум төгрөгөөр яригдах татварын орлого олох боломж алга болж байгаа юм.
Төсөв хүрэхгүй байхад ингэж болох уу. Яагаад илтэд хууль зөрчсөн тогтоолыг Засгийн газар гаргасан бэ? Төсвийн тухай хуульд төсвийн жилийн дундуур орлого бууруулах аливаа шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг дараагийн жилээс хэрэгжүүлэх зарчим байдаг. Тэгэхээр Үндсэн хууль, Ашигт малмал, Татвар, Төсвийн хуулиудыг зөрчсөн аргачлалыг Монгол Улсын Засгийн газар наймдугаар сарын 20-нд гаргасан. Энэ асуудлаар Засгийн газарт асуулга тавьсан. Асуулгын хариунаас шалтгаалж Засгийн газрыг Монгол Улсын Цэцэд өгөх асуудлыг шийднэ. Монгол Улсын төсөвт орох орлогоос хумсалж болохгүй. Засгийн газар энэ асуудлыг засахгүй бол Цэцэд өгнө. Уул уурхайн сайдад хариуцлага тооцох асуудлыг хөндөх болно” хэмээн мэдэгдсэн юм.