БНСУ-ын Засгийн газар Монголын жуулчдыг хүлээн авах үйл явцыг хялбаршуулах зорилгоор бүлэг жуулчны визийг туршилтаар нэвтрүүлэхээр боллоо. Шинэ журмыг энэ сарын 30-наас хэрэгжүүлж, 2027 оны аравдугаар сарын 31 хүртэл турших юм.
БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, гадаадын иргэдийн бодлогын газар аравдугаар сарын 28-нд мэдээлснээр, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сонгосон аялал жуулчлалын долоон компанийн зохион байгуулсан таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй аяллын багууд тус визэнд хамрагдах боломжтой. Бүлэг жуулчид БНСУ-д 15 хүртэл хоног аялах эрхтэй.
Туршилтын хугацаанд голчлон байгууллагын урамшууллын аялал, сургалт-дадлагын аялал болон сурагчдын танин мэдэхүйн аяллыг хамруулахаар төлөвлөжээ. БНСУ-ын талын үзэж буйгаар, визийн үйл явцыг хялбаршуулснаар Монгол жуулчдын тоо нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын идэвх сэргэхээс гадна орон нутгийн аялал жуулчлал, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.
Гэхдээ шинэ журмыг зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх хяналтыг давхар хэрэгжүүлнэ. Тухайлбал, хилээр нэвтрэх хязгаарлалттай болон өмнө нь хууль бусаар оршин сууж байсан түүхтэй хүмүүсийг урьдчилан шалгаж, аяллын үеэр бүлгээсээ салсан жуулчин гарсан тохиолдолд хариуцсан аяллын компанид захиргааны арга хэмжээ авах аж.
БНСУ-ын Хууль зүйн яамны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч И Жин-Сү хэлэхдээ, туршилтын журмаар визийн үйл явцыг хялбаршуулах нь хоёр улсын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн, аялал жуулчлалыг идэвхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэжээ.
Туршилтын үр дүнг дүгнэсний дараа БНСУ-ын тал уг журмыг байнгын болгох эсэх, мөн хамрагдах хүрээг өргөжүүлэх боломжийг судлах юм.
