УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2016 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын нийт өр 24 тэрбум 260 сая ам.доллар байсан. Өнөөдөр 26 тэрбум 745 сая ам.доллар буюу 3.5 тэрбумаар өслөө. Хоёрхон жилд “Чингис”, “Самурай” бондыг бараг хоёр дахин нугалахаар өр тавилаа” хэмээн ярьжээ. Харин нөгөө талд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-д өргөн барьсан төсөвтөө “Засгийн газар өрийн удирдлагын хүрээнд авсан бодлогын арга хэмжээний дүнд Засгийн газрын өрийн гадаад, дотоод хүүгийн зардлыг 2016-2018 оны түвшнээс бууруулж төсөвт ирэх дарамтыг багасгалаа. Мөн “Чингис” бондын үлдэгдэл 127.2 сая ам.доллар, “Дим сам” бондын 145.9 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд өнгөрөгч наймдугаар сарын байдлаар 2.910.4 тэрбум төгрөгийн өр төллөө” хэмээн тайлагнажээ. Улс төрийн хоёр том намын гишүүдийн байр суурь эсрэгцэж байгааг эндээс та харж болно. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн нэг жилийн хугацаанд өглөө бүр өр төлсөн гэдгээ бидэнд сануулж билээ. Төлсөн өрнийхөө тоо хэмжээг ч төсөвт тун тодорхой бичсэн байгаа юм. Гэтэл сөрөг хүчний тухайд өр нэмэгдсэн гэдэг гаргалгааг тоон баримттай гаргаж ирсэн нь энэ.
Ганц С.Эрдэнэ гишүүн ч биш Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Л.Болд гэх мэт туршлагатай гишүүд гадаад өр зээл нэмэгдсэн гэх мэдээлэл өгчээ. 2019 оны төсөв нь 1.9 их наядын алдагдалтай байна гэдэг нь өр их байгааг илтгэж буйг ч эдийн засагчид онцлох болов. Тэгэхээр энэ тохиолдолд бид хэнд нь итгэх вэ. Оюутолгойн ил уурхайн бүтээн байгуулалт эхэлж, эдийн засгийн өсөлт нь 17.5 хувь хүрсэн их дэмийрлийн дараа төсөвт ирэх дарамтаа дааж чадахгүй болсноо мэдсэн Монгол Улс “Чингис” бонд босгож, 1.5 тэрбум ам.долларын зээлийг дуулиантай авч байлаа. Улмаар “Самурай”, “Дим сам”, “Кредит сервис” банк, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлээр үргэлжлэв. Гэтэл Сангийн яам энэ жил УИХ-ын гишүүдийн тойрог тус бүрт тав, нийт 380 тэрбумыг 515 төсөл хөтөлбөрт зарцуулахаар тавьж “тансаглав”. Төсвийн орлогыг уул уурхайгаас олно хэмээж буй ч дэлхийн зах зээлд алт, зэс, нүүрсний үнэ тогтмол унасаар байгаа. Ирэх онд ч энэ уналт үргэлжилнэ гэдгийг төсвийн тайландаа Хүрлээ сайд тов тодорхой бичжээ. Гэхдээ яаж бодож эргээд өснө гэсэн итгэл тээснээ тэр тайлбарлаж чадсангүй. Хэтэрхий үрлэгэн, сонгуульд зориулсан цамаан төсөв нь өдгөө хоёр дахь хэлэлцүүлэгт орчихоод байхад “алдагдлаа нөхөж чадна аа” гэсэн бардам итгэлтэйгээр бат хамгаалан зогсчээ. Гэтэл нөгөө талд Монголбанкнаас УИХ-д өргөн барьсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-д ирэх онд байдал амаргүй байна гэдгийг онцолсон байх юм. 2019 оноос эхлэн урт хугацаанд тавьсан өр төлбөрүүдээ эргэн төлж эхэлнэ.
Тухайлбал, 2013 онд авсан 30 тэрбум иенийн “Самурай” бондын эргэн төлөх хугацаа 2023 он бөгөөд ирэх жил хүүгийн төлбөрт 456.0 сая иен төлнө. 2014 онд БНХАУ-ын Хөгжлийн банкнаас авсан зээлийг 2017-2022 онуудад эргэн төлөх хуваарьтай /2019-2024 онд төлөх өрийн дэлгэрэнгүйг нэгдүгээр нүүрний инфографикаас харна уу/. Энэ мэтээр ирэх жилээс төсөвт ирэх дарамт маш их нэмэгдэнэ. Өнгөрсөн хугацаанд өрийг, өрөөр гэсэн зарчмаар багахан хэмжээний хүүгийн дарамтыг аргалаад өнгөрч байсан ч 2019 оноос эхлээд байдал бишдэнэ. Дотоод энэ хүчин зүйлээс гадна гадаад хүчин зүйл ирэх оноос эхлэн амаргүй болох нь нэгэнт тодорхой болж байна. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын эхлүүлсэн худалдааны дайн дэлхийн эдийн засагт нэг их наяд гаруй ам.долларын алдагдал учруулна гэсэн тооцооллыг дэлхийн эдийн засгийн судлаачид гаргажээ. Тэр дундаа Хятад улс ойрын хугацаанд хамгийн их хохирол амсах бөгөөд энэ нь манай эдийн засагт ч хүндээр тусах эрсдэлтэйг сануулж эхэллээ. Монгол Улсын хамгийн том худалдааны түнш болсон өмнөд хөршийн эдийн засаг агшина гэдэг нь манай улсад ч хүнд дарамт болно. Алт, зэс, нүүрсний нийлүүлэлт буурч, эргээд ам.долларын нийлүүлэлт хумигдах эрсдэл бий болгоно. Нөгөөтээгүүр, АНУ-ын Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээ цаашдаа үргэлжилвэл газрын тосны үнэд ч өөрчлөлт орж магадгүй байгаа юм. Ингэснээр ирэх онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.7 хувь болж саарахаар байгаа юм. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл 2020-2024 онуудад 2008-2009 онд үүсч байсан дэлхийн эдийн засгийн санхүүгийн хямралаас ч долоон дор хямрал ирэх нь гэсэн таамгийг Fitch, BMI зэрэг нөлөө бүхий байгууллагууд гаргаж байх юм.
Үүнийг Сангийн сайд өргөн барьсан төсөвтөө ч онцолсон байна билээ. Тэгсэн атлаа өргөн барьсан төсөв нь Мөнгөний бодлоготойгоо ч уялдаагүй, төсвийг мөнгийг дэндүү хайр гамгүй тараахаар байгааг нь хараад гайхахаас өөр арга алга. Бидний амь тариа болж буй ОУВС-гийнхан ирэх онд гараад явчихна. Хятад улс хэдийгээр олон салбарт хөрөнгө оруулж байгаа ч улсынх нь эдийн засагт агшилт яваад эхэлвэл тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламжаа хязгаарлана. Зэс, нүүрс, алтны уналт энэ хэвээр байвал манайх хаанаас мөнгө олж, хэрхэн өрөө дарах вэ. Ямар ч тэнэг хүн ойлгох ийм хэцүү дарамт бидний өмнө ирчихээд байхад Сангийн сайд л ганцаараа улс хямрахгүй ээ, ирэх онд баялгийн санд мөнгө төсөвлөнө, хувьцаа өгнө, цалин нэмнэ гэсэн өөдрөг мөрөөдөлтэй сууж байна. Эндээс нэг л таамаг гаргалаа. Аргаа барсан хүний хардах сэтгэл ч байж мэдэх юм. Гэхдээ “Ардын нам сэргэн мандалтын үед төр удирдаж, харин Ардчилсан нам баасыг нь арилгадаг” гэсэн улс төрийн явган яриа шиг МАН 2020 онд ялах бодолгүй байна уу гэдэг дүгнэлт гарч байгаа юм. 2019 оноос эхлэн эдийн засаг С.Эрдэнэ гишүүний зөгнөж хэлсэнчлэн “элгээрээ мөлхөх” цагт тэд засгийн эрхээ өгчихөөд чимээгүйхэн алга болох бодолтой яваа юм биш үү. Энэ дөрвөн жилд олж хуримтлуулсан мөнгө, хумсалж хадгалсан мөнгөө аваад 2024 оны дараа эдийн засаг сэргэхэд орж ирэх бодолтой ч яваа байх. Угтаа 2020 оны сонгуульд албаар ялагдана гэсэн үг. Хэрвээ тийм бодолгүй байсан бол МАН-ын 65 улстөрч нь увсын нэг улстөрчөөр улс орноо ингэж самруулна гэж үү. Ирэх дөрвөн жилд “жижигхэн” эдийн засагтай манай улс байтугай дэлхий дахинд санхүүгийн хямрал нүүрлэнэ гэсэн тов тодорхой дүр зураг харагдаж байхад мэдэхгүй сууна гэж байхгүй биз дээ. Тиймээс АН-ынхан сонгуульд бэлтгэж мөнгө үрэх ч хэрэггүй юм байна. Гагцхүү 2020 оноос эхэлж төлөх бондын өр төлбөрөө ямар замаар дарах, МАН-аар улсаа самруулахгүй байхын тулд сөрөг хүчний ажлаа хийж, сонгуульд зарцуулах мөнгөө 2020 оноос хойш улсаа сэргээхэд хадгалчихсан нь дээр биз.