ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хөвсгөл аймагт алга болсон БНХАУ-ын хоёр иргэн олдоогүй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-31

Энэ сарын 25-нд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны орчим ууланд аялахаар явсан БНХАУ-ын хоёр иргэн алга боллоо гэх дуудлага иржээ. Улмаар, дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл олоогүй байгаа аж.

Тэдгээр иргэд ууланд аялаад ирнэ гэж энэ сарын 18-нд явсан бөгөөд гурав хоногийн дараа ирэх байсан аж. Гэвч товлосон хугацаанаас өнгөрсөн учраас тэднийг эрж хайх ажлыг эхлүүлсэн байна.

Одоогоор Хөвсгөл аймгийн Онцгой байдлын 16 албан хаагч, Тагнуулын байгууллагын нэг, Цагдаагийн газрын 13, орон нутгийн 15 иргэн, ар гэрийн хоёр хүн нийт  60 хүн хайгуулд оролцож байгаа аж. Хайгуулын баг өдөрт 40 орчим км газарт хайгуул хийж байгаа бөгөөд үдшээр хайгуулыг зогсоож, өглөө эртлэн хайгуулд гарч байгаа юм байна.