ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улс хар тамхины хэрэглэгч орон болсон уу

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-02

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон  Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анх­ны хэлэлцүүлгийг хийв. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ, Засгийн газар хууль зөрчсөн үйлдлүүдээ зогсоотол чуул­ган, байнгын хорооны хуралдаануудад оролцохгүй” гэдгээ мэдэгдэв.

Тэрбээр “Ардчилсан намын бүлгээс  аравдугаар сарын 26-нд УИХ-ын дарга, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Шаардлагын дагуу арга хэмжээ авахгүй бол бид хуралдаандаа орохгүй гэсэн. УИХ-ын даргаас “Хуралдааны дэгийг баримталж, хурал­даандаа орох нь зүйтэй гэсэн албан бичгийг Ардчилсан намын бүлэгт ирүүлсэн. Гэвч Засгийн газраас өнөөдрийг хүртэл ямар ч хариу ирүүлсэнгүй. Тийм учраас зөрчлийг арилгатал Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдааны дэгийн 4.10-т заасны дагуу хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа үүгээр мэдэгдэж байна” гээд, тус бүлгийн гишүүд танхимаас гарч одов. Цөөнхийн бүлгийн гишүүд байхгүй ч чуулганы хуралдаанаар төлөвлөгөөний дагуу “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн юм. 

 

Ипотекийн санхүүжилт хийхийг Сангийн яамнаас хүсэв

 Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнгөрсөн хугацаанд зориудаар валютын ханшид нөлөөлсөн байж болзошгүй байна. Банкинд ажлын хэсгийн шалгалт оруулж, интервенц зөв бодлогоор явж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Төгрөгийн ханш унах экспорт хийж байгаа нь компаниудад ашигтай. Яг ханш унаж байх үед валютын ханшийг зориудаар орхисон юм билээ. Тиймээс лоббид өртсөн байх магадлалтай” хэмээн хардаж байгаагаа хэлэв. Хариуд нь Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Энэ онд нийт нэг тэрбум ам.доллараар интервенц хийхээр харагдаж байна. ОУВС-гаас өгч байгаа мөнгөөр валютын нөөц нэмэгдүүлэх, эдийн засгаа сайжруулах ёстой болохоос ханшийг тогтворжуулах мөнгө биш гэдгийг сануулсан. Ажлын хэсэг байгуулаад, Монголбанкыг шалгаж болно” гэв. Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан ипотекийн зээлийн эх үүсвэр дутагдалтай байгаа бөгөөд өнгөрсөн оноос 100 тэрбум төгрөгөөр буурсан байгааг хэлж, Сангийн яам он дуусч байхад төсөвт суусан 60 тэрбум төгрөгийн санхүүжилтээ яагаад хийхгүй байгаа, ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж бий эсэхийг тодруулав. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хариулахдаа “Ирэх долоо хоногийн байнгын хорооны хурлаар ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэж, Монголбанкнаас үнэт цаас гаргаад, зээл авах хүсэлтэй хүн бүрт олгох төлөвлөгөөтэй байгаагаа тайлбарлав. 

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Мөнгөний бодлогыг баримталж байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа хэлж,  2018 онд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөр батлуулах, банкны салбарын дэд бүтцийг сайжруулж түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах, ипотекийн тогтолцоог хөгжүүлэх зэрэг хүлээж авсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн шүүмжиллээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Мөнгөний бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаагаа учирлан “Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх тогтоолын төсөл Засгийн газраар батлагдсан. Энэ ажилд бүхий л салбар оролцож байгаа. Банк санхүүгийн тухайд хуулийн өөрчлөлтөө батлуулсан. Ингээд банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх даалгавар өгсөн. Оны эцэст үр дүн гарна. Даалгавар биелүүлээгүй зарим банкинд бүтцийн өөрчлөлт хийнэ” гэв. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй санал хурааж, тогтоолын төслийг дэмжив. Үргэлжлүүлэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. 

 

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хориглох санал гаргалаа

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Генийн өөрч­лөл­ттэй хүнсний бүтээг­дэхүүн Монгол Улсад оруулж ирэхийг хоригломоор байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг хэрхэн баталгаажуулах талаар салбарын сайдаас асуув. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг “Хуулиа хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд мал эмнэлгийн байгууллагаа чадавхжуулах шаардлагатай. Сум бүрт чанарын баталгаажуулалтын лаборатори нээхэд 7-10 тэрбум төгрөг хэрэгтэй” гэв. Үүгээр УИХ-ын үдээс өмнөх хуралдаан түр завсарлаж, үдээс хойшхи хуралдаан Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилжлэн, хуулийн төслийг дэмжив. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж хариулт авав. УИХ-ын гишүүн М.Билэгт хар тамхины асуудал аюул болж байна.

Юугаа ч мэдэхгүй хүүхдүүдийг хар тамхинд оруулж байна гэж хуулийнхан ярьдаг. Одоо бол хэрэглэсэн нь ял аваад, борлуулдаг цаад эзэн нь хариуцлага хүлээхгүй байна. Монгол Улс хар тамхины орон болоод байна” гэв. Харин Б.Саранчимэг гишүүн “Хар тамхины эмчилгээг 3-6 сарын хугацаанд хийх, давтан эмчлүүлж байгаа бол зургаан сараас нэг жил эмчилнэ гэж заасан байна. Энэ хугацаа эмчилгээ хийхэд хангалттай гэж үзэж байна уу. НҮБ-аас 2010 онд хийсэн судалгаагаар Монгол Улс хар тамхийг дамжин өнгөрүүлдэг байсан бол 2014 хэрэглэгч улс болсон. Шар хадны эмнэлэгт зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийсэн гэдэг. 15 жил болоход нэг ч хар тамхичин бүрэн эмчлэгдээгүй” гэв.  Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Эмчилгээний асуудал ганцхан Шар хадны эмнэлгээр хязгаарлагдахгүй. Мааньт дахь ШШГЕГ-ын харъяа согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх эмнэлэгт эмчилгээ хийж байгаа” гэв. Ийнхүү ажил хаялтаар эхэлсэн чуулган, Монгол Улс хар тамхины орон болсон хэмээх дүгнэлтэд хүрснээр чуулган өндөрлөсөн юм.