-Монгол Улс 101 сая ам.доллар төлөхөөр болсон ч өдгөө 160 сая болж нэмэгджээ-
“Эрдэнэт” үйлдвэр гэж эхлэхээр юуны тухай бичих гэж буйг захын хүн мэддэг болов. 2013 оноос эхэлсэн Өмнөд Африкийн “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг гурван удаа барьцаанд тавьж, 100 гаруй сая ам.долларын зээл авсан дуулиант хэрэг зургаан жил гацаанд орж, өдгөө хэн буруутай гэдэг нь тогтоогдохгүй явж байна. Хуурамч гарын үсэг ашиглан гурван ч удаа их хэмжээний зээлийг Өмнөд Африкт байрлалтай “Стандарт” банкнаас авсан гэх буруутан нь “Жаст” группын захирал асан Ш.Батхүү болсон. Хэрэг анх үүссэнээс эхлээд мөрдөн байцаалтын шатанд хэд хэдэн удаа мэдүүлгээ өөрчилсөн энэ эрхэм өдгөө хэвтрийн өвчтөн болчихлоо. Хатуухан хэлвэл, түүнийг хэргээ үүрээд амьсгал хураачихаасай гэж ханцуйн дотроо залбирч буй олон хүн байгааг нуугаад яахав.
Сахарын өвчин нь хүндэрч байнгын эмчийн хяналтад байгаа Ш.Батхүү бүх хэргийн буруутан уу гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Түүнийг сар шинийн өмнөхөн батлан даалтад гаргаад байсан ч дахин цагдан хорих хүсэлтийг хүргүүлж, өдгөө хоригдож байгаа аж. Улмаар “Эрдэнэт”-ийн гэх тив дамнасан хэрэгт Ш.Батхүү гэх бизнесмэн л ганцаараа буруудаж, ял эдэлж суугаа нь энэ юм. Гэвч тухайн үед төр засгийн тэргүүнээр ажиллаж байсан, төрийн өмчит компанийг нь тив алгасан зээлийн барьцаанд тавьж байхад нүдэн балай чихэр дүлий суусан Төрийн өмчийн хорооны дарга нь уснаас хуурай гарчихлаа. С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг тэргүүтэн нэг удаа ачигдсан ч эргээд суллагджээ. Тэгвэл энэ хэргийг 10 гаруй хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Мөн Ш.Батхүү хөрөнгөө бусдад бэлэглээгүй, эсрэгээрээ Г.Алтан болон түүний хүү нарт залилуулсан гэх шинэ төрлийн хэрэг үүсчээ. Сэжим илүү томорч, буруутан олдохоос өнгөрч байна гэсэн үг. Буруутныг ол гэхээр Ш.Батхүүг заана. Ш.Батхүүгээр төлүүлье гэхээр бусдад залилуулчихсан. Хөрөнгийг нь залилсан хоёр хүнийг олж илрүүлээд шалгахад дахиад хоёр жил зарцуулна.
Сүүлдээ залилуулаагүй, гүтгэсэн болж хувираад хэрэг хаагдана. Энэ хэрээр шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан учраас Монгол Улсын төлөх өр дахиад хэдэн зуун сая ам.доллар болж нэмэгдэхийг таах аргагүй юм. Анхлан “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, 100 гаруй сая ам.долларын зээл авч байсан бол өдөр өдрөөс хүү, алданги нь нэмэгдсээр 160 сая ам.долларын өрөнд орсон гэдгийг УИХ дахь “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятав хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Мөн алданги, шүүхэд давж заалдсан төлбөр зэргийг нэмчихвэл 230 гаруй сая ам.доллар болчихоод буй. Тэгвэл УИХ-аас томилсон ажлын хэсэг өнгөрсөн жил гаруйн хугацаанд юу хийв. Тэд хяналт шалгалт тавьсан дүгнэлтээ яагаад УИХ-д оруулж ирэхгүй байна вэ гэдэг нь анхаарал татах сэдэв болж байна. Харин энэ асуултад Я.Санжмятав дарга тун ч хошин хариулт өглөө. Ажлын хэсгийнхэн жил гаруйн хугацаанд гурван удаа Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлжээ. Мөн хууль хяналтын байгууллагад шахалт үзүүлснээр хэргийг харин ч хурдан хугацаанд шүүхэд шилжүүлсэн гэж тайлбарлав. Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д оруулж ирэхгүй байгаа шалтгаанаа “Би ажлын хэсгийн үр дүнг Их хуралд оруулж ирээд хэрүүл болгоод, Монгол ганц “саалийн үнээ”-гээ хулгайч, луйварчдад алдчихсан юм байна гэж үзүүлэх нь чухал байна уу, эсвэл жинхэнэ авсан эзэн нь тодорхой болж хуйвалдсан, луйвардсан, давраасан, даварсан, үүрэг чиглэл өгсөн хүмүүс нь тодорхой болж, энэ хэрэг шүүх рүү очих хүртэлх явцад манай ажлын хэсгийн үүрэг гарсан гэж үзэж байгаа” гэж тайлбарлав. Хөх инээд хүрэх ч багадна. УИХ-аас гаргасан ажлын хэсэг ажлаа тайлагнадаг.
Ерөнхий сайд нь ажлаа хийхгүй байгаа бол хийлгэхийн тулд дуудаж байцаагаад, УИХ-аараа ярилцаад явах эрхтэй. Юу хийснээ, ямар шийдэл олсноо хуулийн хүрээнд тайлбарлаж, энэ чиглэлээр ажиллаж буй хууль хяналтын байгууллагаас мэдээлэл авч бас болно. Гэтэл Я.Санжмятав даргын тайлбараар бол хуулийнхны өмнөөс ажлыг нь хийж, баримт цуглуулж өгсөн гэнэ. Их хурал руу оруулж ирэхээр хэрүүл болох учраас далдуур хуулийнханд баримтаа өгчихсөн гэж уншигдлаа. Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 16-нд “Эрдэнэт” үйлдвэрт очиж ажиллана гэж мэдэгдсэн. Гэвч ажлын хэсгийн дарга Я.Санжмятав руу утасдаж, хаана явааг нь тодруулах гэсэн ч утсаа авсангүй. Харин АН-аас ажлын хэсэгт багтсан Б.Пүрэвдорж гишүүн “мессеж роуминг” үйлчилгээг идэвхжүүлжээ. Тиймээс ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Ганболдтой холбогдож, “Эрдэнэт” үйлдвэрт энэ өдрүүдэд очсон эсэхийг лавлав. Н.Ганболд гишүүн харин “Би ажлын хэсгийн гишүүн. Гэхдээ ойрын үед ажлын хэсэг огтхон ч уулзаагүй. Эрдэнэт үйлдвэрт очоогүй. Би хотод тойрогтоо ажиллаж байна. Сүүлийн үед бараг уулзаагүй” гэдэг хариулт өгч байх юм. Ингэхээр Я.Санжмятав гишүүн зориуд цаг хугацаа хожиж, худлаа яриад явна уу гэх хардлага төрж байгааг нуугаад яахав. Тэдэнд шалгах чинь хүсэл байсан бол бүтэн жил гаруйн хугацаанд бурууг өөрсдөөсөө зайлуулж суухгүй байсан юм. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагыг дуудаж уулзаад чиглэл өгч, ийм ажил хийлээ гэдгээ олон нийтэд тайлбарлаж болох байлаа.
Даанч тийм ажлаа хийсэнгүй. Эсрэгээр нь Я.Санжмятав нарын хийх ажлыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд хийж байх юм. Тэдгээр гишүүд өнгөрөгч баасан гарагт мэдээлэл хийхдээ ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан буруутай этгээдүүдээр төлүүлэх талаар шийдвэр гаргах ёстой гэсэн мэдэгдэл хийлээ. Их хурлын дарга хэрвээ гишүүдийн хүсэлтийг хүлээж авч гэмээнэ ирэх сарын 18-нд хуралдах ээлжит бус чуулганы эхний сэдэв нь “Эрдэнэт” үйлдвэрийн өр төлбөрийн асуудал байх нь ээ. Мөн л өнгөрөгч баасан гарагт “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн тайлбар өгөхдөө “Анх 100 орчим сая ам.долларын зээл аваад түүн дээр хүү нэмэгдсэн. Манай талаас нэг өөр тоо ярина. “Стандарт” банкны талаас өөр тоо ярина. Ойрын хугацаанд хамт суугаад өр төлбөрийн асуудлаа цэгцлэх бодолтой байна.
Ажлын хэсэг ажиллаж байгаа. Хор хохирол багатай шийдэх чиглэлд ажиллана. Хамаагүй зүйл ярьж болохгүй байна” гэсэн тайлбар өгчээ. Энд “Эрдэнэт” үйлдвэр огтхон ч өр төлөх ёсгүй юм. Барьцаанд тавьсан Ш.Батхүү нарын хүмүүс болоод төр засгийн өндөрлөгт ажиллаж байсан С.Баяр, Ч.Ганзориг тэргүүтнээс гаргуулах ёстой. Энэ бол шударга зарчим. Хулгайлсан мөнгөө хулгайч нар төлдөг. Тэрнээс биш улс өмнөөс нь төлж, эсвэл үйлдвэр нэр хүндээрээ туг тахиж боломгүй. Хууль гэж байдаг юм бол, шүүхийн засаглал худалдагдаагүй бол ойрын хугацаанд шүүх хурлын товоо зарлаж, буруутнуудад хариуцлага тооцмоор байх юм. Эс тэгвээс эзэн холбогдогч олдохоо болих нь. Шалгах үүрэгтэй ажлын хэсэг нь “Бид буруугүй.
Ажлаа хийсэн” гэж мэдэгдлээ. Өр төлөх ёстой Ш.Батхүү нь өвчин зовлонтой хэмээгээд “Би төлчихөж чадах байлаа. Гэвч Г.Алтан нарт луйвардуулсан” гэж гомдол гаргав. С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг нар “Бид мэдээгүй. Нууж байгаад тавьчихсан байсан” гэж мэлзсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн өнөөгийн удирдлага энэ өрийг төлөх ёстой субьект ч биш. 49 хувийг эзэмшиж буй “Монголын зэс корпораци”-д түй ч хамаагүй гэж зүтгэнэ. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй гэгчээр 49 хувиа тэд хэрхэн мөнгө болгох, яаж ашиглахаа л бодно уу гэхээс төрийн өмчийн хувь “Стандарт” банкны мэдэлд шилжих эсэхэд санаагаа чилээхийг ч хүсэхгүй. Монголын Засгийн газар ч татвар төлөгчдийн мөнгөөр түүнийг төлж болохгүй. Тэгэхээр л энэ өрөнд эзэн олдохгүй болох нь цаг хугацааны асуудал болчихлоо. Лондонгийн Арбитрын шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш бид нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд өр төлбөр өдөрт хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. “Эрдэнэт”-ийг хэн хэзээ анхаарч эхлэх вэ??????????????