С.Батдөл: Цагдан хорих шаардлагагүй, хөнгөн гэмт хэрэг

O.Admin
2023-01-09

“Гэрээс нь нийт 7.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө олдсон С.Батдөлийг 48 цаг саатуулаад сулласан” гэх мэдээллийн мөрөөр Нийслэлийн прокурорын газраас тодрууллаа. “Яллагдагч С.Батдөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 16.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Тодруулбал, тус өдрийн 14:30 цагийн орчимд мөрдөх байгууллагаас С.Батдөлийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүргүүлснийг прокурор хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн С.Батдөлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд 16:00 цагт хүргүүлсэн.

Прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг шүүгч 17:20 цагт орж эхлүүлсэн хэдий ч С.Батдөлийг цагдан хорих тухай хурлыг 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цагт хэлэлцэхээр хойшлуулсан” гэв.

С.Батдөл  "Шүүхийн шийдвэр гараагүй байхад цахимаар яллаж байна. Надад үүсээд байгаа хэрэг нь цагдан хорих шаардлагагүй. Хөнгөн гэмт хэрэг. Цагдан хорихоос аргагүй байдалд хүртэл цахимаар сэвж байна. Би эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Цаашид энэ хэргийг шийдэгпэх хүртэл явна. Хүүхдүүд битүү ханиадтай байна. Том охин маань гадуурхалтад өртөж байна. Ар гэртээ маш их санаа зовж байна" гэв.