“Түгжил”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-21

 Шинэ цагийн “түгжил” гэсэн нэршилд  тохирох хүн бол УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ аж. Таныг аль ч талаас  нь харсан  үүнээс өөр тохирох нэр үлдсэнгүй. Саарал ордонд улс төрийн үймээн өрнөж, сандал, суудлын “дайн” болж байхад  чимээгүйхэн өнгөрөх хүний нэгээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг  гэж бодож байв. Даанч энэ нь миний таамгаар болсонгүй.

Харин ч бүр магнайд явж байхыг чинь хараад  хоёр нүдэндээ ч итгэсэнгүй. Танд улстөрчийн зангараг гэж  алга. Хариуцлагыг ярилаа хэмээн өширхөж, өөрийн ажиллаж байсан Засгийн газартаа хариуцлага тооцохоор улайрч явааг хараад дэндүү их өрөвдлөө бас  гутарлаа.

 Хариуцлага алдсан хүн нь та өөрөө. Хариуцлагагүй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, хүний амь насаар тоглуулчихаад өс санаж, улайран яваа чинь түмэн олонд муухай харагдаж байна. Харин ч давхар дээл өмссөн тулдаа сайдын сэнтий зэргээс буугаад өнгөрсөн нь их юм. Хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлага хүлээхэд ч багадахгүй асуудал Зам тээвэр хөгжлийн яаманд гарсан нь худплаа биш.

Ямар ч албан тушаал, эрх мэдэл, сайдын суудлаас  илүү хүний амь нас байх ёсгүйг санана уу. Төр, засгаа унагаах асуудалд оройлон тоглож байгаа чинь хударгагүй байна, эрхэм гишүүн ээ.

 Ийм муухай ёс зүйгүй үйлдэл гаргачихаад олноос хүндлэл хүлээнэ гэж байхгүй юм. Энэ бол нэг  удаагийн сонголт, нэг л удаагийн улс төр. Өөр юу ч биш. Хариуцлагагүй хүнд дахин итгэл үзүүлэх төр, засаг олдохгүй гэдэгт итгэлтэй байна. Үүнээс шударга ёс, хариуцлага эхэлнэ гэж найдаж байна.