Монгол Улсын нийт өр, тулгарч болох эрсдэл

O.Admin
2018-11-21

 

Монгол Улсын Сангийн сайд  олон нийтийн сүлжээгээр улсын өр хэрхэн дарж буй талаар бичиж улс төр хийхийг эс тооцвол Монгол улсын гадаад болон дотоод өр, нийт өрийн талаар тоймтой мэдээлэл гарах нь тун цөөхөн аж. Харин 2016 оны УИХ сонгуулийн үеэр МАН намаас дэвшсэн болгон энэ талаар ярьж явсан санагдана. Тэр ч бүү хэл тэдний мөрийн хөтөлбөртөө: Эдийн засгаа хямралаас гаргаж, Эх орноо өрнөөс салгаж чадна, гэсэн сайхан амлалт бий.

 

МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН БОДИТ ХЭМЖЭЭ

Хуулийн дагуу дагаж мөрддөг өрийн статистик дүнг хоёр янзаар гаргадаг. Үүнд: Засгийн газрын нийт өрийг монгол төгрөгөөр, харин Монгол улсын нийт өрийг ам.доллараар илэрхийлдэг.

 Өрийн удирдлагын тухай хуульд хуульд заасны дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн Захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өрийн үлдэгдлийг улирал бүр тооцож олон нийтэд мэдээлдэг. Засгийн газрын өр 2016 оны 6 сард 16.6 их наяд төгрөг байсан бол 2018 оны 6 сарын 30 байдлаар 21.1 их наяд төгрөгт хүрч 4,5 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Сангийн сайд Засгийн газрын зөвхөн дотоод өрийн бууралт хийгээд нийт гадаад өрийн ДНБ харьцуулсан хувь хэмжээг нийтэд дэлгэх дуртай. Аргагүй юм. Нийт өрөөс зөвхөн хасагдаж буй хэсгийг таслан авч танилцуулж байгаа хэрэг. Нөгөө талаар, дэлхийн зах зээл дээх эрдэс бүтээгдхүүний үнэ ханш, ялангуяа нүүрс, зэсийн ханш сүүлийн хоёр жил 2-4 дахин өссөн нь манай ДНБ хэмжээг тэр хэмжээгээр нэмэгдүүлсэн. Хэдийгээр нийт өрийн хэмжээ өсөж байгаа боловч түүнийг нэмэгдэж буй ДНБ-тэй харьцуулахад ялгаа бага харагдаж буйг доорх хүснэгтээс тодорхой харагдана/хүснэгт1/. Хэд хоногийн өмнө БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны шийдвэрээр энэ оныг дуустал нүүрс импортлохгүй гэсэн шийдвэр гарлаа. Энэ нь 2018 онд манай ДНБ хэмжээг тодорхой хэмжээнд багасгах бөгөөд энэ хэмжээгээр нийт өрийн ДНБ харьцах хэмжээ зээл аваагүй байхад  нэмэгдэж харагдах нь.

 

УИХ-аас 2015 онд баталсан Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “улсын нийт гадаад өр”-ийн тодорхойлолтын хүрээнд Монголбанк нь дэлхийн улс орнуудын төвбанкны жишгээр Монгол Улсын нийт гадаад өрийн статистикийг ОУВС-гаас эмхэтгэн гаргасан Гадаад секторын статистикийг боловсруулах аргачлал, Мэдээлэл тархаах ерөнхий системийн шаардлагын дагуу 2010 оноос эхлэн боловсруулж, олон нийтэд мэдээлж байна. Энэ дүнгээс харвал, Монгол улсын нийт гадаад өр 2 жилийн хугацаанд 3 тэрбум 485 сая ам.доллараар /хүснэгт 2/ нэмэгджээ. Энд саяхан Хөгжлийн банкны 500 сая ам.доллар хараахан ороогүй байгаа.

ГАДААД ӨРИЙН ЗОХИСТ ХЭМЖЭЭ

Гадаад өрийн зохист хэмжээ улс орнуудын хувьд харилцан адилгүй байдаг хэдий ч дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-хээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхыг эрмэлзэж, хуульчилсан байдаг. Тухайлбал, Белорусс улсын хувьд гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 25 хувь, дотоод өр нь 20 хувиас хэтрэхгүй байдаг. Харин манай улс 2010 онд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг баталж, улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан билээ. Энэ нь дэлхийн жишигт нийцэхүйц зохист хэмжээ бөгөөд манайхан “өрийн тааз” гэж нэрлэжээ. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол улс төсвийн тогтвортой байдлын хуулийн үзэл санааг эвдэж дээрх заалтуудын хэм хэмжээг хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг. Тиймээс хуулийн үндсэн утгыг гээгдүүлж, “өртэйгээр хөгжих”, төсвийн мөчлөг дагасан тэлсэн бодлого хэрэгжүүлэх, төсвийн алдагдал ба өрийн хэмжээ хоорондын уялдааг хангалгүй хэрэгжүүлэх үндсийг тавьсан байдаг.Ийнхүү Монгол улсын нийт гадаад өр өсч, ДНБ-ий 220 гаруй хувьд хүрээд байгаа билээ.

ГАДААД ӨР НЭМЭГДСЭНЭЭС ҮҮСЭХ НӨЛӨӨ

Аливаа улсын гадаад өрийн хэмжээ тухайн улсын эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг. Тухайлбал, өрийн хэмжээ нэмэгдэхэд инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, хадгаламж буурч, төсөв, мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлөх төдийгүй улс орны эдийн засаг болон тусгаар тогтнолд аюул учрах эрсдэл агуулдаг билээ. Гэтэл өнөөдөр валютын ханш огцом нэмэгдэж байгаад нийт өрийн үзүүлэх нөлөөллийн судалгааг Засгийн газар битгий хэл Монгол банк нь мэдэхгүй будилж сууна.

2013 онд Тажикстан улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-хээ 50 хувиас давж, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн учраас гадаад өрийн зарим хэсгийг цуцлахын тулд Уулын-Бадахшаны тодорхой газар нутгийг БНХАУ-д шилжүүлснээр 2013 оны 5 сарын 6 өдөр өмнөд хөршийн цэргүүд тухайн нутаг дэвсгэрт нэвтэрч орсон талаар мэдээлж байв. Мөн 2017 оны 12 сарын 9 өдөр Шри-Ланк улс Хамбантотын боомтоо гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлөх зорилгоор 99 жилийн хугацаатай Хятадад хүлээлгэн өгсөн байна. Америкийн “www.visitsrilanka.com” сайтад өнгөрсөн 2 сард “Хятадын өрийн занганд орж буй найман улс” гэх нийтлэл гарсан бөгөөд дурьдагдсан найман улсын тоонд Монгол Улс багтжээ. Уг нийтлэлд, “Өнгөрсөн хугацаанд Хятад улс гол зээлдэгчээрээ ядуу буурай орнуудыг сонгож, тэднийг өмнө нь бэлдсэн “урхи”-ндаа оруулж байна. Тэд зээлдэгчдэд санаанд оромгүй санал тавьж, хэрвээ өрөө хугацаандаа төлж чадахааргүй болбол газар нутгийнхаа өчүүхэн хэсгийг өөрт нь өгөхийг тулган шаарддаг” хэмээн анхааруулсан байна. Ийнхүү аливаа улс орон гадаад өрийн урхинд орвоос эдийн засгийн хувьд төдийгүй улс орны тусгаар тогтнолд аюул учирч болох юм. Засгийн газар шаардлагатай өр, зээлээ төлөхийн тулд дахиж шинээр зээл авч санхүүжүүлэхээс өөр гарц, сонголтгүй болсон тэр мөчөөс “өрийн урхи”-нд ордог.

Ийнхүү гадаад өрийн хэмжээ зохих түвшингээс давсан тохиолдолд улс орны эдийн засгийн макро үзүүлэлтүүд огцом буурч, нийгмийн амьдрал тогтворгүй болж, улс төрийн нөхцөл байдал хурцдах нөхцөл үүсдэг. Аливаа улс өр зээлийн дарамтад орсон тохиолдолд тулгарах эрсдлийг эдийн засгийн тоон үзүүлэлтийг нуршилгүй авч үзвэл:

1.​ Санхүүгийн эх үүсвэрээ бие даан зарцуулах эрхгүй болно,

Аливаа тусгаар улс иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх, улс орны хөгжил дэвшилд хүргэх боломжит хувилбарыг сонгож санхүүгийн нөөц, эх үүсвэрээ чөлөөтэй зарцуулах боломжтой байх нь чухал. Гэтэл “өрийн урхи”-нд орсон засгийн газар санхүүгийн бүхий л нөөц боломжоо зөвхөн өр зээлийн асуудлаа эцэслэн дайчлан шийдвэрлэхээс өөр гарцгүй болно.Өрөө төлөөгүй нөхцөлд зээлийн алдагдал нэмэгдэж, санхүүгийн эх үүсвэр улам бүр үнэтэй болдог.

2.​ Бүрэн эрхт байдлаа алдах эрсдэл тулгарна,

Улс орны санхүүгийн асуудал нь бусдаас хараат болсон тохиолдолд улс орны тусгаар тогтнол өндөр эрсдэлтэй байна гэсэн үг. Хэдийгээр өнөө үед өрөөс шалтгаалаад тусгаар тогтнолоо алдах асуудал төсөөлөх аргагүй мэт санагдаж болох юм. Гэвч түүх сөхөж, үзье. 1862 оны 5 сарын 5 өдөр Мексикийн 4000 орчим цэрэг Францын армийг бут цохижээ. Энэ өдрийг Cinco de Mayo буюу Мексикийн тусгаар тогтнолын баяр хэмээн өргөнөөр тэмдэглэж байна. Мексик Францад төлөх өр төлбөрөө хойшлуулмагц 2 орны хооронд дайн эхэлсэн юм. Хэдийгээр өнөөдөр ийм түүх давтагдах боломжгүй хэдий ч гадаад өрийн хараат байдал аливаа улсын төрийн эрх мэдэлд нөлөөлөх хүртэл хэмжээнд хадгалагдаж байна. Энд Грек улсын жишээг дурдаж болох юм. 2009 онд Грекийн гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 113 хувьтай тэнцсэнээр "Өрийн хямрал" эхэлсэн түүхтэй. 2015 онд ОУВСангийн 1,54 тэрбум еврогийн зээлээ төлөх боломжгүй болсноо зарлах үед ажилгүйдлийн түвшин туйлдаа хүрч, нийгмийн амьдралд үймээн самуун даамжирч, улс орныг удирдах эрх мэдлийн тодорхой хэсгийг гадаадын зээлдүүлэгчдийн эрх мэдэлд шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагууд (S&P, Fitch и Мoody’s) Грек улсын бондын зэрэглэлийг хөрөнгө оруулагчдын хувьд асар өндөр эрсдэлтэй ССС болгож бууруулав. Ийм бондыг “хог” гэж нэрлэх бөгөөд огт борлогддоггүй. Ер нь хөрөнгө оруулагчдын хувьд анхаардаг сөрөг хүчин зүйлийн тоонд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалсан нийгмийн хурцадмал байдал ордог аж.

3.​ Ирээдүйгүй улсын жагсаалтад багтана,

Гадаад өрийн хэмжээ улс орны ирээдүйн хөгжил хоёр хоорондоо салшгүй холбоотой. Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумсалж байгаа нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеэ эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа явдал юм.

 

Раднасэдийн Даваадорж /эдийн засгийн ухааны боловсролын доктор/