ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Би хүлээсэн...

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-04-30

Би хүлээсэн. Таныг ирнэ гэж. Нүдээ ширгэтэл, сэтгэлээ сэмэртэл харуулдсан. Унтахаар хэвтэхдээ, хичээлдээ явахдаа, найзындаа очихдоо бэтгэртлээ санасандаа уйлдаг байсан. Би ингэж л таныг хүлээсэн. Ухаан орсон цагаас минь хойш тэгтлээ намайг эрхлүүлдэггүй байсан ч, үнэнийг хэлэхэд ээжээс илүү би таныг л хайрладаг байлаа. Танд бүхнээ тоочиж, таныг бусдаас өмгөөлдөг байсан. Ээжээс хүртэл шүү. Хоосон хонож, өлсөж үзсэн ч, таны дэргэд байхдаа би бүхнээс илүү жаргалтай байсан. Гэхдээ та үүнийг мэдрээгүй. Та явсан. Магадгүй тэр амьдрал чинь танд утгагүй санагдсан байх. Ишигний эвэр шиг тэрсхэн хоёр үр рүүгээ нуруугаа харуулаад цааш алхахад чинь би танд гомдоогүй ээ.

“Битгий яваач” гэж уйлан хашгирч, хөлнөөс чинь тэгтлээ зүүгдэж гуйсаар байхад та явчихсан. Би ойлгоогүй. Тэр үед юу болоод байгааг, үр хүүхдээ, амьдралаа хэрэггүй хог шиг сэгсэрч хаячихаад эргэж харахгүй явах ямар шалтгаан байсныг ойлгоогүй. Жаахан ч байж дээ. Тэглээ гээд буруутгаж ч байсангүй. Таны явсан тэр өдрийг би тодоос тод санаж байна. Та ер нь надад хайртай байсан уу. Хайргүй учраас л хаяад явсан юм уу. Би горьдсон. Таныг эргээд ирэх байх гэж. Насанд хүрч, оюутан болсон хойноо ч тэр. Ангийн найз минь “Манай аав дүү бид хоёрыг орхиод явсан ч, буцаад ирсэн” гэж хэлэхэд нь надад хайртай бол буцаад ирнэ дээ гэж битүүхэндээ горьдож суусан. Гэхдээ та ирээгүй. Харин одоо би хүлээхээ больсон. Юмны учрыг ч ойлгодог болсон. Таныг мартсан. Цаг хугацаа өнгөрөх тусам аавтай гэдгээ мартсан. Магадгүй миний аавыгаа хайрласан хайрыг гомдол, цөхрөл бүрхсэн байх.