ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Соошл агсам

А.ОДСҮРЭН
2019-09-04

Нэгэн залуу хархүү фэйс­бүүк хуудсаараа дам­жуу­лан Хөтөлийн цементийн үйлдвэрт агсам тавьж байна. “Сэлэнгийн залуучууд удаан тэсч чадахгүй шүү!!!!!! Би өөрийн Facebook-ээр Хөтөлийн концесс эзэм­шигч нарт яриа хэлэл­цээр, эв найрамд­лын аргаар үйлд­вэрийн ажилчидтай хэлэл­цээрт орж цалин хангамжийг нь нэмэхийг, гудамжинд гар­га­сан ажилтнуудаа буцааж авах 2 шаардлагыг “Аядуу зөөлөнөөр” шаардаж байна!!!!!!️ Би Хөтөлд очно. Очихдоо зүгээр очихгүй шүү!!!!!! Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,

ЗГХЭГ-ын дарга нарын төлөөлөлтэй очоод Эрдэнэтээс та нарыг яаж хөөсөн яг тэр аргаар хөөж чадна шүү!!!!!!
Эхний удаад аядуу зөөлөн шаардлаа” гэж байна. Төрийн тэргүүнээ, гүйцэтгэх засаг­лалын тэргүүнээ, бүгдийг биш юм аа гэхэд хэн нэгийг нь дагуулж очиж байгаад алж өгнө өө гэж. Бөөсөнд хутга гэж энэ. Тэрийг дуудахаар дагаад явдаг Ерөнхийлөгч ч гэж юу байх вэ, Ерөнхий сайд ч гэж хэнсэн билээ. Үнэхээр Хөтөлийн цементийн үйлдвэрийн ажилчдын эрх ашгийг хамгаалъя гэж байгаа бол чимээгүйхэн очоод зохицуулчих. 

Болохгүй бол хууль шүүхээр нь асуудлыг шийдүүлчих. Цахим ертөнцөд эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй орилж хашгирч, дур тавихаа л больчих. Ж.Батзандан нарыг дуурайж байгаа бололтой юм. Чадахгүй л дээ. Тэд нь арай өөрөөр, арай томоор сэтгэчихээд чарлаад байгаа юм. Агсам залуу хатан хаанд өөрийгөө өргөмжлөөд байдаг Өнөрчимэгтэй төстэй мөртлөө, Их хурлын чуулганы хуралдаан дээр байнга ярьж, хуурай агсам тавьж байдаг О.Баасанхүү гишүүнээс тэс ондоо. Хэдэн жилийн өмнө манай хөрш байсан нэг айлын нөхөр нь шалихгүй агсам нөхөр. Хааяа балгачихна. Балгачихаад ирэхээрээ эхнэр хүүхдээ “хөөрхөөн” дөнгөчихөөд, хөрш айлуудаа “чангалчихаад” байдаг байж билээ. “Та муусайнуудыг алчихсан байхад амийг чинь хэн нэхэх юм. Та нар намайг хэн гэдгийг мэдэх үү. Тэр цагдаагаа дууд, би айхгүй” гэж тэр хавьдаа пижигнүүлнэ. Нөгөөдүүл нь эхэндээ айж сандардаг байснаа сүүлдээ бүр нохой хуцаж байгаа чинээ ч тоохоо больсон юмдаг. Яг түүн шиг соошлоор ажлаа хийж, соошлд хашгирдаг намчид, цүнх баригчид цөөнгүй болж. Тэднийг дагаж намирагчид, магадгүй өөрийг нь тоож өөд нь татах болов уу гэсэн бацаанууд голдуу баадууг нь чангалж, ёргиож байгаа харагдах нь эмгэнэлтэй. 

Твиттер буюу жиргээнд  нэг эмэгтэй бий. Дэмийрэгч гэнэ үү, элийрэгч гэнэ үү. Ёстой юу тааралдсан руугаа агсам тавина. Машин зам дээр хорголоо унагаасан хонь руу ч агсарч мэдэхээр амьтан. Эрүүл согтуу нь мэдэгдэхгүй нэг тийм шизофрений шинж тэмдэг илт мэдрэгдээд байдаг юм. Монголын үндэсний радио 85 жилийн ойгоо тэмдэглэж байна. Хэдэн жилийн өмнөх хүүхдийн “Улаан бүч” чуулгынхантай яг адилхан хувцасласан хүүхдүүд Монголын радиогоор хүн бүхний сонсч өссөн дууг дуулж байна. Тэрийг хараад шүлсээ үсчүүлэн соц нийгэм рүүгээ ухарлаа, тэнэг мангар юмнууд, шинэ юм сэтгэж чадахгүй нь уу, чааваас гэж агсарлаа. Харин сүүлийн үед төрийн тэргүүн рүү агсардгаа больсон байна лээ. Зөрчлийн хуулиар шийтгэл хүлээсэн нь нөлөөлсөн биз. Хүнийг доромжилж болно гүтгэж болохгүй гэдгийг тэр эмэгтэй уг нь мэднэ. Гэхдээ тэгэхээс тэгэх гэж өддөг, хоргоодог. Агсам тавьдаггүй бол уг нь их аятайхан хүүхэн санж. 

Нийтлэлч Баабар хэд хоногийн өмнөөс Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх нь гэж үнэн голоосоо дургүйцэж тачаадлаа.  Оросын цэргийн нисэх хүчнийхний үзүүлбэрийг “гахайны өмнө шүр сувд дэлгэж гайхуулав гэгчээр Улаанбаатарын дээгүүр орчин үеийн дуунаас хурдан цэргийн онгоц бөөнөөр нь нисгэж мөн онгирч байна аа” хэмээн агсрав. Наанадаж Хүй долоон худагт очиж үзүүлбэрийг үзсэн бүхэн, цаанадаж Монголын гурван сая гаруй иргэн /мэдээж Баабараас бусад нь/ гахай, мэгж, торой өөр юу ч юм болчихов. Түүгээр ч барахгүй Япон бол Монголтой байлдаагүй, монголчууд Манж-Го-гийнхонтой л байлдсан, япончууд харин ч Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байсан гэж тухайн цаг үед амьдарч байсан ч юм уу, эсвэл Монголд Японы тагнуулаар ажиллаж байсан хүн шиг л баталгаажуулан бичжээ. Санаанд орсноо бичих, түүнийгээ туйлын үнэн мэтээр ярьж сурталчилж, эх түүхээрээ оролдох нь гадныханд ашиглагдах, тэдний санаа бодлыг өөгшүүлэн дэвэргэх аюултай хэмээн мэргэжлийн түүхчид үздэг. Харин Баабар тун ч болхи зохиол /нийтлэл/ тэрлэсэн тухай түүхчид ярьж, өмнөөс нь ичиж байна.  Рио Тинтог магтаж нэг, муулж нэг үздэг Баабар нийтлэлчийн бүлт үсэрдэг нь ч учиртай л гэх юм билээ. 

Яг одоо агсам тавигчид, тэдний ботууд ид язганаж байна. “Путин ирлээ гэж зам хаалаа. Бүтэн нэг хоног амраалаа. Зам хааж байна гэдэг чинь ОХУ-д дагаар орно гэсэн үг. Путинаас тийм ч асуулт асуу, ийм ч зүйл гуй. Тэр Монголд биш Польшид очих байсан юм” гэнэ, супер. Хөнгөн маазраа, тоглоом шоглоом биш жинхэнэ пост, коммент. Бид боловсрох, хөгжих яагаа ч үгүй байна. Ном уншмаар байна, түүхээ судалмаар байна, төрийн түшээд нь төвшин баймаар байна. Учир мэдэх зарим нь аргаа барахдаа В.Путин, Ши Жинпин нар бол яалт ч үгүй дэлхийн топ улстөрчдийн тоонд ордог. Тэднийг аль ч улс орон замаа хааж, өндөр зэрэглэлийн хамгаалалт дор айлчлуулдаг юм шүү, дүү нар минь гэж аргаа барж сууна. 

Монголын соошлчид ид агсам тавьж байна. Монголдоо монгол сэдвээрээ монгол ахуйгаараа биш галактикийн юм ярьж агсам тавьж байна. Монголын агсамууд мандтугай.