“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг 17 дахь жилдээ энэ сарын 18-24-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2019” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын ногооний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм. Уг арга хэмжээнд 16 аймгийн 30 гаруй сум, нийслэлийн таван дүүргээс нийт 280 гаруй ногоочид ,Олон улсын таван төсөл, 20 гаруй бүлэг хоршооныхон оролцож байгаа юм. Тэд бүгд өөр өөрийн тамгатай, мөн гарал үүслийн гэрчилгээтэй болсон тул хятад ногоо борлуулах боломжгүй гэдгийг ногоочид онцолж байв. Худалдаалж байгаа ногоонууд тариалсан нутгийнхаа онцлогоос хамаарч харилцан адилгүй үнэтэй аж.
Тухайлбал, монгол төмс кг тутам нь 700-1000, байцаа болон лууван 1000-1200, манжин 1300-1500 төгрөгийн үнэтэй байв. Харин сонгино 2000-7000, амтат чинжүү 3500, дарсан өргөст хэмх хэмжээнээсээ хамааран 2000-8000, улаан лооль 5000-7000, сармис 15-30 мянган төгрөгөөр худалдаалж байна. Үзэсгэлэн худалдааны гол ач холбогдол нь нийслэлд төмс, хүнсний ногоо, нөөшилсөн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор ногоочид дундын зуучлалгүйгээр бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа явдал юм. Жил бүр шилдэг оролцогч сум шалгаруулдаг уламжлалтай бөгөөд Дархан уул аймгийн Орхон сум долоон жил дарааллан шилдгээр шалгарч байжээ. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцогч ногоочдын ам сайтай байгаа нэг зүйл нь, “Японы ядуурлыг бууруулах сан”-ийн Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах 9192-МОН ТӨСӨЛ” юм байна.
Уг төсөл нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, ХХААХҮЯ-ны дэмжлэгээр дөрвөн аймгийн дөрвөн суманд хэрэгжиж буй зорилтот бүлгийнхнийг дэмжих төсөл аж. Төслийн гол зорилго нь хүнсний ногооны хамтын аж ахуйг бий болгох, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах, чадавхийг бэхжүүлэхэд оршино. Уг төсөлд Увс аймгийн Улаангом, Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Дархан уул аймгийн Орхон сум тус тус шалгаран хэрэгжүүлж байгаа юм байна. Тус төслийг ногоочид ам булаалдан магтах бөгөөд ногоочдын амьдралд мэдэгдэхүйц дэвшил гаргасан болохыг тэд онцолж байлаа. Төслийн хэрэгжилтийн талаар орон нутагт хэрэгжүүлж буй төслийн зохицуулагчдаас тодрууллаа.
Ерөө сумын төслийн зохицуулагч Д.Батцэцэг
-Манай суманд 10 бүлгийн 71 өрх 244 гишүүнтэй төслийн баг ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд төслийн шугамаар бүлгийнхэндээ үнэгүй үр тарааж ургацаа тооцоолж байснаасаа давуулан биелүүлсэн. Ногоочид маань сэтгэл өндөртэй, талархалтай байгаа. Хойшид энэ төсөл 2022 он хүртэл хэрэгжих учраас тариалалт, ургац хураалт улам сайжирна гэж бодож байна. Төсөл хэрэгжилт жил ирэх тусам улам л үр дүнтэй болох байх. Ирэх жилээс бүлгүүдийн дунд техник хэрэгсэл олгохоор байгаа. Өөрсдөө хичээж ажиллавал хүссэн үр дүндээ хүрэх боломжтой гэж харж байна.
Борнуур сумын төслийн зохицуулагч Ч.Оюунбилэг
-Манай суманд 10 бүлгийн 88 өрх энэ төсөлд хамрагдаж байгаа. Бид зорилтот бүлгийнхний ажиллах хүсэл сэтгэлтэй гэр бүлүүдээ сонгон авч хамруулсан. Энэ төсөлд хамрагдъя гэсэн олон хүн байсан боловч бид төслийнхөө дагуу л сонголтоо хийсэн. Ногоочид маань тэр бүр өөрсдөө үрээ худалдан авах боломж бололцоо тааруу байдаг. Харин энэ төсөлд хамрагдсанаар үрээ үнэгүй авч тариалалтаа хийсэн. Энэ хавар төсөл дөнгөж эхэлж байгаа учраас үрийн хүртээмж бас тийм ч их байгаагүй. Улсаас үр тарианыхныг дэмжээд байдаг болохоос бишь ногоочдын ажил үйлчилгээг дэмжих талаар тийм ч хангалттай байдаггүй. Харин төсөл хэрэгжиж эхлэхэд хүмүүс ам сайтай, үр дүнтэй ч байна.
Улаангом сумын төслийн зохицуулагч Н.Ганчимэг
-Манай суманд есөн бүлгийн 77 өрхийн гишүүдтэй төслийн баг ажиллаж байна. Юуны түрүүнд манай сум шар манжин, шар лууван, бөөрөнхий байцаа, хүрэн манжин гэх мэт хүнсний ногооны үр үйлдвэрлэлтээрээ улсдаа тэргүүлдэг. Ийм ч учраас энэ төсөлд сонгогдсон гэж боддог. Урьд жилүүдэд бид тэр холоос ирэхэд хэцүү л байсан. Харин энэ жилийн хувьд төслийнхөө зардлаар ургацаа аваад ирсэн бөгөөд үлдсэн бүлгийн хүмүүсийнхээ ногоог дайж авчран борлуулж байгаа. Энэ маань л бүлэг, хоршоолол болохын бас нэг давуу тал юм.
Орхон сумын төслийн зохицуулагч Н.Дэлгэр
-Манай сум 70 өрхийн 10 бүлэгтэйгээр төслийн ажлаа эхлүүлсэн. Энэ төслийн гол зорилго нь нэгдүгээрт, хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх, хоёрдугаарт бүлэг болж хамтран ажиллаж ,зохион байгуулалтад орж ажиллаж сурах явдал юм. Хүмүүсээ анх сонгохдоо нэг бүлэгт өрх толгойлсон эмэгтэй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй 2-3 хүнийг сонгож ажиллаж байгаа. Анхны жилдээ л үйл ажиллагаа явуулж байна. Төсөл маань цаашдаа гурван жил үргэлжлэх болохоор их ажил хийгдэх байх. Орхон суманд байгуулагдсан бүлгүүдээс хоршоо үүсээсэй гэж боддог. Дэлхийн улс орнуудын хөгжлийг харахад хоршоо чиглэлээр хамтран ажиллаж маш их хөгжиж байна.
М.Даваадулам