МУБИС-ийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч, Монголын багш нарын холбооны Ерөнхийлөгч, академич Б.Жадамбаатай ярилцлаа.
-Боловсролын салбарт насаараа ажилласан судлаач хүний хувьд Монгол Улсын боловсролын салбарын хөгжлийн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ. Бид дэлхийд аль хавьд яваа бол?
-1990 оноос хойш боловсролын салбарыг сайжруулах ажил тасралтгүй явж ирлээ. Оносон ч зүйл их, алдсан ч юм багагүй байна. Боловсролыг өөрчлөх чиг шугамыг бид юу гэж харж байсан бэ гэхээр дэлхий нийтийн боловсролын өөрчлөлтийн чиг хандлагыг баримжаалъя гэдгийг маш хатуу барьж ирлээ. Бид өөрсдийн уламжлалт соёл, боловсролыг дэлхийн жишигтэй хоршуулж, өөрсдийн боловсролын үзэл баримтлал, номлолыг тодорхойлох ёстой байсан гэдгийг сүүлийн жилүүдэд боловсролын салбарт бий болж байгаа үйл явдаг харуулж байна. Дэлхийд боловсролын салбараараа гайхагдаж буй Финлянд улс маш богино хугацаанд боловсролоороо дэлхийд нэгдүгээрт гарч ирсэн. Судалж үзэхэд, энэ улс дэлхийн орнуудын хэрэгжүүлэхээр зорьж буй хэв загварыг хуулж тавих биш өөрийн үндэстний онцлог, соёлд түшиглэн боловсролын салбарын бодлогоо зангидсанд учир нь байгаа юм. Тиймээс Монголыг хөгжүүлэх монгол хүн бэлтгэхийн тулд эхлээд боловсролын салбарыг шинэчлэх хэрэгтэй.
Ингэхдээ Финляндын жишээг харгалзаж, өнөөгийн байдалдаа дүн шинжилгээ хийн өөрийн орны уламжлалт байдалд түшиглэн бодлогоо шинэчлэх ёстой юм. Боловсролын бодлого чиглэл зөвхөн боловсролын салбарынханд биш хүн бүрт маш ойлгомжтой байхаар хийх хэрэгтэй. Ерөөс Монголын боловсролыг гурван үе шатад хувааж болно. Нэгдүгээрт, хүүхдийг бага ангид нь монгол хүн болгох ёстой. Суурь боловсролын түвшинд Монгол иргэн болгох. Харин ахлах сургуулийн түвшинд дэлхийн иргэн болгох бодлого байх ёстой гэж хардаг. Монгол орны хөгжлийг авч явах монгол хүн бэлтгэх л хамгийн эхний зорилго. Боловсролын шинэчлэлийг хувьсгал буюу эрс шинэчлэлийн замаар хийх гээд байгаа нь хамгийн том дутагдал. Шинэчлэлийг аажмаар буюу хувьслын зарчмаар хийх ёстой юм. Ерөөс боловсролын бодлогын залгамж чанар гэдэг зүйл манайд дутагдаад буй. Боловсролын яамны удирдлага өөрчлдөгдөхөд шинэ бодлого гардаг зарчмаар хол явахгүй. Тэгэхээр өмнөх бодлогод дүн шинжилгээ хийж, авах гээхийн ухаанаар явах ёстой л гэж хэлэх гээд байна. Шинэчлэл гэдэг угтаа бол цоо шинэ хөтөлбөр, бодлого оруулж ирэх биш доороосоо буюу хүүхдүүдтэй тулж ажиллаж байгаа багш нараасаа эхлэх ёстой. Багш нарын санаа бодол, туршлага боловсролын бодлогод тусдаг байх нь чухал.
Бидний анхаарах ёстой том асуудал бол хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалтыг явуулах. Тэгш боловсрол олгож байна гээд бүгдэд нь нэг хэв маягаар сургах гэж хүчилдэг. Маш буруу жишиг байгаа юм. Хүүхэд бүр өөр өөрийн аргаар тухайн хичээлийг сурах ёстой. Тийм боломжийг нь олгох л чухал байна. Хүүхдэд аливааг суралцах, танин мэдэх өөрийн арга барилыг эзэмших боломжийг олгох ёстой болохоос биш яг багшийн зааснаар сурахыг тулгах нь боловсрол олгож байгаа хэрэг биш. Монгол уламжлалд эрдэм гэдэг үгийг их дээдэлдэг. Нарийндаа боловсрол, эрдэм хоёр өөр зүйл юм. Эрдэм гэдэг боловсрол эзэмших арга. Аливаа зүйлийг олон дахин хийж үзэж байж, тэр зүйлийг хийх өөрийн гэсэн арга барилыг олдогтой яг адилхан зүйл. Тэгэхээр загасыг нь барьж өгөх бус загас барих аргыг нь зааж өгөх бодлогыг л баримтлах ёстой юм. Бид өнөөдрийг хүртэл загасыг нь барьж өгөх гээд зүтгээд байгаа учраас диплом тэвэрсэн сэхээтнүүд ажлын байранд гараад сурснаасаа илүү өөрийгөө хөгжүүлдэггүй, шинийг санаачилдаггүй, байрнаасаа хөдөлдөггүй сэхээтнүүд бэлтгэгдээд байгаа юм.
Эрдэм гэдэг сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх, амьдрах явцдаа боловсрол олох арга гэж ойлгож болно. Монголчууд бол нүүдлийн соёлоосоо амьдрахуйн ухааныг бүтээсэн улс. Ерөөс энэ зүйлийг ингэж хийдэг, энэ тоог ингэж боддог гэж цээжлүүлэхээс илүү түүнийг өөрөө сэтгэж, оролдож өөрийн гэсэн арга барилыг олоход сургах нь чухал. Бидэнд ийм бодлого л дутагдаад байна. Хүн болгоны чухалчлаад байгаа барууны соёл боловсрол бол зүгээр дамжуулах процесс байхгүй юу. Гэтэл өөрөө мэдлэгийг бүтээж, оролдож, сэтгэж байж арга барилаа олдог уламжлал монголчуудад бий. Дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлага өөрөө оролддог, оролдож байж аргаа олдог монгол сэтгэлгээ рүү чиглэж байна. Тэгэхээр гадныхныг хуулж, араас нь давхих бус өөрсдийн уламжлалд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлбэл, дэлхийн боловсролын хөгжлийг араас нь хөөж биш, урдаас нь амдаж гүйцэх боломж байна.
-Сургах биш сурах аргыг нь эзэмшүүлэх л хамгийн чухал юм байж. Бидэнд тэр аргыг олох уламжлалт сэтгэлгээ, туршлага байгаа гэж байна. Тэгвэл одоо юу хийх ёстой вэ. Юунаас эхлэх вэ?
-Алба, ажил хашиж байгаа хүмүүс түүнийгээ ном журмын дагуу бус ёс дагуу хашиж байгаа. Энэ нь тухайн ажлыг ингэж хийнэ гэсэн тогтсон жишгийн дагуу л хийж байгаа болохоос биш үүнийг ингэж хийвэл илүү хялбар юм, ингэвэл илүү үр дүнтэй болох юм байна гэдгийг сэтгэж олохгүй байна гэсэн үг. Ингэж хийгээд үзмээр юм гэж оролдлого хийж байгааг журамлах тал гэж байгаа юм. Бид ёслон дагах талыг нь эрдэм гэж чухалчлаад журамлах тал буюу эрэлхийлэх талыг нь орхигдуулчихсан. Эрэлхийлэх чанар бол хүний төрмөл чанар байдаг. Гэтэл төрмөл чанарыг хашиж, хөлд орж байгаа хүүхдийг заавал баруун хөлнөөсөө эхэлж яв гэж ёсчлон зааж байгаатай агаар нэг л бодлогыг боловсролын салбартаа хэрэгжүүлдэг. Диплом авч багш болдоггүй багшилж байж багш болно гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Эрдэмтэй хүн гэдэг ажиллах явцдаа улам хөгжиж байдаг хүнийг л хэлнэ. Тэгэхээр энэ байдлыг харгалзаж үзээд, ухагдахууныг заах бус сурдаг аргыг, эрэлхийлэх чанарыг нь хөгжүүлэхэд бүх хичээл чиглэх ёстой. Эрдэм сурах гурван арга байна. Нэгдүгээрт, одоогийн боловсролын салбарын бодлого буюу “Багшийг дагаж адил сурах”. Хоёрдугаарт, монголчуудын уламжлалт ухаан буюу “Бодитыг дагаж адил сурах”. Байгаль эхээс өөрөө ажиглаад аргаа олох ухаан гэсэн үг. Гуравдугаарт, “Сэтгэлээсээ төрөгдсөн оюун ухаан”. Дэлхий нийтийн боловсролын хөгжил мэдэрч танин мэдэх гэдгээс сэтгэж танин мэдэх чиглэл рүү явж байна. Бидэнд харин энэ чанар төрмөл байна. Үүнийгээ л боловсролын бодлогодоо тусгаж хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.
-“Сэтгэж танин мэдэх ухаан”-д суралцах чиглэлийн сургалт одоогийн боловсролын салбарын хөтөлбөрт дутагдаад байгаа юм байна гэж ойлгож байна. Хөтөлбөрт үүнийг тусгах талаар ярьж байгаа юу?
-Ярилгүй яах вэ. Олон жил дадал болсон зүйлийг өөрчлөхөд мэдээж багагүй цаг хугацаа орно. Хамгийн түрүүнд удирдлага, багш нар гээд энэ салбарт хүчин зүтгэж байгаа хүн бүр сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Түүнээс гадна үнэлгээг өөрчлөх шаардлага байгаа юм. Бид өнөөдөр үнэлгээг толгойдоо юу тогтоож вэ гэдгээр нь үнэлдэг. Дэлхий нийтийн боловсролын хөгжлийн хандлагаар сурахуйд сурсан байдлаар нь үнэлэх нь зөв гэж байгаа. Хэр их зүйл сурч вэ гэдгээр бус сурах арга барилд нь хэр ахиц гарч вэ гэдгээр нь үнэлж байгаа. Энэ л миний хэлээд байгаа эрдэмд суралцахын гол хөшүүрэг. Сүүлийн үед дэлхий дахинд гараад байгаа тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол, XXI зууны боловсрол, дэлхийн иргэний боловсрол гэсэн боловсролын салбарын шинэчлэлийн гурван том урсгалын гол үндэс нь эрдэм.
-Энэ жил багш нарын долдугаар их хурал болсон. Энэ үеэр дутагдаад байгаа энэ өөрчлөлтийг сургалтын хөтөлбөрт оруулах талаар ярьсан уу. Ямар шийдвэрүүд гарсан бэ?
-Долдугаар их хуралд би энэ асуудлаар “Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас, багшийн хөгжил бодлогоос” сэдэвт илтгэл тавьсан юм. Энэ илтгэлд эрдмийн түлхүүр багш, амьдралын түлхүүр ажил, ажлын түлхүүр арга гэсэн санааг илэрхийлсэн. Тэгэхээр багш нарынхаа багшлах арга зүйг өөрчлөхийн тулд бодлогоо өөрчлөх ёстой гэдгийг ярьсан. Их хурлаас боловсролын бодлогыг уламжлалаа түшиглэн эргэж харах ёстой гэдэг шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг ярих төдий өнгөрөөхгүйн тулд БСШУС-ын сайдын тушаалаар багш нарын их хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангах яамны дэргэд “Зөвлөлдөх зөвлөл” байгууллаа. Энэ зөвлөл хэд хэдэн удаа хуралдаж, багш нарын олон мянган саналыг нэгтгэн, эрхзүйн орчин, нийгмийн асуудал, багшийн ёс зүйг сайжруулах, сургалтыг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр баг гараад ажиллаж байгаа. Хамгийн эхний өөрчлөлт нь Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байх болов уу. Боловсролын цөм хөтөлбөрийг өөрчлөхдөө чадамжид биш боломжид суурилсан боловсрол олгох бодлого л баримтлах хэрэгтэй. Боломжид суурилсан гэдэг нь эв дүйтэй, ёс суртахуунтай, сэтгэлтэй болгоход чиглэнэ гэсэн үг. Мэдээж энэ өөрчлөлтийг хийхэд цаг хугацаа хэрэгтэй. Дэлхий нийтэд шаардлагатай байгаа зүйл бол ёс суртахуун төвтэй хөгжил юм. Ёс суртахуун, хууль хоёрыг хослуулж хөгжих ёстой. Бид ёс суртахуун буюу хүнтэй холбоотой талыг нь орхигдуулчихаад, хиймэл буюу хуульд түшиглэж байгаа учраас л өнөөдрийн ёс бус зүйлүүд гараад байгаа юм.
-Сүүлийн үед хүмүүс гадаадад сурч байж л өндөр боловсрол эзэмшинэ гэж хошуурах болсон. Энэ хэр зөв юм бэ. Хүүхдээ бүр багаас нь гадаад хэлтэй сургуульд сургаж байна?
-Энэ бол буруу битгий хэл аюултай зүйл. Хөрснөөсөө салаад хөөсрөөд алга болно шүү дээ. Монгол монголоороо л хөгжинө. Эхлээд монгол хүн болгох ёстой гэж би түрүүн ярилаа. Гэтэл хүмүүс нэгдүгээр ангиас нь хүүхдээ дэлхийн хүн болгох гээд байна. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа Хятад, Япон зэрэг орнууд хамгийн түрүүнд иргэнээ япон хүн, хятад хүн болгодог. Тэгэхээр үр хүүхдээ монгол хүн биш харь хүн болгож төлөвшүүлнэ гэдэг хамгийн буруу.
-“Боловсролын суурь судалгааны төв” гэж байгуулсан юм билээ. Суурь судалгааны төв гэхээр мэдээж таны ярьсан энэ бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг төв байх?
-МУБИС сүүлийн жилүүдэд сургалтаас гадна эрдэм шинжилгээний чадавхийг сайжруулах чиглэлээр олон зүйл хийж байгаагийн нэг нь энэ төв юм. Эрдмийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс тодорхой чиглэлээр төвүүд байгуулж ажиллаж байна. Боловсролын суурь судалгааны төв Тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол, үйлийн судалгаа, квант сэтгэл судлал, хичээл судлал гэсэн дөрвөн сектортой. Тус бүр гуч орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бидний эхний зорилго МУБИС-ийн брэнд чиглэлүүдийг үүсгэн хөгжүүлэх юм. Өөрийн гэсэн судалгааны шинэ чиглэлийг бий болгож, түүнийгээ Монголд төдийгүй дэлхийд таниулах бидний эхний зорилго. Суурь судалгаа гэдэг бол уламжлал, соёлд түшиглэсэн боловсролын бодлого гэж хэлж болно. Төвөө байгуулаад хоёр дахь жилдээ орж байна. Ямар ч байсан бусад оронд хийдэггүй судалгааны өөрийн гэсэн арга зүйтэй чиглэлийг гаргаад, судалгаагаа хийгээд явж байна. Тогтвортой хөгжил гээд асар их хөрөнгө гаргаад судалгаа хийгээд байгаа. Биднийх бол түүнээс өөр. Боловсрол гэдэг аливаа хүний үйл, түүний үр дүн гэж тодорхойлж байгаа юм.
Тэгэхээр тогтвортой хөгжил гэдэг нь хүн өөрийнхөө төлөө, бусдын төлөө, бусадтай хамтрах гэсэн гурван үйлээс бүрдэнэ. Өөрийнхөө төлөө хийж байгаа үйл бол тогтворгүй хөгжил. Бусдын төлөө хийж байгаа нь тогтвортой хөгжлийн боловсрол болно. Бусадтай хамтарна гэхээр тэгш боловсролын хөгжил гэсэн үг. Энэ бол бидний брэнд чиглэл юм. Квант сэтгэл судлал гэдэг дэлхий дахин гарч ирсэн цоо шинэ чиглэл. Хичээл судлалын чиглэлээр мөн өвөрмөц зүйл хийж байгаа. Хичээл гэдэг хичээх үйл юм. Тэгэхээр мөнөөх л эрдэмд сургах, аргыг нь эзэмшүүлэх асуудал. Энэ цагт ийм хичээл эзэмшинэ гэдэг барууны хэв маягаас тэс ондоо зүйл боловсруулж байгаа гэсэн үг. Хичээл гэдгийг бид оролцоо, оролдлого, ололт гэсэн гурван зүйлээр тодорхойлж, үүнд сургах бодлого баримтална гэсэн үг. Ерөөс амьдралаас ангид шинжлэх ухаан гэж байхгүй, шинжлэх ухаанаас ангид амьдрал гэж байхгүй учраас төр эрдэм шинжилгээний байгууллага хоёрын хамтын ажиллагаа маш чухал байна. Мөн улстөрч, эрдэмтэн хоёрын хамтын ажиллагаа чухал.
Монгол анх удаа зохион байгууллагдаж байгаа Эрдэмтдийн их хуралдаа амжилт хүсэхийн зэрэгцээ Монголын нийт сурган хүмүүжүүлэгч багш нартаа багш нарын баярын мэнд дэвшүүлэн, багш нарынхаа их хурлын шийдвэрийг ажил хэрэг болгохын төлөө хамтдаа хамтран ажиллахыг хүсье.