УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дахин задрах уу. МАН, АН-ын ажлын хэсгээс зөвшилцөлд хүрсэн тохиолдолд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг задрах боломжтой гэж үзээд байгаа?
-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаад, ард түмний санал асуулга явуулах төслийн эхийг УИХ-аас баталсан. УИХ өөрийн гүйцэтгэх үүргээ биелүүлсэн. Одоо шинэ санал оруулж ирэх, дахин санал хураах нь хуулиар хориотой. Тиймээс Үндсэн хууль одоогийн боосон байгаа 35 зүйл заалтын нэмэлт өөрчлөлтөөр цаашаа явах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн анх санаачилж өргөн барьсан. Ерөнхийлөгч болон бусад улс төрийн намуудаас тодорхой саналууд орж ирсэн. Саналуудыг нэлээд нэгтгэж авч үзсэн юм. Энэ хүрээнд мэдээж УИХ-ын 57 гишүүн дэмжиж байж тухайн заалт Үндсэн хуульд орно. Тэгэхээр 57 хүний саналыг авч, босго давсан 35 зүйлээр Үндсэн хууль цаашид явах юм. МАН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ард нийтээсээ санал асууж байж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна хэмээн мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн биелэлтээ хангах үүднээс шийдвэрээ гаргасан. Ерөнхийлөгчийн зүгээс ард нийтээс санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төсөлд хориг тавьсан. Харин УИХ-аас хоригийг хараахан эцэслэн шийдээгүй байна.
-МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Хоригийн хууль эрх зүйн үндэслэлийг харахаар хүлээж авах боломжгүй байгаа. Харин улс төрийн нөхцөл байдлыг нь харвал хоригийг хэсэгчлэн хүлээж авах, зөвшилцөх, ойлголцох шаардлага үүсэж байна. Хууль зүйн үүднээс харвал хоригийг тавих гэж тавьсан байна гэж харж байгаа. Тухайлбал, 25–ын тодорхой хуулийн заалтыг үндэслэлдээ дурдаагүй гэж бичсэн байсан. Үндэслэлдээ дурдсан Үндсэн хуулийн 68.2 заалт нь дотроо 25.1 өөрөө орсон байгаа. Дараа нь Үндсэн хуулийг хуулийн хэлбэрээр өргөн бариагүй байна. Харин төслийн хэлбэрээр өргөн барьжээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьснаас хойш хуульчид, эрдэмтэн мэргэдийн хүрээнд нэлээд маргаж ирсэн асуудал. Гэхдээ өнөөдрийг хүртэлх хугацаанд парламентын түвшинд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болгон нэмэлт өөрчлөлт хэлбэрээр өргөн баригдаж ирсэн. Хуулийн хэлбэрээр өргөн барих юм бол энэ нь өөрөө Үндсэн хуулиа зөрчих нөхцөл үүснэ. Зарим нэг хуулийг хуулийн хэлбэрээр өргөн барих зүйл байдаг. Үндсэн хууль нь өөрөө өнөөдөр улс төрийн намуудын төрийн институтын ойлголцол зөвшилцөл дээр гарах баримт бичиг. Энэ утгаараа хориг дээр тодорхой ойлголцолд хүрэхийн тулд бүлгээс ажлын хэсэг гарсан. Эцсийн шийдвэрийг бүлгийн хуралдаанаар гаргана.
-Олонхийн зүгээс гуравдугаар хэлэлцүүлэг рүү шууд оруулаад батлах бүрэн боломжтой. МАН-ынханд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг шууд батлах зориг алга гэж шүүмжилж байна?
-Эрхзүйн хүрээнд парламент гуравдугаар хэлэлцүүлгээр батлах бүрэн боломжтой. Гэхдээ энэ нь зоригтой байх, байхгүйн асуудал биш. Үндсэн хууль бол ард түмний төртэй байгуулж байгаа нийгмийн том зөвшилцлийн баримт бичиг. Тиймээс МАН-ын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгээс эхлээд хуулийг чанд мөрдөх, олон нийтийн оролцоог хангах, бусад улс төрийн институтийг оролцуулж батлах гэсэн байр суурьнаас өнөөдрийг хүртэл буулт хийх байдлаар явж ирсэн. Ард түмнээсээ асууж, шийдвэрлэхийн буруу гэж байхгүй. Энэ нь Монгол Улсын 20, 30 жилийн хувь заяаг шийдэх чухал асуудал.
-Хариуцлагаас мултрах үүднээс ард нийтийн санал асуулга явуулах гэж байна” хэмээн тайлбарлах цөөнгүй хүмүүс бий. Та санал нийлэх үү. Хэт нэг талыг барьж байгаа нь ийм дүгнэлт хийхэд хүргэсэн байх?
-Үндсэн хуульд нэг үг, өгүүлбэр оруулна гэдэг нь өөрөө том асуудал. Тэгэхээр нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 35 зүйл заалтад өөрчлөлт орж байна гэдэг асар том асуудал шүү дээ. Үндсэн хуулийн нэг үг, өгүүлбэрийн ард тухайн системийн, тухайн салбарын асуудлыг шийдвэрлэхүйц хэмжээний өөрчлөлт ордог. Үндсэн хуулийн эрх зүйгээс эхлээд хуулиа ойлгоогүй хүмүүсийн жишээ байна. Мэдээж Үндсэн хуулийн асуудал нь өөрөө өргөн агуулгатай. Маш чамбай ажиллах ёстой. Өмнө нь АН-ынхан 1999 онд хоёрхон өдрийн дотор долоон зүйл заалтыг өөрчилж байсан. Тэр долоон өөрчлөлт нь маш их хэл ам дагуулж, 20 жил явлаа. Харин бид энэ удаагийн өөрчлөлтийг үндсэндээ гурван парламент дамжуулан ярьсан. Хэлэлцүүлэгт бэлдэх гэж хоёр жил гаруй болсон. Хэлэлцүүлэгт ороод гурван сар гаруй болж байна. Нууж хаах зүйлгүй, ил тодоор явуулж байна.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зарчим юу байгаа вэ. Олон нийтийн хүсэн хүлээсэн өөрчлөлт орж чадаагүй юм биш үү?
-Дөрвөн томоохон чиглэлд өөрчлөлт гарна. Тухайлбал, парламентын сахилга хариуцлагыг сайжруулах, хариуцлагыг эзэнтэй биетэй болгоно. Хэн хариуцлага үүрэх юм бэ гэдгийг Ерөнхийлөгчөөс эхлээд багийн дарга хүртэл эрх үүргийг нь нарийвчилж зааж өглөө. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдийг эргүүлэн татахтай холбоотой заалтууд орсон. Засгийн газрын гишүүний давхар дээлийг хязгаарлахтай холбоотой өөрчлөлт орсон юм. УИХ-ын үйл ажиллагааг цаашид чанартай явуулах зэрэгтэй холбоотой томоохон өөрчлөлтүүд орсон шүү дээ. Өмнө нь оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийн зургааг нь хэсэгчлэн сэргээсэн. Улстөржилт, намчирхлыг багасгах асуудал, улс төрийн намыг хариуцлагатай ил тод болгох чиглэлээр тодорхой заалтууд орсон. Тухайлбал, улс төрийн намыг 801 хүний дэмжлэгтэй байгуулж болдог байсан. Шинэ хуульд 20 мянгаас дээш хүний дэмжлэгтэй байж, улс төрийн нам байгуулдаг болно. Улс төрийн намуудын нэр хүндийг өсгөх, хариуцлагатай байлгах чиглэлд том алхам болно. Мөн байгалийн баялгийн хуваарилалт, ашиглах, эзэн байх, сан байгуулах зэрэгт нэлээд тодорхой өөрчлөлтүүд орлоо. Нутгийн удирдлагыг боловсронгуй болгох, өмч, татварын харилцааг, орон нутагт өгөх зэрэг заалтууд бий. Шүүхийн засаглалын хараат, бие даасан байдлыг хангахад нэлээд анхаарсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийг хараат бусаар байгуулах гэхчилэн нарийвчилсан заалтууд орсон юм. Энэ заалтууд батлагдаад, органик хуульдаа ороод явбал нийгэмд өөрчлөлт ирэх томоохон алхам болно гэдэгт илтгэлтэй байгаа.
-Парламент баталж чадах нь уу?
-МАН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах бүрэн боломжтой. Гэхдээ хүч хэрэглэж асуудалд хандахгүй. Манай намынхан энэ байр сууриндаа байгаа. Олон талт уулзалтуудыг зохион байгуулж, тал талын байр суурийг сонирхож байна. Одоо ч зөвшилцөлд хүрэхийн тулд ажиллаж байна. Батлахын тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллана.