ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Энхтүвшин: Замын-Үүд боомт жилд 400 гаруй тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-07

Дорноговь аймагт хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийж байгаа юм. Үүнтэй холбогдуулан бүтээн байгуулалтын явц, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй ярилцлаа. 

-Дорноговь аймгийн хувьд уул уурхайн нөхөн сэргээлт, лиценз олголтын асуудал байнга хөндөгддөг. Энэ чиглэлд ямар бодлогоор ажиллаж байгаа вэ? 

-Анх ажил хүлээж авахад нийт газар нутгийн таван хувь л орон нутгийн тусгай хамгаалалтад байлаа. Одоо бол нийт нутгийн 25 хувийг тусгай хамгаалалтад авсан. Засаг даргын мөрийн хөтөлбөрт 30 хувийг тусгай хамгаалалтад авна гэж тусгасан. Ерөнхий сайд, УИХ, Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, Засгийн газар гэх мэт бүх шатанд өөрийн биеэр ярьж, хэлэлцэж байж Хамарын хийд орчимд олгоод байсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулж чадлаа. Өнөөдрийн байдлаар 561 лицензийг 360 болгоод байна. 2016 онд намайг ажил авахад “Сүлдэн мөнх овоо”, “Хутагт уул”-ыг лицензээр олгочихсон байсан. Одоо тусгай хамгаалалтад аваад байна. Даланжаргалан сум, Айраг сумын Цагаан дэлийн агуйг тусгай хамгаалалтад авсан. Хутаг уулыг төрийн тахилгат уул болгох саналтай байгаа. Энэ бодлогыг бүгдийг буруу тийшээ эргүүлэх гэж оролдож байгаа хүмүүс цөөнгүй бий.

-Хямд үнэтэй орон сууцыг санаачилж олон айл, өрх байртай болж байгаа гэх сайхан мэдээ байна. Тэгэхээр цаашдаа барилга орон сууцны хэрэгцээ, шаардлага аймгийн хэмжээнд их болох байх. Дэд бүтэц талаасаа ямар ажил төлөвлөж байгаа вэ?   

-Аймгийн зүгээс газрыг үнэгүй олгож, дэд бүтцийн ажлыг хийж, нутгийн зөвлөл хөрөнгө, мөнгө гаргаад томоохон бүтээн байгуулалт хийсэн. Энэ ажлыг бид УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай нэг баг болж хамтран ажилласны үр дүнд хийж байгааг тодотгомоор байна. Хүн амын нягтаршилтай холбогдуулан орон сууцны хэрэгцээ их байгаа. Тиймээс томоохон хэмжээний дулааны станц нэмж барих маш том хэрэгцээ байна. Тэр дундаа дөрөв болон долдугаар багт дулааны станц барих шаардлагатай байгаа. Сумдад цэвэр, бохир усны нэгдсэн сүлжээ хийнэ. Орон сууц зөвхөн Сайншанд, Замын-Үүдээр хязгаарлагдахгүй. Нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ-тай хамтран санаачилж, Эрдэнэ суманд барьсан 27 айлын гурван орон сууц удахгүй ашиглалтад орох гэж байна. Өргөн суманд 27 айлын орон сууцыг  барьж ашиглалтад оруулсан. Аравдугаар сарын 15-нд Айраг суманд гурван давхар 48 айлын орон сууц ашиглалтад орно. Олон овоо багт орон сууц ашиглалтад орсон байгаа. Одоо Хөвсгөл, Сайхандулаан, Алтанширээ сумдад төрийн албан хаагчийн 4-8 орон сууц ашиглалтад орох юм. Бид шат бүртээ сум орон нутгийг төвлөрсөн орон сууцтай, цэвэр, бохир устай эрүүл аюулгүй орчинд амьдруулах нөхцөл байдлаар хангахаар ажил­лаж байна. Энэ жил аймгийн хэм­жээнд дөрвөн суманд цэвэр, бохирын шугам тавина. Ингэснээр нийт сумдын 90 гаруй хувь нь инженерийн нэгдсэн шугамд холбогдох юм. 

-Бүтээн байгуулалтад хичнээн төгрөгийг зарцуулсан бэ. Хөрөнгө оруулалтыг сумдад хэрхэн хуваарилав?

-Ихэнх суманд 1.5-5 хүртэлх тэрбум төгрөгийн бүтээн байгуу­лалт хийж байгаа. Товчхондоо долоон газар Спортын зал, Мандах сум, Замын-Үүд сумдад цэцэрлэг, Эрдэнэ суманд дотуур байр, дөрвөн суманд нэгдсэн уурын зуухны инженерийн шугам баригдаж байна. Энэ бол маш хурдтай хөгжиж чадаж байгаагийн үр дүн. Өнөөдөр Дорноговь аймгийн татварын орлого 23 хувиар нэмэгдлээ. Хуучин 67 сая төгрөг уснаас орж ирдэг байсан бол энэ жил нэг тэрбум төгрөг усны татвар хэмээн ногдуулаад байна.

-Зарим газар олон жил дамнан “царцсан” барилгууд бий юм билээ. Эдгээр барилгуудыг барьж дуусгах талаар ямар ажил хийж байгаа вэ?

-Миний ганц зарчим бол эхлүүлсэн ажлаа дуусгах юм. Аливаа аж, ахуй нэгж байгууллагын хариуцлагагүй байдлаас болж сум, орон нутгийн хөгжлийг хойш татсан байдал хэрхэвч байж болохгүй. Өмнөх Засаг дарга УИХ-ын гишүүнтэйгээ хамтарч ажиллаж чаддаггүй байсан тул маш олон тооны барилгын ажил царцсан,  дампуурсан аймгийг надад хүлээлгэн өгч байлаа. Гурван жил гаруй ажиллах хугацаандаа энэ бүхнийг яагаад хийж чадаагүй юм бол гэж гайхсан шүү. Сайншандад 2019 оны аравдугаар сарын 4-нд 50 ортой төрөх эмнэлгийн нээлт болно. Шинэ төрөхийн хажуу талд нь байгаа “царцсан” барилгыг шүүхдээд буулгаж чадахгүй л байгаа. Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийг ашиглалтад өгнө. Мөн Хатанбулаг сумын соёл, спортын зургаан жил гацсан төвийг орон нутгийн төсвөөр дуусгаж ашиглалтад оруулна. 

-Замын-Үүд сумын боомтыг шинэчлэх ажил өрнөж байгаа. Боомт тэлээд ирэхээр улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж орон нутагт үр өгөөж тэр хэрээр өгөх болов уу. Жилдээ хичнээн төг­рө­гийг Замын-Үүд боомтоос улсын төсөвт төвлөрүүлдэг юм бэ? 

-Жилдээ 400 гаруй сая төгрөг төвлөрдөг. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 92 мянган  хүн амьдарч байгаагийн 30 мянга нь Замын-Үүд суманд амьдарч байна. Ийм хэмжээний хүн амтай сум ховор шүү. Тиймээс Монгол Улсын үүд хаалга, олон улсын боомт гэдэг утгаараа хөгжүүлэхэд төр засаг онцгой анхаарах хэрэгтэй байгаа юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л үйлдвэрийн тоног төхөөрөмж энэ л боомтоор дамжиж орж ирдэг. Гадаад руу аялж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь зөвхөн энэ боомтоор гарч байна шүү дээ. Хөл хөдөлгөөн, хүн амынхаа нягтаршлыг дагаад одоо­ноос онцгой байдлын хүчин чадлыг нэмэг­дүүлэх, гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргий­лэх талаар анхаарч ажиллаж байгаа.

-Төрийн албаны нэр хүндийг өсгөх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэхэд ямар шалгуур тавьж байна вэ?  

-Ямарваа нэгэн хүн алдаа гаргасан бол алдсан хариуцлагаа мэддэг байх хэрэгтэй. Тиймээс ямар ч тайлбар, учир шалтгааныг тоочих шаардлагагүй шууд арга хэмжээ авдаг. Сумдын Засаг дарга нарыг утсаар яриад, дуудаж алдааг нь тайлбарлаж, хэлж, сургаж цаг алдахгүй ажиллаж байгаа. Монгол Улсын хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой бол хэн ч байсан хариуцлага хүлээх хэрэгтэй. Төрийн албан хаагчдын хийж байгаа ажлынх нь үр дүнд тогтмол хяналт тавьдаг. Гол нь гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах хэрэгтэй юм. Аливаа хийсэн ажлынхаа үр дүнд хяналт тавьдаггүй байсан учир бидний яриад буй олон барилгын ажил царцсан. Барилгын ажлын үйл явцыг хараад энэ компани болохгүй юм байна гээд санхүүжилтийг нь зогсоож өөр компаниар гүйцэтгүүлдэг байсан бол ийм асуудал үүсэхгүй шүү дээ. Иргэн бүрт төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. 

-Өвөлжилтийн бэлтгэл ажил, намрын ургац хураалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч. Энэ жилийн тухайд хүйтэн өвөл болох талаар урьдчилсан төлөв гараад байна. Бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Өвс тэжээлийг хангалттай бэлтгэх талаар анхаарч ажиллаж байна. Манай аймгийн Сайхандулаан, Мандах сумдад намар хүндхэн болж байгаа мэдээлэл байна. Бусад сумдад зуншлага гайгүй болсон. Тиймээс эрт цочир хүйтэрч магадгүй тул сум, аймгийн малчид хувийн бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй. Аймгийн тухайд Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгаас өвс, тэжээлээ бэлтгэнэ. Ойрын үед хойд найман суманд хүлэмж дагалдах хэрэгсэл, мал угаалгын ванн, трактор, хадуур, тармуур, инженерийн хийцтэй худаг тус бүрт хоёрыг гаргаж өгөхөөр гэрээ байгуулан ажиллаж байна. Сум болгонд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, сэргээн засварлах ажлыг хийж байгаа. Тэгэхээр малчид цаг агаарын болзошгүй нөхцөл байдалд уялдуулан бэлтгэл ажлаа сайтар хангах хэрэгтэй юм.       

-Танай аймагт махны үнэ дорвитой буурахгүй байна. Үнэд нөлөөлж байгаа ямар хүчин зүйлс байна вэ? Тайлбар өгвөл...

-Дорноговь аймагт маш их бүтээн байгуулалт хийгдэж байгаа учир хүн амын өсөлт өндөр байна. Мөн Дорноговь аймаг бага малтай шүү дээ. 21 аймгийн хэмжээнд сүүлээсээ дөрөвдүгээр байрт ордог. Эрдэнэт, Дархан, Говьсүмбэр, Дорноговь гээд хамгийн бага малтай аймгуудын эгнээнд жагсдаг. Нефтийн үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт, үйлдвэр үйлчилгээнд олон иргэд ажиллаж байна. Тэгэхээр эдгээр хүмүүс хөдөө сумдад ажиллахдаа махыг өндөр үнээр худалдаж авч байгаа юм. Жишээлбэл, Мандах суманд төмөр зам барьж байгаа найман компани байна. Тэд зэргэлдээ айлуудтайгаа гэрээ байгуулаад хоол унданд  хэрэглэх махаа худалдаж авдаг. Аймагт өрнөж байгаа том бүтээн байгуулалтуудыг дагаад махны үнэ нэмэгдэх хандлагатай байгаа учир махны үнийг тогтворжуулахад анхаарах болно. 

-Орон нутаг дотоодын хүнсний хэрэгцээгээ хангахын тулд газар тариалан эрхлэгчдээ бодитоор дэмжих шаардлагатай байдаг. Энэ талаар ямар бодлогоор ажиллаж байна?

-Ер нь жижиг, дунд үйлдвэрлэлийг маш сайн дэмжиж ажилладаг. Орон нутагт нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас тодорхой хэмжээний санхүүжилт аваад ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор зээл олгож эхэлсэн. Тус сангаас 2019 онд жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаа дэмжиж тэрбум төгрөгийг 21 компанид хувааж өгөхөөр боллоо. Мөн сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийг сайжруулах хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг хурдан шуурхай олгох талаар анхаарч байна. Намрын үзэсгэлэн худалдаагаар бүх жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэдтэй уулзлаа. Иргэдийн хэлж байгаагаар борлуулалт сайжирсан гэлээ. Аймгийн хүн ам нэмэгдсэнтэй холбогдуулаад эдийн засгийн өсөлт сайн байгаа. Цаашдаа жижиг, дунд бизнес эрхлэгч  нараа дэмжиж ажиллах болно. Ойрын хугацаанд аймгийн хүн ам улам нэмэгдэнэ. Нийт хүн амын тоо 100 мянга давахад нээх олон жил шаардахгүй байх гэж харж байгаа. Ерөнхий сайд “Дорноговь аймаг бол улсын анхааралд байгаа тулгуур аймгуудын нэг” гэдгийг тодотгосон. Бид 1.5 сая тонн хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэрийнхээ дэд бүтцийг Монголын талаасаа хийгээд дууссан. Зүүнбаянд Таван толгойн төмөр замын ажил явагдаж байгаа. Замын-Үүд суманд шинэ боомтын шав тавих ёслол боллоо. Нийт гадаад гарч байгаа хүмүүсийн 78 хувь нь зөвхөн Замын-Үүдийн боомтоор гардаг. Монголын эдийн засгийн өсөлт нэмэгдсэн хэдхэн жишээн дээр батлагдаж байгаа. Нийт импортын 70 гаруй хувь энэ боомтоор орж ирдэг.  XXI зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалт бол нефть боловсруулах үйлдвэр, төмөр зам хоёр гэж хувьдаа бодож байгаа. 

-Аймгийн хэмжээнд нэн шаардлагатай ямар боловсон хүчнийг бодлогоор сургаж, дэмжих шаардлагатай байгаа вэ. Одоогийн төмөр зам, нефтийн үйлдвэрийн дэд бүтцийн ажил, сэргээгдэх эрчим хүч гээд томоохон ажлуудад яг орон нутгийн иргэд ажиллаж чадаж байгаа юу?  

-Улсын чанартай томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байгаа энэ цагт орон нутаг боловсон хүчний хомсдолд ороод байна. Боломжтой хүмүүс нь бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа. Тиймээс гаднаас маш олон тооны хүмүүс ирж ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 4000 орчим төмөр замчин дутагдалтай байгаа тоо бий. Зүүнбаян, Таван толгойн төмөр замын ажилд боловсон хүчин шаардлагатай байна. Эдгээр хүмүүсийг Дорноговь аймгийн МСҮТ-ийн материаллаг бааз дээр ямар ч үнэ төлбөргүй суралцах боломжийг олголоо. Одоогийн байдлаар төмөр замын таван шинэ ангид 150 орчим оюутан суралцаж байна. Бид УБТЗ-тай гэрээ байгуулж дээд сургуульд багшилдаг мэргэжлийн багш нараар нь хичээлийг заалгахаар болоод байгаа. Дадлагын байрыг төмөр замаас хариуцна. Цаашдаа төмөр замын коллеж болох боломжтой. Мөн Нефть боловсруулах үйлдвэрийн ажилчин ангийг бэлтгэхээр ярианы түвшинд хэлэлцээ хийгдэж байна. Бид цаг үетэйгээ нийлэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхээр ажиллаж байна. Гол нь үнэ төлбөргүй сургаж, ажлын байраар хангах нь хамгийн чухал.

-Хэдхэн хоногийн өмнө орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг биечлэн очиж үзлээ. Компаниудын ажлын гүйцэтгэл ямар хэмжээнд байна вэ? 

-Орон нутгийн компаниудыг сайн дэмжсэний үр дүнд өрсөлдөх чадвар нь сайжирсан. Манай орон нутгийн компаниуд 20 гаруй тэрбум төгрөгийн тендер авсан. Ер нь 2-8 ажил авч ажиллаж байна. Шинэ залуу компаниуд ч  гарч ирлээ. Дотоодын компаниудаа дэмжиж байж иргэдийн ажлын байр нэмэгдэнэ. Миний үед таван шинэ компани гарч ирлээ. Цаашдаа ч илүү их дэмжих болно. Энэ жил нефтийн үйлдвэрийн 530 айлын  орон сууц барихаар болж орон нутгийн компаниуд хувааж ажиллахаар боллоо. Дараа жил том оврын машинтай компани хэрэг болно. 400 га газрыг тэгшлэх 30 тэрбум төгрөгийн ажил байгаа. Ер нь аймгийн хэмжээнд том машин механизмтай компани олдохгүй байгаа. Бидэнд асар их боломж, бололцоо байгааг иргэд сайн анзаарч харах хэрэгтэй. Боломжийг олж хараад надад санал, хүсэлтээ гаргавал холбогдох арга хэмжээг авч ажиллахад үргэлж бэлэн байгаа шүү. Чадах чинээгээрээ том бүтээн байгуулалтын хэсгийг орон нутгийн иргэд өөрсдөө хийх хэрэгтэй байгаа юм. Аймгийн жолооч нарын нэгдсэн холбоотой болсон учир тээврийг орон  нутгийн жолооч нар хийдэг болсон. Ингээд зохион байгуулалтад ороод надад санал, хүсэлтээ хэлэхэд нээлттэй. Гадаад, дотоодын аж ахуй нэгж байгууллагуудтай хамтарч ажиллаж орон нутгийн компаниудад боломж олгоход бэлэн байна.