Экспорт, Олон улсын Худалдааны Төвийн Тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх Л.Баян-Алтайг энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.
-Дотоодын үйлдвэрлэгчид гадаад зах зээлд өрсөлдөх боломжийг эрэлхийлж, хоёр хоног хуралдлаа. Энэ удаагийн форумаас гарах үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Манай байгууллагын гол хийдэг ажил нь олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох гэж байгаа бизнес эрхлэгчдэд төрөл бүрийн дэмжлэг үзүүлж, сургалт, зөвлөгөө зохион байгуулдаг юм. Гадаадын олон үзэсгэлэн худалдаанд авч явах, зуучлах гэх мэтээр гадаад зах зээлийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ удаа, манай байгууллага болон Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, холбогдох бусад газруудтай хамтраад “Экспорт форум-2019” олон улсын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үр дүнг гурван зүйлээр тодорхойлж болно. Нэгдүгээрт, энд цугласан хэдэн зуун бизнес эрхлэгчид экспортоо хийгээд эхэлчихсэн, эсвэл хийх гэж байгаа компаниуд юм. Тэд нэг дор цуглаж, өөрсөддөө тулгарч буй бэрхшээлээ ярьж байна. Ноолуурын бизнес эрхэлдэг хүмүүс байлаа гэхэд гадаадад гаргахад тулгарч буй бэрхшээл юу байна, тариф, чанар, үнэ, будаг дизайны асуудлаа ярилцах нь. Мөн, бэрхшээл асуудлуудаа төр засгийн шийдвэр гаргагчдад дуулгаж, шийдлийг нь хамтдаа хайж буй гэдгээрээ онцлогтой. Салбарын яамны удирдлагууд бүгд ирсэн байгаа учраас экспортын бизнес эрхлэгчдийнхээ бэрхшээлийг сонсох юм.
Хоёрдугаарт, гадны компанийн төлөөлөгчдийг нэлээдгүй урилаа. Япон, Турк, Бельги, Их Британи, АНУ зэрэг олон улсаас иржээ. Улс орон бүхэнд экспортын бүтээгдэхүүн авахад тавигдах шаардлага гэж байдаг. Жишээ нь, Японы зах зээл гэхэд өөрийн гэсэн онцлогтой. Тус улсын хэрэглэгчдэд өөрийн гэсэн дуртай өнгө, дизайн байдаг. Тэгэхээр Монголд зарагдаж байгаа ноолууран цамц Японд амжилттай зарагдана гэсэн баталгаа байхгүй учраас тухайн улсынхаа зах зээлийн онцлогийг мэдрэх, ойлгох ёстой юм. Тиймдээ ч гаднаас ирсэн төлөөлөгчид энэ талаар манай бизнесийнхэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө. Гуравдугаарт, бүтээгдэхүүнээ экспортлох гэж байгаа компаниуд бүгд бүтээгдэхүүний дээжээрээ үзэсгэлэн худалдаа гаргалаа. Гадаад, дотоодын байгууллага, ААН-үүдэд үзүүлж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, бидэнд ийм бүтээгдэхүүн байна, түүнийгээ гадагшаа гаргахыг хүсч байгаа учраас та бүхэн үзэж, судлаад санал сэтгэгдлээ хэлэх, хэрвээ сонирхож байвал хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өгөөч гэх мэтээр хамтын ажиллагааны олон шинэ гарцыг нээх нь ээ.
-Экспортоор бүтээгдэхүүнээ гаргаж байгаа компани гэвэл “Говь”, “Тэсо” гэх мэтээр маш цөөхөн. Гаргахаар санаархаж байгаа хэчнээн компани байна вэ. Дотоодын үйлдвэрлэгчид юунд алдаад байна вэ?
-Наад асуултад чинь хариулах үүднээс бид үйлдвэрлэгчдэд зориулж сургалт зохион байгуулна. Монгол болон гадаадын мэргэжлийн багш нар сургалт явуулна. АНУ, Франц, Япон, Туркээс ирсэн мэргэжилтнүүд нар хичээл заана. Өөрөөр хэлбэл, та Монголд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хэдий ч гадаад зах зээлээ судлахгүй бол амжилт олохгүй шүү гэдгийг л зааж сургана гэсэн үг. Үйлдвэрлэгчдэд тулгардаг бэрхшээл бол зах зээлийн судалгаа. Дотооддоо олон тоогоор зарагдаж байгаа юм чинь гадаадад ч адилхан гэж боддог. Гэвч тэнд адилхан тоогоор зарагдахгүй. Өнгө, дизайн, орц найрлага таардаггүй. Мөн бизнесийн төлөвлөлт, зах зээлийн судалгааг хийж сурмаар байна. Ямар насны, ямар орлоготой, бүр ямар хүйсийн хүмүүст зориулж бүтээгдэхүүнээ гаргах вэ гэдгээ судлах ёстой. Ганцхан цэнхэр ороолт хийчихээд түүнийгээ бүх хүнд зарна гээд явчихаар бүтдэггүй байхгүй юу. Гадны зах зээлд гарчихсан компани цөөхөн гэдэг нь үнэн. Гэхдээ бид илүү олон болгохын тулд олон арван компанитай хамтран ажиллаж байгаа.
-Дэлхийн зах зээлд хамгийн ашигтай, Монгол Улсыг таниулж чадах бүтээгдэхүүний зах зээл нь юу байгаа талаар судалж үзэв үү?
-Маш олон бүтээгдэхүүн байгаа гэж боддог. Бидний туршлагаас харвал ноос ноолуур дэлхийн зах зээлд хамгийн эрэлттэй бараануудын нэг. Гадныхан маш их сонирхдог. ЖДҮ эрхлэгчид энэ салбарт ихээр орж ирлээ. Гэхдээ өмнө хэлсэнчлэн брэнд бий болгох нь чухал. Монгол ноолуур маш гоё гэсэн ойлголттой гадны хэрэглэгчдэд чанаргүй бүтээгдэхүүн хүргээд эхэлвэл эргээд нэр хүндээ алдах эрсдэлтэй. Тиймээс олон юмны дунд чанаргүй хэсэг байх вий гэдгийг сайтар бодох нь чухал л даа. Брэндийн үнэ цэнийг хадгалах талаар төр ажиллах ёстой юм. Мөн арьс, ширэн эдлэлээр танигдах боломж бий. Монгол Улс хэчнээн сая малтай билээ. Тэндээс гарч байгаа арьс ширийг эцсийн бүтээгдэхүүн болгох том боломж байгаа. Том жижиг гэхгүй олон үйлдвэр яг энэ чиглэлд ажиллаж эхэлснийг дуулгая. Тухайлбал, хоёр жилийн өмнө манай байгууллагаар дамжин Японд болсон үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүний дээжээ авч очсон компани одоо тухайн улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах гэрээ байгуулж, эхнээсээ багахан хэмжээний бүтээгдэхүүн гаргаад эхэлчихсэн явж байна.
-Монгол Улс БНХАУ-тай хамтран үзэсгэлэн худалдаа зохион байгуулж эхэлсэн цагаас хойш цахим худалдааг ярьж байгаа. Гэхдээ ахиц гарсангүй. Дэлхий дахин хил хязгаар, хэл усаар хязгаарлагдахгүй интернетээр, цахимаар худалдаа хийгээд эхэлчихлээ шүү дээ. Энэ чиглэлд бид нэг алхам хоцроод байх шиг?
-Интернэтийг яаж олон улсын худалдаанд ашиглах вэ гэдэг нь яах аргагүй ярих сэдэв болсон. Онлайн худалдаа шинэ тутам хөгжиж байна. Харин манайх давуу талаа болгож чаддаггүй. Гааль татвар, технологио яаж ашиглах вэ гэсэн асуудлаар мэдлэг дутмаг байгаа нь үнэн. Гэхдээ боломж бол бий. Ялангуяа, Интернетийн технологийг ашиглаад amazon.com, ebay.com, etsy.com гэх сайтууд дээр манайхан бараа, бүтээгдэхүүнээ гаргаж улмаар хил хязгаарын саадгүйгээр экспорт хийх боломжтой. Энэ талаар, мөн манай мэргэжилтнүүд бизнес эрхлэгчдэд боломж, гарцыг зааж өгдөг. БНХАУ-ын тухайд арай өөр л дөө. Тус улсын зах зээл маш том зах зээл шүү дээ. Тэгэхээр нэг захиалга авчихаад түүнийгээ хүргэх, нийлүүлэх гэсээр хугацаа алдах асуудал гарна. Хүчин чадлаа тооцоолох ёстой гэж хэлээд байгаа юм. Дээж авч очоод үзүүлнэ. Болж байна гээд 10 мянган ширхэг захиалахаар эндээ ирээд нөгөөхөө үйлдвэрлэж чадахгүй, хугацаа алдах гэх мэтээр асуудал олон бий.
-Стандартын шаардлага хангахгүй гэдэг шалтгаанаар гологдож байгаа юм билээ. Органик бүтээгдэхүүний зах зээл олон улсад байгаа ч манайх сав баглаанаасаа эхлээд гологдоод эхэлдэг?
-Сав, баглаа боодол бол олон улсын хэрэглэгчдийн хамгийн том шалгуур. Бүр нэг номерт шүү. Ноолууран цамц, арьсан түрийвч, чацарганы жүүс байсан ч гаднах шошго дээрээ юу гэж бичсэн, орц найрлага, хэрэглэх заавар байна уу гэж хардаг. Манайх бүтээгдэхүүний агуулга талдаа их алддаг. Ямар түүхий эдээр хийсэн бэ гэдгээ дэлгэрэнгүй, үнэнчээр бичих ёстой байдаг ч тэгдэггүй. Тэгж байж л худалдан авагч итгэнэ. Үүнийг шийдэхгүйгээр олон улсад гарна гэдэг хэцүү. АНУ-ын Хөдөө аж ахуйн департментаас хүнсний бүтээгдэхүүнд маш удаан хугацааны туршилт, шалгалт хийж байж зах зээлдээ нэвтрүүлдэг. Түүнийг өгөхийн тулд бүтээгдэхүүнийг химийн шинжилгээнд оруулж, агуулга бүтцийг нэгбүрчлэн шинжилж үзнэ. Япон ч мөн адил маш нарийн шалгууртай. Энэ бүхний дараа шинжилгээний хариугаар гарсан агуулгыг бүтээгдэхүүний сав баглаа дээр тухайн орны хэлээр бичих ёстой болдог. Энэ бол маркетингаас гадна зайлшгүй хийх ёстой ажил.
-Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулж, тухайн зах зээлд татваргүй бараа нэвтрүүлэх боломж нээгдсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ руу оёмол бүтээгдэхүүн татваргүй нэвтрүүлэх асуудлаар ярилцсан. Гэвч энэ бүх боломжийг үйлдвэрлэгчид ашиглаж чадахгүй байна уу?
-Үүнийг хоёр талтай гэж боддог юм. Япон, Европын холбоотой хийсэн харилцан татваргүй бараа оруулах гэрээ бий. Тухайлбал, Японтой хийсэн гэрээг харахаар маш олон бүтээгдэхүүнийг татваргүй оруулж болно гэчихсэн байдаг. Гэтэл тэр барааг нь манайхан үйлдвэрлэж байгаа нь цөөхөн. Нэгдүгээрт, шаардлага хангахгүй. Хоёрдугаарт, бид хийж чадахгүй байгаа. Гэтэл Японы үйлдвэрлэгчид манай зах зээлд бүтээгдэхүүнээ чөлөөтэй оруулж ирээд борлуулдаг. Бүр давуу тал болгож ашигладаг. Харилцан ашигтай байх ёстой ч нэг улс нь илүү давуу байна уу гэж хэлэх гээд байна. Тэгэхээр төр засаг үүнд анхаарч ажиллах ёстой. Бизнес эрхлэгчид ч энэ чиглэлд ажиллах ёстой юм. Хэлэлцээр байгуулахдаа судалгаагүй хандсан учраас барааны тоо нь олон харагдаж байгаа ч манайх үйлдвэрлэдэг бараа тэр дунд цөөхөн юм билээ. Цаашдаа гэрээний давуу талаа бүрэн дүүрэн ашиглах байх аа.
-Үйлдвэрлэгчдээ гадны зах зээлд гаргаж чадсан амжилттай туршлагыг хоёр өдөрт сонслоо гэж байна. Тухайлбал, манайхтай ойролцоо сайн туршлага нэрлээч гэвэл та ямар улсыг нэрлэх вэ?
-Олон байгаа л даа. Шинэ Зеландыг нэрлэж болно. Цөөхөн хүн амтай, жижиг улс. Гэхдээ маш олон үхэр, хоньтой. Тус улс махны экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Жилд 5-6 тэрбум ам.долларын мах экспортолдог. Мөн цөцгийн тосны экспортоор манлайлж буй улсын нэг. Яагаад ийм мундаг байна вэ гээд судлаад үзэхээр төр засгийн удаан хугацааны тогтвортой бодлого хэрэгжсэн байдаг. Гарал үүсэл нь тодорхой байдаг. Гэтэл манайд бол энэ бодлого дутмаг байна. Хаанаас ч хамаагүй мах авч иддэг атлаа хаанаас гаралтай, аль аймгийн хэн гэж малчны хотноос ирснийг мэддэггүй. Гэтэл эдгээр улс орнууд малаа хүнээсээ илүү тоолоод кодлочихсон. “Traceability” гэдэг ойлголт бий. Гарал үүсэл тодорхой байхаар хэрэглэгчид ч итгэлтэй худалдаж авна биз дээ. Ийм өвс, тэжээл иджээ, химийн найрлага алга байна, хэдэн настай байхад нь нядалсан, ямар дамжлагаар дамжсан бэ гэдгээ тодорхой болгосны дараа л бид дэлхийн зах зээлд гарах тухай ярина. Энэ бүхнээ шийдэж чадсан учраас Шинэ Зеланд улс хөдөө аж ахуйн салбартаа тэргүүлэгч экспортлогч орон болжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болох ёстой гэж олон жил ярьж байгаа. Төр засгийн холбогдох яамд, газруудад энэ бодлогоо байнга тайлбарладаг. Энэ талаар удахгүй дорвитой бодлого хэрэгжүүлнэ гэж найдаж байна.
-Төрийн бодлого экспортлогчдоо дэмжих чиглэлд зөв явж байна уу?
-Маш олон төсөл хөтөлбөр явж байгаа юм билээ. Монгол Улс 1990 оноос хойш нийтдээ 480 гаруй дунд болон урт хугацааны стратеги, үзэл баримтлал, хөтөлбөр, бодлого, мастер төлөвлөгөө гэх мэт баримт бичгүүд батлагдсан байдаг. Харамсалтай нь эдгээр бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт нь ихэнх тохиолдолд хангалтгүй байжээ. Тухайлан, экспортын бодлогын тухай ярья л даа. Энэ чиглэлийн хөтөлбөрүүд экспортлох гээд явж байгаа бизнес эрхлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу гэдэгт ярих, судалгаа хийх, эргэж харах зүйл бий. Тухайлбал, ЖДҮХС-гаас бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэдэг. Гэтэл хуваарилагдсан мөнгө нь хангалттай биш байна шүү дээ. Хэдэн мянган өргөдөл, бизнес төлөвлөгөө ирдэг ч маш бага хувийг нь санхүүжүүлдэг. Тэгэхээр экспорт хийх гэж байгаа бизнес эрхлэгчид санд төлөвлөгөөгөө өгөөд санхүүжилт авах боломж хангалттай биш. Мөн тухайн зах зээлийг нь ойлгуулах, мэдлэг, мэдээлэл өгөх чиглэлээр төр ажиллах шаардлагатай юм.
Тухайлбал, Монголд суугаа АНУ-ын Элчин сайдын яам өөрийнхөө улсын бизнес эрхлэгчдэд зориулаад Монгол Улсын зах зээлийн талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл, тайланг сайтдаа оруулдаг. Ингэснээр АНУ-аас ирж Монголд хөрөнгө оруулах гэж байгаа нэг компанийн захирал өөрөө ирж судалгаа хийхгүйгээр тэндээс мэдээллээ аваад, ямар салбарт хөрөнгө оруулах вэ гэдгээ ч судлах боломж бүрдэнэ. Мөн Элчин сайдын яамандаа хандвал бүр илүү мэдээлэл олж өгдөг. Энэ үйлчилгээ л манай төрд дутагдаж байна даа. Төрийн ажилтнуудад “customer service” буюу харилцагчийн үйлчилгээний талаар маш сайн ойлгуулах, сургах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийнхөн маань иргэдээ харилцагч гэж үзээд, өөрсдийгөө үйлчилгээ үзүүлэх ёстой хүмүүс гэдгээ ойлгомоор байгаа юм. Гоё, гоё хөтөлбөр гаргадаг ч тэр нь бодит амьдралдаа нийцдэггүй, хэрэгждэггүй. Бизнес эрхлэгчдэд өдөр тутамд тулгарч буй бэрхшээлийг шийдэхийн төлөө явдаг бол манай улс дэлхийн хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч экспортлогч орон байх бүрэн боломжтой юм. Бид дэлхийн маш том хоёр зах зээлийн дунд байгаа учраас үүнийгээ давуу тал болгох ёстой гэдгийг ярилцлагынхаа төгсгөлд хэлье.