ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Даланжаргалангийн далан зовлон-2

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-06

Үргэлжлэл. 
Түрүүч нь 178/5266 дугаарт

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд өнөөдрийн байдлаар уул уурхайн ашиглалтын 60 гаруй зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж газар нутгийг нь сэндийчилж, хүн амьдрах аргагүй болж, мал сүрэг нь бэлчих газаргүй болсон талаархи сурвалжилгаа бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа тус суманд ажиллаж амьдарч байгаа иргэдтэй хийсэн ярилцлагаа хүргэе.  Бид тус сумын Засаг дарга болон холбогдох албаны хүмүүстэй уулзах гэсэн Засаг дарга н.Уранцэцэг нь Улаанбаатар хот руу сумын гар бөмбөгийн тамирчдаа аваад явсан, эзгүй байв. 

 

Н.Болдбаатар: Тонн нүүрсийг тонн усаар угааж байна 

-Даланжаргалан суманд үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч? 
-Нүүрс угаах үйлдвэрүүд түүхий нүүрсийг нийслэл хот руу оруулахгүй гэдэг Засгийн газрын мэдэгдлээс хойш үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн.  Түүнээс биш энд “Монгол Алт” компани 15 жил нүүрс ачиж байсан л даа. Ашиглалтын 60 гаруй зөвшөөрөл,  хайгуулын 33 лиценз байгаа боловч бүгд  ашиглалтынх болсон гэхэд хилсдэхгүй.  Гэхдээ энэхүү тоон  мэдээлэл үргэлж өөрчлөгддөг. Хэдхэн сарын өмнө харахад 50 байсан. Манай сумын “Элдэв” багт л гэхэд Алагтолгойгоос  эхлүүлээд 10 орчим нүүрсний уурхай бий. Багийн төвөөс 1.5 км радиус дотор нүүрс угаах, баяжуулах үйлдвэрүүд олноороо үйл ажиллагаа явуулж байна. Миний тоолсноор  нүүрс угаах, баяжуулах, чулуу бутлах, цемент,  коксын гэх мэтчилэн 10 гаруй үйлдвэр бий. 

-“МАК” компани томоохон үйлдвэрлэл эрхэлдэг бололтой?  
-“МАК” компанийн хагас коксны үйлдвэр,  ачилтын талбай, цементийн үйлдвэр нэг дор байрладаг. Уурхайгаас нүүрсээ шланзаар өдөр шөнөгүй зөөж багийн төвд ачилтын талбайд  буулгадаг. 
Хоёр жилийн өмнө “МАК”-ийн цементийн үйлдвэр ашиглалтад орсон. Уг компанийг анх 2000 гаруй ажилтантай болно гэхэд нь бид Даланжаргалан сумын төвд ажилчдын кемпээ барь гэдэг шаардлагыг тавьж байсан. Газрыг нь ухаж, баялгийг нь ашиглаж байгаа бол суманд чинь жаахан ч гэсэн юм хийж өг гэдэг ч өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй. “МАК” цементийн үйлдвэр Шаврын ордыг сумын төвөөс хойш 3-4 км орчимд авсан. Багийн иргэдийн хурал энэ саналыг дэмжээгүй, олон удаа буцаасан ч сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдээр оруулж гуравхан хүнээр хэлэлцүүлээд хууль бусаар авчихсан. Энэ 2016 оноос өмнө болсон явдал л даа. Харамсалтай нь одоо үйл ажиллагаа нь эхэлчихсэн. 

-“МАК”-ийн үйлдвэрийн хажууд олон нүүрс угаах үйлдвэр байна. Гэтэл ойрхон  айл амьдарч байна шүү дээ? 
-“МАК”-ийн баяжуулах үйлдвэр Дорноговь аймгийн хэмжээнд маш хариуцлагатай үйлдвэр гэгддэг. Гэтэл нутгийн иргэдийн нүдээр харахад хариуцлагатай зүйл байхгүй л дээ. Бидний явж буй энэ сайжруулж хуссан замыг энэ үйлдвэр тавьсан ч малчдын  худаг ус, булаг шандан дээгүүр дайрч гаргаад, хашаа хорооных нь голоор зам гаргасан. “Элдэв” багийн малчин н.Баттөр гэдэг хүн бий. Тэр хүн  “Халзан” рашаан сувиллын малыг малладаг байсан. Нөхцөл  байдал ийм болсон учир тухайн байгууллагын малыг маллах боломжгүй болж  авдаг байсан 300 мянган төгрөгийн цалингаа ч авч чадахаа байсан. Одоо нутгаасаа ч нүүгээд явчихсан. Гомдол гаргасан ч шийдээгүй л байна. 

-“Олон овоо” багийн оршин суугчидтай хаяа дэрлэн уурхай,  ачилтын талбай байдаг юм байна. Хүүхдийн тоглоомын талбай нэг ч харагдсангүй? 
-Олон овоо тосгонд хүүхдийн тоглоомын талбай барих ч газар үлдээгүй. Бүгдийг нь энэ компаниуд дуудлага худалдаагаар авчихсан. Зарим эцэг, эхчүүд нь ажилладаг  учраас тэднийгээ дагаад  ийм орчинд, тоос шороон дунд амьдарч байна. Эрүүл мэндээрээ хохирсон ч түүнийх нь төлөө дуугардаг удирдлага гэж байхгүй. Гэхдээ нутгийн уугуул иргэд нь тэр болгон ажиллаж чадахгүй байгаа. 

-Хууль хяналтын  байгууллагад хандахаар  ямар хариу хэлдэг вэ? 
-Манай сумын Бичигт багийн нутагт  “Олон ихт баян” гэдэг компани бий. Засгийн газрын захирамжаар 10800 гаруй га газар авсан байдаг. Б.Чойжилсүрэн гишүүний ахынх нь компани. Багийн иргэдийн хурлын дарга нарыг загнаж, дарамталж явдаг хүн бий.  Ашиглалтын лицензтэй болоогүй байхдаа,  хайгуулын лицензээр үйлдвэр барьж эхэлсэн юм. Бид тэмцэж аймаг,  сумын  мэргэжлийн хяналтын байгууллага дуудахаар лацаддаг. Маргааш нь байцаагч нарыг загнаад лацыг нь авахуулчихдаг.  Харин Улсын мэргэжлийн хяналтын байгууллага дуудаагүй хамгийн ойрын субьектээ л дуудсан. Анх үйлдвэр барихдаа газрын  зөвшөөрөл авсан байх ёстой байтал хууль зөрчсөн. 

-Таны яриагаар тодорхой дүрэм журмынх нь дагуу үйл ажиллагаагаа явуулдаг компани ховор байх нь?
-Байхгүй дээ.  Угаах үйлдвэрүүд  анх Иргэдийн нийтийн хурлаар орохдоо, Шивээ говийн уурхайн гүний уснаас усаа авчирч нүүрс угаана гэж ТЭЗҮ-дээ тусгаж байсан. Тухайлбал, “Давхар амжилт” компанийг хэлж болно. Удалгүй нэг сарын дараа энэ хэсэгт цооног өрөмдөж гүний ус ашиглаж эхэлсэн. Газраа авахдаа Ашигт малтмалын газраас бус барилгын хайрга, чулуу бэлдэнэ гэж сумаас зөвшөөрөл авдаг. Тухайлбал, “Гишгэр” гэдэг үйлдвэр жонш олборлодог атлаа сумын иргэдийн хурлаас барилгын хайрга чулуу бэлдэнэ гэж зөвшөөрөл авсан байдаг. Мөн л  барилгын хайрга чулуу бэлдэнэ гэж зөвшөөрөл авчихаад мана, гартаам зэрэг үнэт чулуу олборлож, жийпээр зөөж байна. Саяхан Сумын  ИТХ-аас шалгалт оруулахад 90 орчим хувийг нь ухаад дуусчихсан  байсан. Гэтэл суманд  нэг ч төгрөгийн орлого оруулаагүй. 

-Нүүрс угаах үйлдвэрүүд усаа хаанаас авдаг юм бол. Говь нутагт усны нөөц гэхээр юм ховор байх?
-Би хагас коксжуулсан нүүрсний үйлдвэрт ажиллаж байсан. Нүүрсийг угааснаараа утаагүй болдоггүй юм. Угаана гэдэг нь зөвхөн гадна талын тоосыг нь авч, түүхий нүүрсээ ачихыг хэлээд байгаа юм. Гэтэл  нэг тонн нүүрсийг нэг тонн усаар угааж байна. Говьд шүү дээ. Сумаас өдөрт хэдэн шалаанз хэчнээн тонн нүүрс гаргадаг билээ. Түүний хэмжээгээр ус бохирдож, шавхагдаж байна. Дээрээс нь үлдсэн тоос нь л энэ нутагт үлдэж байгаа. 

-Ядаж нөхөн сэргээлт хийдэг үү? 
-Яг тийм нөхөн сэргээлт хийгээд  дэлхийн жишигт нийцүүлсэн зүйл байхгүй. Дорноговь хөгжлийн их санд буюу аймагт мөнгөө байршуулдаг. Гэтэл аймаг нь Даланжаргалан сумын иргэдийн нулимстай мөнгийг 13 сумын бүтээн байгуулалтад зарцуулаад манай сумыг хаячихдаг. Монгол орон уул уурхайг ашиглаад  хөгждөг бол өнөөдөр та бүхэн тосгонд биш Даланжаргалан хотод ирэх ёстой байлаа. Тосгон ядаж 12 жилийн сургуультай болж амжаагүй байна шүү дээ.  

-Дорноговь аймаг нийтдээ хэчнээн лицензтэй вэ. Даланжаргалан сумаас өөр 100 гаруй ашиглалтын болон хайгуулын лицензтэй сум байна уу?
-Дорноговь аймгийн хэмжээнд 300 гаруй лиценз бий. Сүхбаатар аймаг аймгийнхаа хэмжээнд 100 гаруйхан лицензтэй. Бүхэл бүтэн аймгаас давсан лицензтэй сум байна гэхэд аймшигтай байгаа биз дээ. Байгалийн  баялаг шавхагддаг баялаг учир,  нэг л өдөр  баялаг нь дуусаад компаниуд техникээ аваад алга болоход орон нутагтаа амьдарч байсан хүмүүс хохироод үлдэнэ. Ядаж л тосгонтой,  хоёр байшинтай болоод үлдэх ёстой. Ганц хүүхдийн тоглоомын талбай бариагүй л байна. 

-Сум орон нутгийн бүтээн байгуулалт бүү хэл хүн, малын эрүүл мэндэд маш муугаар нөлөөлж байх шиг байна. Мал бэлчээргүй болсон, булаг шанд нь хуурай сайр болсон нь үнэхээр нүд хальтрам санагдлаа?
-Ширгэсэн булаг шанд олон бий.  Малын дотор гэдэс, уушги авах юм байхгүй болсон. Дээрээс нь манай нутаг бод малын бэлчээр гэдэг зүйл огт байхгүй болсон. Энэ бол хамгийн том эмгэнэл шүү дээ. Бод мал бог малыг бодвол ойр бэлчдэггүй, зэлүүд газар бэлчдэг. Гэтэл Даланжаргалан суманд мал бэлччихээр задгай зэлүүд  газар үгүй болсон. Үүнээс гадна Дундговь аймгийн зарим сумдаас малчид  отор нүүдлээр ирж байна. Усны нөөц, сав газар хамгаалах байгууллагад  хандаж үзсэн. Тэднийг ус хамгаалдаг, ариг гамтай хэрэглэдэг зөв газар гэж бодож хандсан л даа. Гэтэл тэд усаа зардаг байсан. Бүх уурхайнуудыг хамгаалдаг газар болсон байна билээ.  

-Энд үйл ажиллагаа явуулдаг компани, уурхайнуудын  жилийн ашиг орлого, олборлолтын  талаарх мэдээлэл байдаг уу? 
-Энэ тоо баримт тухайн  компанид л байгаа. Уурхайнууд  энэ суманд татвар төлдөггүй.  Улаанбаатар хотын аль нэг дүүрэгт харьяалагдаж тэндээ  л татвараа төлдөг. Бидний баялгийг ухаж авсан ч орлого нь дүүрэгт нь орж байгаа. Орон нутгийн  төсөвт хогны  мөнгө гэж жилдээ  2.5  сая төгрөг л төлдөг. Энэ мөнгийг Засаг дарга бүрэн эрхийнхээ хэмжээнд захиран зарцуулах эрхтэй байдаг юм. 

-Бид уурхайнуудаар тойроод явж байна. Нүүрс маш их уугиж шатаж байна? 
-“Элдэв” багт малчин хүн гэртээ угаартаж байна. Багийг тойроод  машинууд битүү явж байгаа. Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл байхгүй болсон. Саяхан “Билэгт баян” компанид “Нүүрс шатаж иргэд угаартаж байна. Галаа дар” гэдэг  шаардлагыг хэдхэн хоногийн өмнө өгсөн. Хэрвээ гурав хоногийн дотор галаа дарж чадахгүй бол Онцгой байдал дуудна. Танай уурхай хяналтаас гарсан байна гэдэг мэдэгдлийг  өгсөн. Өнөөдрийг болтол хариу алга л байна. 

Даланжаргалан сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Болдбаатар ингэж ярьж байна.  Бид зам зуур байх малчин айлаар орлоо. Тэдний өвөлжөө “Билэгт баян” уурхайн дэргэд байх бөгөөд ашиглалтын талбайгаас нүү гэж компанийнхан байнга шахаж шаарддаг гэнэ. Сүүлийн 30 жил нутаглаж байгаа нутгаас нь гуравхан жилийн өмнө нээгдсэн уурхайн компани хөөж байна гэдэг санаанд багтамгүй. Ингээд “Элдэв” багийн малчин Х.Цамба гуайтай хэдэн үг солилоо. 

 

Х.Цамба:  Биднийг аргаа бараад нүүнэ гэж бодож байгаа байх, бууж өгөхгүй

-Уурхай үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш танай энэ хавийн булаг шанд ширгэсэн гэж дууллаа. Одоо ундны усаа, малынхаа усыг яаж зохицуулж байна? 
-Намайг бага байхад амаараа дүүрэн устай Өндөр хүзүүвч гэдэг худаг байсан. Энэ хавийн бүх л  айлууд ундаалдаг байлаа. Усны түвшин доошилсон ч болоод л байсан. Уурхай ажиллаж эхэлснээс хойш худаг ширгэчихээд “Сондуул” гэдэг худагт малаа усалж байгаа.  Энэ худагт гурван айл хонио усалж болоод  байсан ч  уурхай ажиллаж эхэлснээс хойш  нэг айл хонио услахад, нөгөө хоёр айлын мал усгүй болчихдог. Хоёр гурав хоног хүлээх энүүхэнд. Дөрвөн километр хэртэй явж байж айлын худгаас малаа усалж байна. Одоо тэр ус нь ч ширгэсэн. Ус нь шавхагдаад  заримдаа өмхийрчихсэн байдаг. Өвлийн цагтаа тэр айлын мал услах чөлөөгөөр нь тохирч 2-3 өдөр өнжиж байж малаа усалдаг. Одоо шавхагдаж байгаа юм чинь өвөл бүр хэцүү  болох байх. Өндөр хүзүүвчийн хажууханд гардаг байсан булаг бас л ширгэсэн. Өвөл цас л орохгүй бол мал хэцүүднэ. Өнгөрсөн өвөл цас ороогүй. Уурхай байхгүй байхад бид малаа худагт очиж услах шаардлагүй, гэрээсээ хараад  л суудаг байлаа. Мал ч тааваараа байсан. Одоо гарах бүрт нь дагаж явна, усална. Худаг руу шууд  явдаг замгүй болсон учраас бэрх байна.

-Нэг, хоёр  хүн ингэж ярих биш,  малчид та бүхэн нийлж нэгдээд аймаг орон нутгийн удирдлагууддаа гомдол санал тавьж үзсэн үү? 
-Бид багийн даргадаа гомдол мэдүүлнэ. Багийн дарга цааш уламжлаад ч нэмэргүй. Сумын дарга нарт хэлэхээр “Бид мэдэж байгаа болохоор та илүү дутуу юм ярилгүй байж бай” гэдэг.  Би ч тэсэлгүй юм хэлчихдэг юм. Дуугай байх аргагүй байна даа. Хоорондоо 5-10 км-ын зайтай ганц нэг гэрээр амьдарч байгаа малчид  нийлж нэгдээд тэмцэнэ гэж юу л бол. Дэмий л өөр хоорондоо зовлонгоо тоочиж суух юм. Бид  эрүүл мэндээрээ хохирч байгаа боловч одоохондоо ганцхан худаг л гаргаж өгөөч гэж байгаа. Мал  нь ч, хүн нь ч уушгины асуудалтай болж байна. Утаа угаар гэж авах юмгүй. Хөдөө хээр малчин хүн гэртээ угаартаж байна гэж хүн сонсвол итгэхгүй дээ. Уурхайн техник, том машинуудын дуу чимээнд хэцүү байна. Мал ч гаднаа тогтохоо байлаа. 

-Энэ их тоос тортог, утаа угаар малын мах сүү, ноос,  ноолуурын чанарт нөлөөлж байгаа байх? 
-Ноос, ноолуурын цагаар бол тоос тортогтой гээд авах газар ховор. Зах зээлийн үнээс доогуур үнэлдэг. Тухайлбал, ноолуур  кг нь 100 мянган төгрөгийн ханштай бол манайхыг 60-70  мянган төгрөгөөр авч байна. Ноос ч яах вэ, шороог нь сэгсэрч байгаад өгчихдөг. Хүний өөрийн нийлсэн 400 гаруй ямаа самнаад, дундаж үнээр нь өгдөг. Өнгөрсөн жил л гэхэд 130 мянга хүрэхэд манайх Баянхонгор аймгаас ирсэн ченжид гуйж байж кг-ыг нь 94 мянган төгрөгөөр өгсөн. 

-Уурхайнууд тусгаарласан хашаагүй, хамгаалалтын  зурвасгүй, овоолготой шороон дунд л ажилладаг юм байна.

-Уурхайн ашиглалтын талбай руу мал хуй орох тохиолдол гарна биз? 
-Гадна талаараа хамгаалалт хийгээгүй. Дотуураа гүний усны тор татсан боловч мал түрж ороод болдоггүй. Шуудуунд нь олон ч мал үхсэн. Өчигдөр л гэхэд тугалтай хоёр үнээ маань шуудуунд орчихсон байсан. Өвгөн  маань явган орж байж гаргаж ирсэн. 

-Уг нь их сайхан нутаг юм. Дэрс ихтэй газарт ус булаг шанд ихтэй л гэж ярьдагсан? 
-Манай энэ хэсэгт  үхэр харагдахааргүй тийм өндөр дэрс ургадаг байсан. Яг тэр хэсгийг ухчихсан л даа. Газраа усалдаг юм байлгүй, уурхайнхан усыг дороос нь соруулаад авчихдаг юм билээ. Бидэнд худаг ус гаргаж өгөх  сэтгэл байхгүй байна. Эд биднийг аргаа бартал нь байлгаж байгаад  нүүлгэх санаатай л байх.  Манай бууцны доод талд ч нүүрс байгаа. Бид хоёр үхсэн ч хэдэн малаа энэ нутагтаа маллаад  явах үр хүүхэд минь байгаа шүү. Бид хоёр есөн хүүхэдтэй. Энэ мал үр хүүхэд,  ач зээ нарыг минь тэжээж байгаа учир тийм ч амар бууж өгөхгүй. 

-Нүүхдээ тулбал танайх хаачих уу?
-Очих газар байхгүй шүү дээ. Манайх шиг ийм сайхан газар байхгүй. 

-Энэ тойргоос УИХ-д сонгогдсон хүмүүс, дарга нар эргэж тойрч, энэ бодит байдлыг чинь мэдэж байгаа болов уу?
-Багийн дарга л хааяа ирнэ. Б.Дэлгэрсайхан гишүүн манай тойргоос гарсан ч авч хэлэлцсэн зүйл байхгүй ээ. Сонгууль дөхөхөөр аймаг суман дээр ирээд хүмүүст 20 мянган төгрөг тараагаад явлаа л гэж сонсогдсон. 

Даланжаргалан сумын хоёрхон хүнтэй уулзахад л ийм зовлон ярьж байна. Энэ бол бидний дуулсан биш нүдээрээ харсан зовлон байлаа. Бид дараагийн дугаартаа хятад эзэнтэй нүүрс угаах үйлдвэрүүдийн талаар болон том оврын машинуудын хөлд бэлчээр ус хэрхэн талхлагдаж байгаа талаар өгүүлэх болно. 

Үргэлжлэл бий...