“Залуусын өөрчлөлтийн үндэсний хөдөлгөөн” ТББ-аас Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн их дээд сургуулийн оюутнуудыг хамруулсан “Хотын соёлд манлайлцгаая” хөтөлбөрийг аравдугаар сарын 20-иос арваннэгдүгээр сарын 26-ны хооронд зохион байгуулж байна.
Хөтөлбөрийн хүрээнд найман их дээд сургуулийн 80 гаруй оюутан залуус хамрагдаж 12 багт хуваагдан хувь хүний хөгжил, хотын соёлын талаарх мэтгэлцээнийг зохион байгуулсны дээр баг тус бүр “Театрын соёл”, “Их хотын соёлтой иргэн”, “Их хотын соёлтой сурагч”, “Хотын соёл бидний нүдээр”, “Оюунлаг өдөр-2019”, “Оюунд нөлөөлөх нь” зэрэг сэдвүүдээр нөлөөллийн бүтээлч ажлуудыг оюутан залуусын дунд өрнүүлжээ.
“Хотын соёлд манлайлцгаая” хөтөлбөрт хамрагдсан оюутан залуусын төлөөлөлтэй өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд Нийслэлийн Засаг даргын орлогч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уулзаж ярилцан, санал солилцож, нийслэлээс хүүхэд залуучуудад хандан хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг хүргэлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат оюутан зулууст хандан хэлсэн үгэндээ “Нийслэлийн хүн амын 71 хувийг 35-аас доош насны залуус эзэлдэг гэдгээрээ манай хот бол залуусын хот юм. Нийслэлийн удирдлагаас залуусынхаа төлөө шинэ зүйлсийг санаачлан хийж байгаагийн эхлэл нь 10000 код бичдэг залуусыг сургахаар төлөвлөж байна. Та бүхэн давуу талаа хөгжүүлж, гадаад хэлийг хэлийг маш сайн сурах хэрэгтэй. Мөн хэрэглэж буй ухаалаг гар утсаа сайтар эзэмшиж цаг хугацаа алдалгүй утсаараа дамжуулан программын хэлийг сурах нь цаашид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад тань их ихээхэн дөхөм болно” хэмээн тэдэнд зөвлөж, тэдний сонирхсон асуултанд хариулт өглөө.
Тус хөтөлбөрийн хаалтын арга хэмжээг 11 дүгээр сарын 26-ны 10.00 цагт Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна хэмээн “Залуусын өөрчлөлтийн үндэсний хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Ү.Амарбат мэдээллээ.