ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зургаан аймгийн 35 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-26

Шадар сайдын гаргасан тушаалын дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа  М.Энх-Амараар ахлуулсан Шуурхай бүлэг орон нутагт ажилласан байна.

Шуурхай бүлэг Булган аймгийн Рашаант суманд Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийж Архангай, Булган,  Өвөрхангай, Төв аймгийн Засаг дарга, дээрх аймгуудын 30 сумын Засаг даргыг оролцуулжээ. Тухайн аймаг, сумдад отор нүүдэл хийж буй малыг хөөж туухгүй байх, малчдаас малын хөлийн татвар, хураамж авахгүй байх, малчдын өөрсдийнх нь үүрэг, хариуцлагыг чангатгаж, отроор өвөлжих малчин нэг бүртэй гэрээ байгуулах, малчид, иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэх үүрэг, даалгавар өгсөн байна.

Шуурхай бүлэг гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийн:

-  Архангай аймгийн Өгийнуур, Хотонт

-  Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Луус, Өлзийт, Өндөршил, Хулд, Цагаандэлгэр

-  Завхан аймгийн Баянтэс, Тэс, Түдэвтэй

-  Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Бүрд, Гучин-Ус, Хайрхандулаан, Нарийнтээл, Өлзийт, Сант, Тарагт, Төгрөг, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан

-  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Тариалан

-  Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Эрдэнэсант суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гэж үзжээ.

Холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө.

Тухайлбал отрын малчдаас татвар, хураамж авахгүй байх, өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймаг дахь хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, малчид, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулах, малчдыг хашаа, саравчиндаа хаалт хийх, малаа ойр хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэргээс сэргийлж ажиллахыг даалгав.

Цаашид улсын тусгай хэрэгцээнд шинээр отрын бүс бий болгох талаар судалж Засгийн газарт танилцуулах, үлийн цагаан оготно зэрэг бэлчээрийн хортон мэрэгч амьтдын устгалыг гурав, дөрөвдүгээр сард чанартай хийх, отор нүүдэл эрс нэмэгдэж байгаа аймгуудад өвс, тэжээл, шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг яаралтай шийдэх, өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн Эрүүл мэндийн төвд шуурхай албаны автомашин өгөх, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах зэргийг үүрэг болгов.