Нэвсийтэл орсон цав цагаан цасан дунд тэнгэр өөд ширтэн хэвтмээр байна. Тэрхэн агшинд өнөөдөр хийгээд ирээдүйг умартаж, ганцхан чиний төлөө, чамтай болзсон тэр нэгэн оройн төлөө нэг л удаа уясах юмсан. Толгойд эргэлдэх үй олон бодлыг моддын мөчир бүрт чулуудчихаад, чамд хэлэх бүх үгээрээ хайр урлаж, жаргал зангидахсан дурсамжит минь. Цагаахан цасан дунд эргэлдэн гүйлдэж, хацраа хайрч, гараа даартал жавар өвөрлөчихөөд зөвхөн чиний тэвэрт тайтгарал урлахсан хонгор минь. Нам гүмхэн талд хийлийн аялгуунд бүжиглэж, хундага дарсаар гунигаа даруулан суухдаа хацар эсгэн урсах нулимсаараа чамайг үгүйлсэн он жилүүдээ хэлхээд зөвхөн өлмийд чинь гээхсэн, дүүлэхсэн учрал минь. Холоо одсон тэртээх 20 насыг зориод гомдоож үлдээсэн саарал дурсамжаа арилгаж, ганцхан тэнд дурлалын сүм босгож, бүдэгхэн гэрэлд чамайг санасан сэтгэлээ дэвттэл залбирал үйлдэхсэн энхрийхэн минь. Гуниглах бүртээ чиний дээрээс цас болон бударч, тайтгарах болгондоо хайлж, урсахсан янаг минь. Цантсан цонхны цаанаас ганцхан чамайг хүлээж суухдаа оддын тоогоор зүрх зурж, чамруу илгээхдээ замыг чинь гэрэлтүүлж, зүгийг чинь заахсан.
Өвлийн шөнө тэнгэрт түгсэн бүх оддыг газарт буулгаж, уучлал эрчихээд ганцхан чиний үнсэлтээр сэтгэлийн манангаа үлдэн хөөж, тэр өдрийн төлөө дуу аялахсан, хайр минь. Жаргал хийгээд зовлонг умартаж, ганцхан тэр шөнийн төлөө өнөөдрийг бий болгож, дурсамжаа чирчихсэн 20 настай хонгорхон охины дүрээр чиний сэтгэлд үүрд үлдэх юмсан. Харин би үүнийхээ төлөө цалгитал инээж, хурсан гунигаа хөөж чадахгүй ч чамгүй өнгөрүүлсэн хорвоогийн бүх өдрийг дурсамжаараа туучина. Жаргалаар урласан ганцхан шөнийг цав цагаахан цасан дунд үүрд үлдээнэ, би. Тэнд зөвхөн цас л бударна. Ганцхан бид хоёрын зүрх булиглаж, хайр урсана. Биднийг гэрчлэх зүйл цаснаас өөр юу ч үгүй. Тэртээх цаана эгшиглэх хийлийн аялгуунд, бүдэгхэн гэрэл, улаахан дарстай чи, бид хоёр бүжнэ. Эхлэлгүй зүүд, төгсгөлгүй гомдлын цаанаас чамдаа зориулж, дурсамж тэрлэсэн минь анхны хийгээд сүүлчийнх нь болно.