ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Мөнхжаргал: Монгол Улс агаарынхаа зайг 100 хувь хянадаг боллоо

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-06-22

Өчигдрөөс эхэлж Иргэний нисэхийн ерөнхий газар автомат ажиглалтын “ADS-B” систем нэвтрүүлсэнтэй холбогдуулан ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга П.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Иргэний Нисэхийн Ерөнхий газар өнөөдрөөс (өчигдөр) агаарын орон зайн автомат ажиглалтын  шинэ систем нэвтрүүлж байгаа юм байна. Энэ системийн ач холбогдол, онцлогийн талаар манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

-Монгол улс агаарын орон зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд өнөөдрөөс эхлэн шинэ систем, шинэ тоног төхөөрөмж нэмэгдэж, нэвтэрч байгаа юм. Өөрөөр хэлбэл ADS-B буюу Монголоор автомат хамаарал бүхий  бодит ажиглалтын систем суурилуулан ашиглалтад орлоо гэсэн үг. Энэ ажил 2013 оноос эхэлсэн. Судлаад, суурилуулаад, туршаад найдвартай ажиллагаа өндөр байна гэж үзсэн учир өнөөдөр ИНЕГ-ын даргын тушаалаар олон улсын цагаар 00:00 цаг буюу Монголын цагаар 08:00 цагаас хэрэгжээд эхэлж байгаа нь энэ. Нислэгийн хөдөлгөөний удирдахад хэрэглэгдэх тоног төхөөрөмж юм. Энгийнээр хэлбэл, өмнө нь Монгол улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийг бид ганцхан радар буюу радиолокатораар хардаг байсан. Тэгэхдээ нийт агаарын орон зайныхаа 80 гаруйхан хувийг л хардаг байсан юм. Одоо бол энэ ADS-B системийг нэвтрүүлснээр радарт харж байсан мужаа давхар бүрхэж, түүнээс гадна өмнө нь агаарын орон зайныхаа 80-аад хувийг хянаж чаддаг байсан бол одоо 100 хувь хянах боломжтой болсон гэсэн үг. Мөн найдвартай, аюулгүй ажиллагаа тэр хүрээгээрээ дээшилж байна гэж хэлж болно. Тухайлбал, ямар нэгэн газар зүйн, гамшгийн хүчин зүйлээс шалтгаалаад радарын антен уналаа гэхэд шинэ системээрээ нөхөөд хараад явах боломжтой болсон. Давхар системтэй болж байгаа учир манай найдвартай ажиллагаа, тэр дундаа Монгол Улсын агаарын зайн аюулгүйн ажиллагаа тэр хэмжээндээ дээшилж байна гэсэн үг.  Энэ  систем дэлхийд маш их түгж байгаа боловч манайх шиг ингэж давхар нэвтрүүлсэн орон их цөөхөн байдаг. Ази, номхон далайн бүсдээ бол бараг анхдагч нь Монгол улс болж байна.

-Шинэ системийг ашиглах хүний нөөц бэлэн үү. Бэлэн бол хэрхэн бэлдсэн бэ?

-Түрүүн хэлсэн, бид 2013 оноос хойш бүх төлөвлөгөөнүүдээ гарсан. Хүний нөөцийн болон бодлогын төлөвлөгөөнүүд цаг хугацаандаа хэрэгжээд явсан. Шинэ систем ашиглахтай холбогдуулаад бүх нислэгийн удирдагч, нислэгийн мэдээллийн ажилтнууд мэргэжлийн бүх хүмүүст шат дараалсан сургалтуудыг явуулсан. Одоо бүх шаардлагуудыг хангасан албан хаагчид ажиллаж байна гэсэн үг.

-Уучлаарай, би сайн мэдэхгүй болохоороо асууж байгаа юм шүү. Энэ системийн тоног төхөөрөмжийг ганц газар байрлуулсан байдаг уу, Монгол орон даяар байрлуулсан байдаг юм болов уу?

-Орон даяар 12 цэгт суурилагдсан. Нэг төхөөрөмж 300-350 км радиусыг хянадаг. Жишээлбэл, Улаанбаатар хотод нэг цэгт байрлууллаа гэхэд зүүн тийшээ хамгийн ойрхон нь Хэнтийн Өндөрхаан нисэх буудал дээр байрлуулсан байх жишээтэй. Тэр төхөөрөмж Өндөрхаанаас тойроод 350 км-ийн радиус доторх агаарын зайд ямар нислэг хөдөлгөөн хийгдэж байна вэ гэдгийг хянах боломжтой гэсэн үг.

-Тун удахгүй шинэ нисэх буудал ашиглалтад орох гэж байна. Энэ системээ тэнд ч ашиглаж болно биз дээ?

-Одоо шинэ нисэх буудал дээр нүүж очиход тэндээ онгоц бууж, суултын үед ашиглах зөөврийн ажиглалтын систем бэлэн байгаа. Шинэ нисэх буудал дээр очсон ч ашиглалт нь хэвээрээ байна.

-Ер нь энэ систем суурилагдсанаар олон улсын дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэхэд нөлөөлөх үү?

-Нислэгийн тоо нэмэгдэх нь аюулгүй байдлын үзүүлэлтээр голчлон нэмэгддэг. Тухайлбал, Монгол Улсын  нислэгийн хөдөлгөөний удирдлага хэр зэрэг найдвартай, аюулгүй баталгаатай байна вэ гэдгээс шалтгаалан агаарын тээвэрлэгч нар манай агаарын зайг ашиглах уу, үгүй юу гэдгээ шийдвэрлэдэг гэж ерөнхийдөө хэлж болно.Тиймээс манай агаарын орон зайн найдвартай, аюулгүй ажиллагаа нэмэгдэж байгаа тул нэмэгдэх боломжтой.

-Үүнтэй холбогдуулан асуухад өнгөрсөн онтой харьцуулахад олон улсын дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдсэн болов уу?

-Өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад дамжин өнгөрөлт 13.6 хувиар өссөн. Түрүү жилийн оны сүүл гэхэд  110 мянган дамжин өнгөрөх нислэг хийгдсэн байсан бол энэ жилийн хувьд 130 мянга руу нэлээн дөхсөн үзүүлэлт гарахаар байна.

-Та “Ази Номхон далайдаа манайх эл системийг орон даяар 100 хувь нэвтрүүлсэн бараг анхны орон болж чадлаа” гэж хэлсэн?  

-Энд бас олон хүчин зүйлүүд нөлөөлнө. Жишээлбэл, БНХАУ бол агаарын орон зайд цэргийн нислэг их байдаг гэдэг утгаараа хориотой бүсүүд их байдаг. Тиймээс энэ систем бүрэн нэвтэрч амжаагүй. Мөн манайх шиг хэрэгжүүлээд бүрэн төвшинд хүрээгүй байгаа. Манай ИНЕГ-ын “Ази Номхон далайн бүсдээ тэргүүлэх  зэргийн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэх” гэдэг эрхэм зорилго байдаг юм л даа. Энэ ч талаасаа Монгол Улс агаарын зайн аюулгүйн ажиллагааны үнэлгээ нэлээд дээгүүр жагсаж байгаа.

-Монголын иргэний нисэхийн үйл ажиллагаа, үйлчилгээ Ази болон дэлхийн бусад оронтой харьцуулахад аль төвшинд байна вэ?

-Олон улсын иргэний нисэхийн байгууллага гэж байдаг. Манай Улс тэр  байгууллагын гишүүн. Тэгэхээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргадаг стандарт зөвлөгөө бүх зүйлсийг дагаж биелүүлээд явдаг. Тухайлбал, Монгол Улс ямаршуухан төвшинд байна вэ, стандартын хэрэгжилтийг хэрхэн хангаж байна вэ, тэр дундаа манай нислэгийн удирдагч нарын ур чавдар хэр байна вэ, хэлний бэлтгэл нь ямар хэмжээнд байна вэ гэдгийг таван жил тутамд шалгадаг юм. Тус шалгалт 2017 онд буюу өнгөрсөн жил болсон. Манайх нэлээд өндөр, хангалттай сайн төвшинд  үнэлэгдсэн.