ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УОК: Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-30

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар дэлхий дахинаа хурдацтай тархаж буй  коронавирусээс урьдчилан сэргийлэхэд авах арга хэмжээний талаар болон монголчуудын уламжлалт баяр сар шинийг хэрхэн тэмдэглэх асуудлаар хуралдлаа.  Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Улсын онцгой комисст сар шинийн баярыг өргөн тэмдэлүүлэхгүй байх чиглэлийг өгсөн аж. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүрээнд тэмдэглэж,  төрийн болон нутгийн зон олны золголт гэх мэтчилэн олныг хамарсан  арга хэмжээг зохион байгуулахгүй байх талаар арга хэмжээ авах чиглэл өгсөн байна. Улмаар Онцгой комиссын хуралд яригдсан асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өгсний дараа хуралдаан хаалттай горимд шилжсэн юм. Ингээд  20 цагийн  орчимд  хаалттай хуралдаан дуусч, сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа.  Хуралдааны талаар албаныхан байр сууриа илэрхийллээ.

 

Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:

 Засгийн газрын тогтоолоор шаардлагатай арга хэмжээ авах хөрөнгийн хэмжээг баталлаа.  Коронавирусээс урьдчилан сэргийлэх халуун цэгүүдэд ажиллаж буй ажилтнуудад хэрэглэх, нэг удаагийн хэрэгсэл, эмнэлгийн бэлэн байдлыг хангахаар болсон. Мөн голомтын бүсээс ирж байгаа хүмүүсийг тусгай байранд байлгаж шинж тэмдгийн үе өнгөрсний дараа  гэр лүү нь явуулах чиглэлэээр боломжийг судална. Цагаан сараар хөл хөдөлгөөн ихтэй байдаг учраас  өнөөдрийн нөхцөлд халдвар дамжуулах магадлал өндөр.  Гэхдээ шууд хорьж хаах нь хэцүү. Учир нь Монголд коронавирусын халдвар бүртгэгдээгүй. Иймд аль болох гэр бүлийнхээ хүрээнд золголт хийж, хамт олон албан байгууллагын хүрээнд тэмдэглэхгүй байхыг зөвлөж байна. Мөн бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Коронавирусээс сэргийлэх бэлтгэл ажлыг хангахад 10 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна.

 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг 


Одоогоор бид БНХАУ-ын нислэгийн зөвшөөрлийг хүлээж байна. Коронавирусийн голомтод  байгаа  31 иргэнээ авчирна.  Ухань хотоос иргэдээ авах хүсэлтэй 56 улс байгаа бөгөөд  туд бүгд  хүлээлттэй байгаа.  Ухань хот өөрөө хөл хориотой байгаа учраас нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хийхэд хүндрэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн ч  манай улсын иргэдийг ирүүлэхэд  Хятадын тал анхаарна гэдгээ мэдэгдсэн.  Эрээн хотод  байгаа 200 орчим иргэнээ авах хүсэлтээ илэрхийлсний үндсэнд  маргааш /өнөөдөр/ дөрвөн автобус явуулж иргэдээ авчирна. ГХЯ Уханьд байгаа 31 иргэнтэйгээ байнгын холбоотой байгаа. Одоогоор тэдний хэнд нь ч  коронавирусийн шинж тэмдэг илрээгүй гэсэн мэдээллийг авлаа.

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

 Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Коронавирусийн халдвар авсан тохиолдол 7,711 болсон.  Одоогоор 18 оронд коронавирусын халдвар оношлогдож 128 хүн эдгэрсэн гэсэн мэдээллийг ДЭМБ-аас өглөө.  Манай улсын хувьд 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 14 хүн ХӨСҮТ-д тусгаарлан эмчлүүлж байгаа.  ХӨСҮТ болон ДЭМБ-тай хамтарч Япон улсаас эхний ээлжийн оношлуур авсан учраас оношид эргэлзэх шаардлагагүй. Мөн бид БНХАУ-аас 2,000-3,000 ширхэг оношлуур дахин авахаар ярилцаж байна. Одоогоор манай улс халдварын өндөр эрсдэлтэй орны тоонд орж байна. Монгол Улс нэг маскны үйлдвэртэй ч,  уг үйлдвэр нь БНХАУ-ын Хубэй мужаас түүхий эдээ авдаг. Түүхий эдийн нөөц дутагдалтай байгаа ч боломжоороо үйлдвэрлэж худалдаалж байгаа. Хятад улс өөрөө маскны хомсдолд орсон  талаар бидэнд мэдээлэл өгсөн. Манай улсад ч  маскны хомсдол үүссэн. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маск хийж байгаа гэсэн сайн мэдээллийг ирүүлсэн.  ДЭМБ-аас халдвараас урьдчилан сэргийлэх болоод орж ирсэн нөхцөлд дэмжлэг үзүүлж, нэн шаардлагатай зүйлсэд тусламж үзүүлэх асуудалд хамтарч ажиллах талаараа мэдээллээ.