2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр нэр бүхий сургалтын төвийн үйл ажиллагаанд иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус сургалтын төвийн багш сургалтын үйл ажиллагаа явуулан, давтлага өгч байсан зөрчлийг илрүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгох шийтгэл оногдуулсан байна.
Шинэ коронавирусээс сэргийлэх зорилгоор бүх төрлийн сургалтын үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр зогсоох, багш нарыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, дур мэдэн сургалт явуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд цахим хичээл явуулах талаар мэргэжил арга зүйгээр хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлжээ.
2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх Хотын даргын захирамжийг зөрчвөл иргэнийг 200 мянган төгрөгөөр, ААН-ийг 500 мянган төгрөгөөр торгож, үйл ажиллагааг нь зогсоох хариуцлагын заалтууд байгааг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал мэдээлж байсан юм.