ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүн чанар, мөн чанарын шалгалт

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-03

Дэлхий нийтийг айдаст ав­туул­сан шинэ төрлийн корона­вирусийн тархалт өнөө хэр нь буурсангүй. Харин ч хү­рээ­гээ тэлж, тивээс тив рүү, улсаас улсад дамжин  халд­вар­лах чадвар нь цагаар биш секун­тээр, хоногоор биш өд­рөөр хэмжигдэж байна. Одоо­гоор дэлхийн 67 оронд ал­бан ёсоор бүртгэгдэж, 89072 хүнд халдварлажээ.

Түүнээс 45122 нь эдгэрч, 3052 хүнийг энэ хорвоогоос авч одсон харамсалтай мэдээ­лэл байна. Дэлхийн улс ор­нууд covid-19 буюу шинэ төр­лийн коронавирусийн тар­хал­тыг буу­руу­лах, бусдад халд­вар­луу­лах­гүйн тулд бүхий л чадлаа дайчлан ажиллаж байна. Тухайлбал, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн БНХАУ, Япон, Солонгос, Австрали гэх мэт орнуудад шинэ төрлийн корона­вирусийг оношлох тоног, төхөө­рөмж, эм, бэлдмэл, вакцин зэргийг гарган авч, туршилтад нэвтрүүлээд байгаа юм.

Гэсэн хэдий ч тохирсон, оновчтой эм­чилгээг гарган авахын тулд хам­гийн багадаа хагас жил хэ­рэг­тэй гэдгийг эрдэмтэн суд­лаа­чид тайлбарласаар байна. Тиймээс улс орнууд халдварыг бүс нутагтаа нэвтрүүлэхгүйн тулд хилээ хааж, хэсэгчлэн өн­дөр­жүүлсэн бэлэн байдалд шил­жиж, ард иргэдэд шинэ төр­лийн коронавирусээс сэр­гий­лэх бүхий л мэдээ, мэдээллийг  цаг алдалгүй хүргэсээр байх аж. Бид ч дэлхийн жишгээс  дутсангүй.

Төр, засгаас шаардлагатай гэсэн бүх арга хэмжээг шат дараалан авч байна. Эрүүл мэнд, хууль, хяналтын  байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ард иргэдээ хамгаалсаар байгаа. Тухайлбал, төрөөс сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглүүлэхгүй байх шийдвэрийг гаргахаас гадна  хөл хорио тогтоож, иргэдийн зорчих хөдөлгөөнийг  хязгаарласан нь Монгол Улсад таны амь ямар их үнэ цэнэтэйг мэдрүүлсэн биз ээ.

Энэ бол шийтгэл биш. Харин ард иргэдээ гэсэн хайр бас халамж байлаа. Үүнийг ойлгосон олон хүн төр засгийнхаа шийдвэрийг ягштал биелүүлж, хариу барив. Өөрөөр хэлбэл, тушаал сонссон цэрэг шиг байсан шүү,  монголчууд минь. Сайхан сэтгэлтэйг нь магтахгүй өнгөрч яаж болох билээ. Гэхдээ сайны хажуугаар саар гэдэг шиг хариуцлагагүй, хэнэггүй иргэдийн зохисгүй үйлдэл, ухамсаргүй авир бухимдуулсныг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Хөл, хорио тогтоох шийдвэр Улсын онцгой комиссоос гаргаж, бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг цаг тутамд өгч байхад хөдөө, орон нутгийг зорьсон цөөн тооны иргэдээс ёсзүйгүй, зохисгүй үйлдэл олон гарлаа.

Энэ нь нэг талаараа шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх арга хэмжээ боловч  нөгөө талаараа хүн чанарын шалгалт болсон юм. Түүнд харин 80 хувь тэнцэж, 20 хувь унасан хэрэг. Цөөн хэсэг нь ёсзүйгүй үйлдэл, мунхаглал хоёрт үнэхээр эрдэж чадлаа. Эрүүл ухаантай хүний толгойд хэзээ ч орж ирэхгүй үйлдлүүдийг үзүүлэв.

Тухайлбал, Улаанбаатар хотод нэвтрэхийн тулд нас барсан хүний гэрчилгээ ашигласан бол хувцас гэдсэндээ хийж, жирэмсэн хүн болж, эмнэлгийн үйлчилгээ авах нэрийдлээр баригдаж,  хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан үйлдлүүд гарав. Төрөөс тогтоосон хөл хорио мөнх биш. Ердөө хэдхэн хоног л хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэтэл бурхан болсон хүний бичиг баримт ашиглан, хуурамчаар жирэмсэн хүн болон жүжиглэн амин хувиа хичээж, мунхаглаж яваа таны ард гэр бүл, үр хүүхэд, хань чинь бий. Та өөрийгөө биш юм гэхэд ойр тойрны хүмүүсээ эрсдэлд оруулсан юм шүү дээ. 

Тусгаарлах байр гэдэг таван одтой зочид буудал биш 

Хамгаалах эх орон, тосоод угтах аав, ээжтэй байна гэдэг даанч сайхан гэдгийг ойлгоогүй, эсвэл ойлгохыг ч хүсээгүй олон хүн энэ өдрүүдэд мөн л шалгалтад бүдрэх нь тэр. Шинэ төрлийн коронавирусийн тархалт БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдэхэд Монгол Улс тусгай үүрийн онгоц гаргаж 30 иргэнээ авчран, 14 хоног ХӨСҮТ-д  тусгаарлан, тандалт судалгааг хийсэн юм.

Тэд эх орондоо, элгэн садандаа эсэн мэнд ирсэндээ хөл хөөрцөг болж, талархалын үгээ ханатал урсгаж байлаа. Азаар тэдний шинжилгээний хариу сөрөг гарч, бүгд гэр гэртээ очсон бөгөөд  Уханьд төгсөгчдийн холбоогоор дамжуулан БНХАУ тэр дундаа коронавирусийн голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханд тусламжийн гараа сунгаж байлаа.

Тэднээс хэн нь ч эмнэлгээ, эмчээ голоогүй бас гомдоллоогүй. Харин Япон, Солонгосоос ирсэн иргэдээс янз бүрийн авир араншин гарч буйг УОК-ын хурал бүхнээр ярьж байх юм. Гэтэл БНХАУ-д гэртээ тусгаарлагдаж буй иргэдийн гэрийн хаалга, орцыг битүүлж гагнаж байна гэнэ. Украйнд Ухань хотоос ирсэн зорчигчдын автобусыг жагсагчид зогсоож, мод, чулуу шидэж зайл хэмээн ад үзэв. ОХУ-д Ухань хотоос ирсэн оюутнуудаа зардлыг нь өөрсдөөр нь төлүүлж, ачааны онгоцоор авчирсан.

Харин БНАСУ-д сэжигтэй нэг тохиолдлыг шууд цаазаар авч, устгалд оруулжээ. Иран улсад коронавирусийн  өвчтэй хүмүүсийг эмчилж буй эмнэлгийг гаднаас нь шатааж, эсэргүүцлээ илэрхийлэв. Гэтэл вирусийн голомт буюу Япон, Солонгосоос ирсэн иргэд төрдөө, төрийн үйлчилгээндээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, бичлэг хийж, олон нийтэд цацлаа.  Тэр ч байтугай халуунаа хэмжүүлэхгүй, асуумжаа худлаа бөглөх, тусгаарлах байраа голох, архи согтууруулах ундаа хэрэглэх, эмч нарыгаа голох гэх мэт зохисгүй үйлдэл гаргаж, холбогдох албаны хүмүүст ажлаа хийхэд хүндрэл учруулжээ. Та нарт юм бүхэн таалагдах албагүй юм.

Эрүүл мэндийн яам болон төр засгаас Монголдоо л томд тооцогддог эмнэлгүүд буюу “Цэргийн төв госпитал” болон ОБЕГ-ын харьяа  “Жаргалан” сувилалд тусгаарлах өрөөнүүдийг бэлдэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Манай эмнэлгийн үйлчилгээ, эрүүл мэндийн салбар Япон, Солонгосыг гүйцэхгүй.

Гэхдээ төр засаг болоод эрүүл мэндийн байгууллагуудад хүнээ, иргэнээ гэх чин сэтгэл байдгийг эдгээр өдрүүдэд өдөр бүхэн мэдэрч байна. Хариуцлага, хяналт сайн байгаагийн ачаар гайт вирусийг энэ хүртэл тойрч ирлээ. Гэвч нэгхэн хүний мунхаг үйлдлийн ард бүхэл бүтэн нэг үндэстэн яаж сөхөрч болдгийг бид Солонгосоос харлаа.

Тусгаарлах өрөө таван одтой зочид буудал биш. Маш өндөр хяналт дунд иргэнээ, хүнээ хянах үүргийг эмнэлгийн байгууллага дангаараа үүрч байгаа. Чамайг орчноо голоод суух зуур үр, хүүхэд, ар гэртээ цаг заваа гаргаж, чадахгүй бусдын эрүүл мэндийн  төлөө зүтгэж яваа олон зуун хүн та нарыг сахиж, эмчилж, тандаж, судалж байгааг бодоод үзнэ биз. Чамд, танд гомдох эрх байхгүй. Талархахгүй байж болох ч 14 хоногийн тусгаарлалтаа хэл үггүй даваад гарах нь иргэн таны үүрэг. Ингэхийг нь мэдсээр байсан атлаа эх орон руугаа зүтгэсэн бол элдвийн гомдлоор яана. Илүү өндөр хөгжилтэй улсдаа үлдэх нь таны л сонголт байсан. Үүнийг хэвлэлийнхэн дэвэргэж, сурвалжилж гүйх шаардлага ч бас алга.