ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

250 мянган хүн хоолноосоо салах нь, хариуцлагыг хэн хүлээх вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-17

-Төсвийн алдагдал 120 тэрбум төгрөгт хүрч, экспортын алдагдал 322.9 сая, импорт 87.5 сая ам.долларт хүрчээ-

Хүний нутагт олон жил ажиллаж олсон мөнгөө эргэлтэд оруулахаар ресторан түрээслэн ажиллуулж байсан найз маань коронавирусийн дуулианд бизнесээ зогсоож, хаалгаа барихаас өөр аргагүйд хүрснээ ярьж сууна. Сүүлийн гурван сарын хугацаанд өдөрт ердөө 10-15 хүнд л үйлчилгээ үзүүлж байгаа учраас олсон мөнгө нь түрээс, цахилгаан, ус дулааны мөнгөндөө ч хүрэхээ больж, хамгаа барж дуусаагүй дээрээ хаалгаа барихаас өөр аргагүйд хүрчээ.

Дэлхий нийтийг айдаст автуулсан цар тахлын сүүдэр хүссэн ч эс хүссэн ч Монголыг дайрч эхэлсний тод томруун жишээ энэ билээ. Золоор гэх үү, эсвэл зоригтой ажиллаж чадсан төр засгийнхаа буянаар ч юм уу монгол хүн өвдсөн тохиолдол өнөөдрийг хүртэл бүртгэгдсэнгүй. Гэвч арванхоёрдугаар са­рын сүүлээс эхлэн Хятад улс “найтааж” эхлэх үеэс л Монголын эдийн засаг “ханиад” хүрч, улсын төсөв 3-4 их наядын алдагдал хү­лээх нь нэгэнт тодорхой бол­чих­лоо.

Гэвч төсвөө огтхон тодотгодоггүй Сангийн сайд гэсэн сайн нэрээ хадгалж үлдэхийн тулд улайран тэм­цэж буй Ч.Хүрэлбаатар улсын төсвийн энэхүү алдагдлыг ямар ч хамаагүй үнээр дарах гэж тэмцэх зуур үр дагавар нь харин хэдэн зуун жижиг аж ахуйн нэгжид хүндээр тусч, төрийн шийдвэрээ дагасан жижиг бизнес эрхлэгчид хаалгаа барьж, дампуурлаа зарлахаас өөр аргагүйд хүрч байна.

Гуравдугаар сарын байдлаар төсвийн алдагдал 120 тэрбум төгрөгт хүрч, экспортын алдагдал 322.9 сая, импорт 87.5 сая ам.долларт хүрчээ. Хугацаа хэтэрсэн зээл 11.5 хувиар нэмэгдсэн бол аж үйлдвэрийн салбарын борлуулалтын алдагдал 733.1 тэрбум төгрөгт хүрч, 25.8 хувиар буурчээ.

Ийм байхад л Сангийн сайд төс­вийг тодотгохгүй хэмээн гү­рийж, Увс аймагт зориулсан улсын төсвөө улайран хамгаалсаар байх аж. Урд хөршид бүртгэгдэж, урьд­чилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлснээс хойш иргэд шаард­ла­га­тай л биш бол гэрээсээ гарахаа больсон. Байгууллагууд тэр хэ­рээр үйлчлүүлэгчээ алдсан гэ­сэн үг. Томоохон кинотеатр, саун, бассейн, амралтын газраас эх­лээд үсчин, гуталчин, талхчин, хув­цас­ны лангуу түрээсэлдэг ир­гэд хүртэл үйл ажиллагаагаа зог­­соо­лоо. Аялал жуулчлалын компаниуд хаалгаа бүрмөсөн барьсан.

Хэвлэл мэдээллийн бай­гуул­­лагууд ч сэтгүүлчээ хамгаалах үүднээс эдгээр өдрүүдэд аль болох ажиллахгүй, ажилчдаа гэрээс нь ажиллуулах чиглэл барьж байгаа ч хэвлэлтийн зардал, түрээсийн мөнгө, НӨАТ, нийгмийн даатгал нь харин зогссонгүй. Үр хүүхдээ хам­гаа­лахын тулд чөлөө авахыг хүс­сэн хувийн хэвшлийн олон мянган ажилчид цалингийн зээ­лээ­сээ болж гэртээ хүүхдээ цоожлоод ажлаа хийх сонголттой тулгарч байгаа.

Байгууллагуудын худалдан авагч, үйлчлүүлэгч нь эрс цөөрсөн учраас алдагдал нь өдөр бүхэн нэмэгдэж байгаа гэсэн үг. Гэтэл банкнаас авсан зээл, улсад тушаах ёстой усны, цахилгааны мөнгө нь харин зогссонгүй. Түрээслэгчид өдөр бүхэн мөнгөө нэхэн мессеж бичиж, хажуугаар нь банкнаас зээлээ төлөхийг шаардаж байхад дархлаагаа бууруулахгүй, халдвараас сэргийлээд гэртээ хэвтэх хүн ширхэг ч байхгүй гэдгийг төр ойлгохгүй нь харамсалтай.

Тэр ч байтугай илүү цагийн цалингүй үндсэн цалингаа авч байгаа багш нар хүртэл банкны зээлээ төлж чадахгүйд хүрч, хөдөө гарч малчдын ноолуур самнаж банкны зээлээ төлж байна. Энэ бол бодит үнэн. Вирусээс сэргийлэх нь зөв ч төрийн бодлого аж ахуйн нэгжүүдээ үл тоосон хэвээр байгаа учраас нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилсэн тохиолдолд 2020 оны эцэст 200-250 мянган хүн ажилгүй болж, олон зуун жижиг аж ахуйн нэгж хаалгаа барина гэсэн тооцоог МҮХАҮТ-аас гаргаж, Үндэсний аюулгүй байдалд танилцуулжээ.

Хятадын эдийн засгийн бууралт 5-7 сарын дараа л Монголын эдийн засагт нөлөөлнө гэж тооцвол дэлгэр зуны эхэн сард дэлхий дахин амсхийж байхад Монголд эсрэгээрээ нөхцөл байдал хэцүүдэж эхэлнэ гэсэн тооцоог ч эдийн засагчид гаргав. Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар эдийн засаг -0.74 хувиар буурна гэж үзжээ. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 1100 аж ахуйн нэгжээс судалгаа авахад 57.4 хувь нь “covid-19 бизнест маш их нөлөөлсөн” гэж хариулжээ.

Томоохон аж ахуйн нэгжүүд 1-3 сарын эдийн засгийн эрсдэлээ дааж чадна гэж дүгнэж байсан ч бодит байдал дээр том, жижиг ялгаагүй дампуурлаа зарлахад ойрхон ирснийг энэ судалгаа харуулж буй юм. Үйлчилгээний эрэлт 60 хувиар буурсан. Аж ахуйн нэгжүүд тулгарч буй бэрхшээлийг ердөө хоёрхон асуудал хэмээн хариулжээ.

Нэгдүгээрт, зээлийн төлбөр ба хүү төлөлт, хугацаа. Хоёрдугаарт, тү­рээ­сийн төлбөр. Цөөхөн хэдхэн аж ахуйн нэгж болон хувь хүн нийг­мийн хариуцлагын хүрээнд тү­рээ­сийн төлбөрөө 20-50 хувь буу­руулж түрээслэгчиддээ бэлэг барьсан ч орлого олж чадахгүй бай­гаа жижиг дунд бизнес эрх­лэг­чид хөл хорио, хяз­гаар­лалтын дараа эргээд хөл дээрээ босч чадах эсэх нь эргэлзээ дагуулж байгаа юм. Тийм­дээ ч МҮХАҮТ-аас өнгөрөгч баа­сан гарагт ҮАБЗ-д таван багц, 21 санал хүр­гүүл­сэн бөгөөд төрийн гур­ван өн­дөр­лөг ямар нэг байдлаар дорви­той хариулт өгнө гэсэн хү­лээлт ний­гэмд бий болж байна. Танхимаас боловс­руулсан таван багц саналыг тоймловол, 

1.Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах 

-Төв банк бодлогын хүүгээ бууруулж, зах зээлд гарах зээлийн хэмжээг нэмэх, мөн 2020 оны улсын төсвийн шаардлагагүй, ач холбогдол багатай хөрөнгө оруулалтын зардлыг танах 

2.Covid-19 вирусийн бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах 

-Аж ахуйн нэгжүүдийн НӨАТ, орлогын албан татвар, гаалийн татвар төлөх хугацааг гурван сараас доошгүй хойшлуулах, НДШ-ийг төлөх хугацааг зургаан сар хүртэл хойшлуулах, зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн хуваарийг эргэж харах, томоохон түрээслэгчид төлбөр төлөх, шимтгэл, хураамжаа түр хугацаагаар хойшлуулах 

3.ЖДҮ-үүдэд дэмжлэг үзүүлэх замаар ажлын байрыг хадгалах 

-Тодорхой салбарт олгосон бизнесийн зээлийн хүүгийн гурван сар хүртэл сарын төлбөрийн 50 хувийг төрөөс төлөх /үүнд 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай/. ЖДҮ-ийн хөгжлийн сангаас олгох зээлийн эх үүсвэр нэмэгдүүлэх

4.Иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх 

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгийг олгохдоо дотоодын аж ахуйн нэгжээс бараа худалдан авах ваучер байдлаар олгох, мөн хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэдийн төлөх хугацааг мөн зургаан сараар хойшлуулах, ипотекийн зээлийн үндсэн ба хүүгийн төлөлтийг хорио цээрийн хугацаанд хойшлуулах 

5.Хүнсний гол нэр төрлийн барааны нийлүүлэлтийг тогтвортой байлгах 

-Хүнсний гол нэр төрлийн барааг өөр улсаас импортлохгүй дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих, гурилын үйлдвэрүүдийн импортлох хүнсний улаанбуудайн квотыг 12-15 мянган тонн болгож нэмэгдүүлэх

...Гэх мэтээр гол гол саналуудыг тоймложээ. Эдгээр саналууд бол Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэнд тулгарч буй нийтлэг бэрхшээл. Тэр тусмаа дандаа банк санхүүтэй холбоотой санал давамгайлж байгааг уншигч та анзаарсан биз. Харамсалтай нь олсон хэдэн төгрөгийг нь булаалдах шахам авдаг банкууд энэ өдрүүдэд харин таг чиг. “ХАС” банк л “Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах саналыг дэмжиж байна” гэсэн үг амнаасаа унагав.

Хамгийн их үйлчлүүлэгчтэй хэмээн өөрсдийгөө товойлгодог томоохон арилжааны банкны эзэд харин энэ өдрүүдэд амандаа ус залгисан мэт таг чиг. Ерөнхий сайд нь чиглэл өгсөн ч “Бид дэмжиж байна. Нэг, хоёр сардаа зээлийн эргэн төлөлт болон хүүг хойшлуулж болно” гэдэг үгийг амнаасаа унагасангүй. Тэд ийм л эх орончид ажээ. Түүнчлэн, төр ч дорвитой шийдэл хайж, дориухан чиглэл өгч чадсангүй хулгасаар.

Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахыг дэмжинэ гэсэн атлаа УИХ шийднэ хэмээн өөрсдөөсөө зайлуулав. Чуулган завсарласан энэ үед улстөрчид нь хаана яваа нь мэдэгдсэнгүй. Цуглах гэж ядсаар байх зуур өдөрт 1-2 байгууллага үүдээ хааж, ажилчдаа цомхотгож, хаалгаа барьж байна. Хаах ажлаа хамгийн сайн гүйцэтгэж байгаа төр засаг маань дагаж гарах эрсдэлийг тооцохгүй байгаа нь хамгийн том алдаа болон хувирч байгааг улс төрийн бусад хүчнүүд ч сануулж эхэлжээ. Тиймдээ ч АН-аас өчигдөр арилжааны банкнаас авсан 18 хувийн хүүтэй зээлийг гурван хувийн хүүтэй ЖДҮ-ийг дэмжих зээлээр солих хуулийн төсөл боловсруулснаа танилцуулав.

Хэдийгээр энэ бүхнийг сонгуулийн шоу гэж харж байгаа ч сөрөг хүчинд ирүүлсэн олон зуун бизнес эрхлэгчдийн хүсэлтээр энэхүү хуулийн төслийг өргөн барихаас өөр аргагүйд хүрснээ сөрөг хүчний бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлж байв. Өөрөөр хэлбэл, нам улс төр, сонгууль гэхгүйгээр одоо л хөдөлж эхлэхгүй бол бид хоцорно гэсэн үг. Дэлхий нийтээрээ вирусийг даган гарах эдийн засгийн эрсдэлээ цаг ямагт тооцоолж байхад бид амандаа ус балгасан мэт таг дуугүй суусаар. Сангийн сайд нь төсвөө тодотгохгүй хэмээн гүрийсээр.

Эрх баригчид нь харин сонгуульдаа бэлтгэж, эх орны тухай дуугаар ая дэвсэж, хэдэн монголчуудаараа шоудсаар байх аж. Уг нь төрөөс бид том шийдвэр хүлээж байна. Өвчлөлөөс илүү гай тарьж буй эдийн засгийн дарамтыг хэрхэн шийдэхийг хүлээж байгаа юмсан. Жижгээс эхлээд том эдийн засагтай улс орон бүхэн дотооддоо ямар нэг байдлаар арга хэмжээ авахыг чухалчилж үзэж буй. Дэлхийн хамгийн баян орнуудын нэг болох Данийн Засгийн газар цалингаа тавьж чадахгүй байгаа хувийн хэвшлийнхэнд хандаж ажилчдаа цомхотгохгүй авч үлдвэл ажилчдынх нь цалингийн 75 хувийг төрөөс даах шийдвэрээ танилцуулжээ.

Гурван сарын хугацаанд энэхүү шийдвэр албан ёсоор хэрэгжих аж. Герман улс тухайлбал гол татвар төлөгч, баялаг бүтээгч, ажил олгогч аж ахуйн нэгжүүддээ хязгааргүй зээл олгохоор шийджээ. Япон, Солонгос зэрэг орнууд ч хүүгийн төлөлтийг хойшлуулах, зээл олгох зэргээр аж ахуйн нэгжүүдээ дэмжиж эхлэв.

Өөрөөр хэлбэл, дэлхий нийт энэ өвчнийг дагаж гарах эрсдэл нь 2008 онд бий болж байсан санхүүгийн хямралыг давтаж буйг ойлгож, дор бүрнээ арга хэмжээ авч эхэлжээ. Хөрөнгийн бирж дээрх гол хувьцаанууд нь уналтад орж эхэлсэн бөгөөд Европын холбооны гишүүн орнууд хүчтэй, том хэмжээний нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээ авахаар нэгдлээ. Харин “Сүх далайтал үхэр амгалан” гэгчээр Монголын улстөрчид, Монголын төр засаг л элгээрээ хэвтэхэд ойрхон ирсэн эдийн засгаа аврах талаар хуруугаа ч хөдөлгөхгүй суусаар...