авар биш гээд хэлчих вий гэсэн шиг хавсарга салхитай энэ л өглөө бид Сонгинохайрхан дүүрэгт очихоор хүлгийн жолоо заллаа. Хүрэх газар чамгүй хол, замын түгжрэл харьцангуй бага байсан тул бид зорьсон газартаа саадгүй хүрч очив. Биднийг очиход Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны гадаа хамгаалалтын цагаан хувцас жимбийтэл өмссөн, цэмбийсэн залуус буу шийдэнгээ атгасан дайчин эрс мэт жагссан харагдав.
Тэд бол өнөөдрийн их ажлыг нугалах гол баатрууд. Сонгинохайрхан дүүрэгт нийт 43 хороотой. Тэдгээрийн 80 гаруй хувь нь буюу 36 хороо нь гэр хорооллын айл өрхүүдээс бүрдэнэ. Тухайн хороодод ойролцоогоор 47 173 нүхэн жорлон, бохирын цооног бий. Иймд өнөөдөр бригад, бригадаараа цугларсан ариутгал халдваргүйжүүлэлтийн шижигнэсэн залуус айлуудаар орж, тэрхүү бохирын цооног, ил жорлонг ариутгахаар ирцгээсэн нь энэ.
Сонгинохайрхан дүүргийн энэхүү нүхэн жорлонгийн ажилд нийт есөн компани оролцох хүсэлтээ гаргаснаа тавыг нь сонгон шалгаруулжээ. Энэ тухай тус дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар:
“Өнөөдрөөс эхлээд 10-14 хоногийн хугацаанд гэр хорооллын айлуудаар явж бохирын цооног, нүхэн жорлонг ариутгана. Аль болох түргэн шуурхай, богино хугацаанд ажиллахын тулд нэг хоёр бус, таван компанийг сонгосон байгаа. Нийслэлийн захирагчийн албанаас өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн талбайд гурван удаагийн ариутгал хийсэн.
Харин энэ удаа бид дүүргийнхээ бүх гэр хорооллын айлуудаар явж, нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгах ажлыг эхлүүлж байна. Сонгинохайрхан дүүргээс тус ажилд нийтдээ 100 орчим сая төгрөг төсөвлөөд, компаниудын ирсэн саналаар 97 сая орчим төгрөгөөр төсөвлөсөн” гэв.
Сонгинохайрханчууд өмнө нь дүүргийнхээ гудамж талбай, гуу жалга, булан тохойд хуримтлагдсан хогийг иргэд болон хог тээврийн компаниудын тусламжтай цэвэрлэж байсан билээ. Мөн тус цэвэрлэгээнд ажилгүй иргэдийг дайчлан цагийн 3400 төгрөгөөр цалинжуулан ажиллуулж байсан нь онцлог байв. Уг аянаас нийт найман хогийн цэгийн 330 гаруй тонн хог хаягдлыг нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хүргэж байв. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайд 92 үйлчлэгч ажиллаж, 36 ширхэг сандар, 72 ширхэг хогийн сав, 14 цэцгийн мандлыг угааж цэвэрлэн, ариутгасан байдаг.
Энэ удаагийн ажил ч мөн иргэдэд хүртээмжтэй, цаг үеэ олсон үйл ажиллагаа болж, хүрэлцэн ирсэн хүмүүс ам сайтай байв. Учир нь жил жилийн хавар, зуны улиралд бид нүхэн жорлон, бохирын цооног цаашлаад хөрсний бохирдлын асуудал хөндөгддөг. Сонгон шалгаруулалтад тэнцсэн ариутгал, халдваргүйжүүлэлтийн таван компанийн 20 гаруй бригад хамтран “гипохлорид” хэмээх бодисоор ариутгалыг хийлээ. Харин ариутгалын явц болон бодисын чанарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Ж.Цэрэнпагма хяналт тавин ажиллав.
Тэрбээр “Халдварт өвчний дархлал болон эрсдэлээс сэргийлэх, хүн амын амьдрах орчны чанарыг сайжруулах үүднээс гэр хорооллын нүхэн жорлон, угаадасны нүхний халдваргүйжүүлэлтийн ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэ ажлын үр дүнд нь мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт тавьж ажиллах болно.
Жишээ нь модон жорлон, цооногийг тус бодисоор ариутгахад, халдваргүйжүүлэлт идэвхтэй байна уу, үгүй юу гэдгийг лабораторийн шинжилгээгээр хяналт тавьдаг. Мөн стандартад нийцсэн хэмжээгээр ариутгаж байгаа эсэх, бохирын хэмжээ, нүхэнд орох ёстой бодисын хэмжээг зохих тунгаар хэрэглэж байгааг хянах юм” гэлээ.
Ийнхүү бэлтгэгдсэн ариутгалын ажилчид тус дүүрэгт байрлах хоёр айлаар орж, жорлон цооногийн ариутгалын ажлаа эхлүүлсэн юм. Тэдний ажлыг хөндлөнгөөс харах нь яг л дайны талбар руу явж буй энэ цагийн эгэл баатрууд мэт харагдсаныг нуух юун.
Магадгүй хөндлөнгөөс харсан хэн ч тэдний ажлыг үнэлэхгүй. Гэвч тэд өөрт оногдсон энэ ажлаа чин сэтгэлээсээ хийж буй нь мэдрэгдэв. Жорлонгийн хаалга, бариул, хуучирч элэгдсэн банз бүрийг зай завсар үлдээлгүй нарийн ариутгаж буйд иргэд ихэд олзуурхсан юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид жорлон, бохирын цооногийг дулааны улиралд сард нэг, хүйтний улиралд нэг удаа халдваргүйжүүлэлт хийх нь зөв гэж үздэг. Ийнхүү бид дараагийн айл руугаа хөдлөв. Хашаа хороо, жорлонгийн байр байдлыг харахад туйлын нямбай, цэвэрч айл болох нь илт байлаа.
Тухайн халдваргүйжүүлэлтийн ажлыг хэдийгээр Сонгинохайрхан дүүргээс төсөвлөж хийсэн ч иргэд сайн дураараа халдваргүйжүүлэлтийг өөрсдийн жорлон, бохирын цооногийг ариутгах боломжтой гэв. Хэрэв та гэрийн нөхцөлд халдваргүйжүүлэх уусмал бэлтгэх бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгч буй дараах зааварчилгааг дагаарай.
Эх сурвалж: Eguur.mn