ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ижий музей”

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-08

Түүх ингэж эхэлсэн... Тэртээх 1949 онд буюу дайны хүнд хэцүү  жилүүдэд Дорноговь аймгийн Сайхандулаан суманд О.Насанжаргал хэмээх энэ эмэгтэй мэндэлжээ. Тэрбээр, Хатанбаатар Магсаржавын  удирдлага дор түүхэн, чухал дайн тулаануудад биечлэн оролцож явсан Ц.Сүхээ, жирийн малчин бүсгүй О.Очирпүрэв нарын ууган охин аж. О.Насанжаргал гуай 1957-1967 онд аймгийнхаа 10 жилийн сургуулийг дүүргэж, 1968-1974 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг орос хэл, утга зохиолын багш, орчуулагч мэргэжлээр төгссөн тэрбээр, насаараа түүх, судлаач мэргэжлээр ажиллаж байжээ. Одоо гавьяаныхаа амралтыг авч, үр  ачаа тойруулан жаргаж суугаа нь энэ билээ.  

Хүүхэд насандаа, нийгмийн идэвх зүтгэлтэй, хичээл сурлагадаа сайн,  цовоо цолгиун тийм л дориун жилүүдийг үдэж, ОХУ-д  сургууль төгсөж ирснийхээ дараа буюу 1974-1975 онд “Новости Монголий” сонинд орчуулагч, сэтгүүлчээр ажлын гараагаа эхлүүлж байжээ. Харин амьдралын гараагаа эхлүүлсэн он жилүүд нь, 1975-1996 онд хуучнаар Хувьсгалын музей буюу одоогийн Монголын Үндэсний музейд тайлбарлагчаас эхсүүлээд,  захирал хүртэл нь ажиллаж явсан хугацаа аж. Түүний хувьд 1990 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын  музейг гардаж үүсгэн байгуулсан гавьяатай нэгэн юм. 2000 оноос хойш монголын анхны “Намтар судлалын төв” ТББ-ыг санаачлан байгуулж,  тэргүүнээр нь ажиллаж байна. Тэрбээр, эх орныхоо түүх соёлыг музейн үзмэрээр дамжуулан олон мянган үзэгчдэд сурталчилах ажлыг хийж, гадаад дотоодын төрийн тэргүүн, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд 50 гаруй удаа тайлбар  хийж явжээ. 1988 оноос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн талаар судалгаа хийж номын сан, архиваас гадна хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүдтэй биечлэн уулзаж явсан. Улмаар холбогдох эд үзмэр, гэрэл зураг, бичиг баримтыг цуглуулжээ. 1990 онд НАХЯ-ны архивтай хамтран “Түүх тэднийг мартаагүй” хэмээх томоохон үзэсгэлэнг зохион байгуулж явсан билээ.

 Хувьсгалын музейд ажиллаж байсан  үеэ дурсахдаа тэрбээр сэтгэлдээ хамгийн ихээр нандигнаж явдаг зүйл нь “1979 онд насны ханьтайгаа танилцаж, гал  голомтоо бадрааж байсан тэр гэгээхэн мөч байлаа” хэмээн өгүүлсэн юм.

Түүний хань мөн л Монгол Улсын түүх, музейн салбарт бүхий л амь амьдрал, залуу насаа зориусан бөгөөд баатарлаг, дайчин хүний үр удам аж. Өнөөдөр түүний хань Д.Пүрэвдорж насан өөд болсон ч түүний Монголын музейн салбарт хийсэн гавьяа, хичээл зүтгэл  одоо ч түмэнд дурсагдсаар  байгаа.  О.Насанжаргал гуай ханийнхаа талаар  сэтгэлээ чилээн ярихдаа, “Миний хань Д.Пүрэвдорж Архангай аймгийн Батцэнгэл суманд 1944 онд төрсөн. Нийслэлийн хоёрдугаар 10 жилийн  сургуульд сурч байгаад, Улсын багшийн дээд сургуулийн Зураг, хөдөлмөрийн ангийг зураач мэргэжлээр төгссөн.  Сургуулиа төгсөөд Хувьсгалын музейг анх байгуулагдахад макетчин,  зураачаар ажилд орсноос хойш салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан  юм. Түүнчлэн Халх голын музей,  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын музей,  Төв аймгийн Бүрэн суманд төр нийгмийн  нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн музейг  гардан байгуулж, 300 гаруй үнэт чухал, үзмэрийг цуглуулж,  үнэт эдлэлийн фондын эрхлэгчээр ажиллаж байлаа. Хань минь салбарын нэрт  зүтгэлтнээс гадна чадварлаг уран бүтээлч байсан юм. Түүний “Эв нэгдэлд хүч оршино”, “МАХН-ын Нэгдүгээр хуралдайн байшингийн загвар” зэрэг зургаан бүтээл нь музейн үзмэр  болон сан хөмрөгт одоо ч хадгалагдсаар байгаа” хэмээн хэлэв.

Анх гал голомтоо бадраахдаа, Одоогийн Баянбүрдийн ойролцоо хашаа байшинд амьдралаа эхлүүлж,  тухайн үеийн сэхээтэн айлууд ямар байсан  тийм л амьдралын жимийг хамтдаа туучиж иржээ. Энэ хугацаанд гурван хүүгийн эцэг,  эх болж бусдын  л адил хүүхдүүдээ өглөө бүр улсын цэцэрлэг, ясли,  сургуульд  нь  хүргэж өгчихөөд музейн  ажилдаа яаран очдог. Ажил ихтэй байвал хөвгүүдээ ажил дээрээ авчраад шөнийн бор хоногтоо хамтдаа харьцгаадаг байсан сайхан үе ч тэдэнд  бий. Зуны амралтаар нь Төв аймгийн Баян суманд аав, ээждээ хүргээд өгчихдөг бор боргилхон амьдралаа өнөөдөр ч санадаг.

 Дархан бэр,  дархан ээжийн гурван хүү өнөөдөр эрийн цээнд хүрч, ажил амьдралаа ч бат бэхлэхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж явна.

Түүний том хүү П.Батцолмон “Насан далай” ХХК-ийн захирлаар ажилладаг  бөгөөд эхнэр, гурван хүүхдийн хамт өнөр өтгөн аж төрж байна. Удаах хүү П.Магсаржав фото зургийн хувийн студи ажиллуулж, эхнэр нэг охины хамт амьдарч байна. Харин бага хүү П.Галиндэв дайчин,  хэрсүү нэгэн аж. О.Насанжаргал гуай энэ талаар хэлэхдээ, “Хөвгүүд маань ажил, амьдралаа аваад сайхан л явж байна. Бага хүү маань намын байгууллагаар  олон жил ажиллсан, АН-ын гишүүн хүн шүү дээ. Сонгинохайрхан дүүргийн АН-д Хэрэг эрхлэх газрын дарга, Иргэдийн хурлын төлөөлөгч зэрэг  алба хашиж явсан юм уг нь. Надад анх намд орж байгаа гэдгээ ч хэлээгүй явсан хүү минь өнөөдөр Баянгол дүүрэгт УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бие даагчаар нэрээ дэвшүүлээд явж байна даа” гэв.

Бага хүүг нь хэрсүү, дайчин  гэхийн учир нь түүний хоёр өвөө түүхэн дайн,  байлдаанд тулалдаж явсан эрэлхэг хүмүүс байжээ. О.Насанжаргалын аав Ц.Сүхээ нь бага насандаа эцэг, эхээсээ өнчирч, 13 настайдаа хугацаагүй цэргийн албанд татагдсан. Улмаар Монголын нутагт байсан Хятадын хар цэргүүдийг нутгаасаа хөөн зайлуулах тулаанд тэрээр авхаалж самбаа гарган байлдсан тул Хатанбаатар С.Магсаржавт ихээхэн үнэлэгдэж, энэ цагаас хойш хамгийн итгэмжит хүн нь болж байсан аж. Мөн Хятадын гамин цэрэг, Монголд цөмрөн орж ирсэн цагаантнуудтай хийсэн тэмцэлд оройлон оролцож, улмаар 1921 оны Ардын хувьсгалын ялалтын тугийг өргөлцсөн баатарлаг нэгэн байсан ажээ.  Харин түүний хань Д.Пүрэвдоржийн аав Р.Далхаа Архангай аймгийн Батцэнгэл  сумандаа  мал маллан амьдарч байгаад 1944 онд цэргийн албанд татагдаж, 1945 оны чөлөөлөх дайнд мото буудлагын жолоочоор оролцож явсан. Мөн Жанчхүү, Чанчунь хотыг чөлөөлөх дайнд оролцож явсан бөгөөд 1950-1986 онд Сангийн яам, Монголбанкны орлогч сайдын жолоочоор тасралтгүй 36 жил ажилласан юмсанж.

Түүх ч хүний түүх их сонин юм билээ. Угаас Монголын түүх их ээдрээтэй, адармаатай байдаг болоод ч тэр үү О.Насанжаргал гуайн түүх их хачирхалтай.

Түүнийг нутагтаа очиход Сайхандулаан сумынхан нь “Алтан” Ханд гуайн удмынхан гэж одоо ч алдарладаг. Түүний ээж О.Очирпүрэв нь хөрөнгө чинээлэг, нутаг усандаа гайхагдсан “Алтан” Ханд гэдэг хүний зээ охин байжээ. Монгол улс 1911 онд олж авсан тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн тулд баян, хөрөнгөтнүүдээс хандив авч байв. Улмаар Ханд нь Богд хаанд эмээлийн алтан дөрөө хийлгэн хандивлаж байсан учир “Алтан” Ханд гэх нэрийг авсан гэдэг.

1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед Ханд гуай хөрөнгөө хураалгаад зогсохгүй, гурван сар шоронд сууж байсан тухай бидэнд хуучилсан юм.   

Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд олон хүүхэд ааваасаа, олон эмэгтэй хань ижлээсээ хагацаж байлаа.  Түүний ээж О.Очирпүрэв амьдралын эрхэнд хоёр дахь удаагаа гэр бүл зохиож Ш.Жамъянжав хэмээх хүнтэй гэр бүл болсон гэдэг.  Ш.Жамъяанжав О.Очирпүрэвтэй гэр бүл болохоосоо өмнө найман насандаа лам болж,  18 нас хүртлээ ном, эрдэм судалж явжээ. Улмаар цэрэгт татагдаж явсаар Баруун хязгаарын цэргийн албанд албаны даргаар ажиллаж байхдаа эсэргүү хэмээгдэж баривчлагдсан ч Хатанбаатар С.Магсаржавын эхнэр Х.Чойбалсанд учирлаж хэлснээр шоронгоос гарч байжээ. Улмаар Дорноговь аймгийн Зүүнбаянд очиж О.Очирпүрэвтэй танилцсан гэдэг. Хожим нь, О.Насанжаргал гуай архивын газрын  харанхуй өрөөнд 20 гаруй хоног түүнтэй холбоотой материалуудыг цуглуулж, түүний хэлмэгдэж байсан үеийнх нь талаар  яриулж авснаар 1990 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын  музейг  үүсгэн байгуулах шалтгаан болжээ. Харамсалтай нь уг музейг сэргээн босгох нэрээр өнгөрсөн 2019 оны аравдугаар сард нураасан явдал нь түүнд хүндээр туссан хэмээн ярьж байлаа.

АН-ын 1992 оны гишүүн, Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн тэрбээр, МЭХ-ны хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын 90, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Соёлын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонгоор энгэрээ мялаалгаж, төр түмнээр гавьяагаа үнэлүүлсэн юм.

Түүхч хүний амьдрал өөрөө түүх мэт. О.Насанжаргал гуайн эгэлхэн хэрнээ энгүй их мэдлэг түүнийг өнөөдөр ч чимдэг. Тэр ажил мэргэжилдээ одоо ч дуртай, бас тууштай. Яагаад ч юм, түүхийн улбаа, музейн  талаар ярихдаа нүдэнд нь инээмсэглэл тодорч, сэтгэл нь дүүрдэг юм билээ. Амьдралынх нь бүхий л хором мөч бүхэнтэй нь түүх,  музей гэдэг зүйл салшгүй холбоотой учраас сэтгэлд нь үүрд хоногшсон байх. Тиймээс ч өнөөдөрхөн юм шиг сэтгэлийг нь уядаг биз ээ.  Өдгөө 70 гарсан ч хэний ч өмнө түүхийн он цагийг бардам хэлчихдэг. Ёстой л  “архив” гэж хэлчихмээр өнөө цагийн түүхийн гэрч эгэл нэгэн эмэгтэй ижий музей О.Насанжаргал юм. Түүний ажил амьдралын түүх тэр чигээрэй музей юм билээ.