Бүрхэг өдөр бүсгүй яаран алхална. Борооны үүл хуралдаж, бүүдгэр өнгө хотыг бүрхэхэд тэр улам хурдална. Гурил будаагаа норгохгүйн тулд борооноос өмнө урьдаж харихыг хүснэ. Барьсан хүнс нь дэндүү удаан алхсанаас болоод гар нь бадайран амармаар байвч аадар эхлэчихвэл аль ч үгүй болно гэж улам чармайна.
Хань минь ажлаасаа ирээ болов уу?, хүү минь ээжийгээ тосон зогсоо юм болов уу? гэж битүүхэн горьдлого тээсээр гэрийнхээ үүдэнд ирлээ. Хашааны хаалга нээгдэхэд хүсэн хүлээсэн хань нь ирсэн харагдана. Бүрхэг үүлний нүүдлээс зугтан байж түр амсхийх ч үгүй арав хоногийн хүнсээ дийлж ядан ирэхэд нь өөдөөс нь биш юмаа гэхэд үүдэндээ тосоод хүлээж байгаасай гэж хэчнээн хүссэн билээ. Гэтэл эхнэрийнхээ дааж ядан авчирсан хүнсийг өргөлцөх нь бүү хэл ирсэнийг нь ч мэдэлгүй хөрштэйгээ ам уралдан ярих хэнэггүй нөхөр түүнийг угтлаа. Хэтэрхий хайнгад нь ч болов уу, хэт их найдсандаа ч тэр үү хэсэгхэн гунигт автав.
Хичээлээсээ ирэх хүүгээ хараад бага ч болов сэтгэл нь сэргэн инээмсэглэсэн ч эхийнхээ байгааг ч үл анзааран үг дуугүй зөрөх хөндий хүү... Бүсгүйн сэтгэлд хар үүл хуралдах шиг болов. Тэрийг нь мэдсэн юм шиг гэнэт бороо шаагив. Яг л удаан хуралдсан нулимс нь асгарах шиг. Энэ үед л бүсгүй бороонд норохоос биш чухам энэ л сэтгэлийн хар үүлнээс зугтан бүдчиж байснаа ойлгов. Гэтэл буруу үүлнээсээ зугтаж, үл хүсэх тэр хар үүл рүү өөрөө яарсан байж. Ийм зүйл хүлээж байсныг мэдсэнсэн бол тэрээр гэр рүүгээ яарахын оронд бороонд норохыг илүүд үзэх байлаа. Эмэгтэй хүний тийм их тэвчээр зүтгэлийг ийм нэг өчүүхэн хэнэггүй үйлдэл л нухчин дарчихдагийг түүний сэтгэл мэдэрч байв. Одоо тэр ийм бүрхэг өдөр дахин бүү тохиогоосой гэж хүснэ. Сэтгэлийн хураа ахин асгаруулахгүйн тулд...