Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиуд өндөр цалин амлаад аваад явчихдаг. Хэрвээ тухайн багшийг буцааж өгөхгүй бол тухайн хувийн сургуулиас нөхөн төлбөр авна” хэмээсэн нь олон хүний эгдүүцэл, зэвүүцлийг төрүүлэв бололтой.
Тиймдээ ч “Л.Энх-Амгалангаас юу ч хүлээх хэрэггүй юм байна, коммунист улстөрч, юу ярьж байгаагаа мэдэхгүй поп” гэх мэтээр улстөржүүлэх нь тэр. Уг нь Боловсролын сайдын цаг гаруйн хугацаанд ярьсан шинэчлэл, өөрчлөлтийн тухай чих тавиад сонсчихсон бол олон хүн түүнийг бодлого ярилаа хэмээн үнэлэх байв. Энгийн мэт жижигхэн боловч энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг нэгбүрчлэн олж харж шинэчлэл, өөрчлөлт хийхээ зорьж явааг нь бас дуулчихаж болох байлаа. Ардчилсан Монгол Улсад хэн ч хаана ч ажиллаж, амьдрах эрхтэй. Эцэг, эхийнхээ мөнгөөр сурч төгссөн иргэн хүн эх орныхоо хаана, ямар сургууль ажиллах вэ гэдэг нь нээлттэй. Нөгөө талдаа төрөөс мөнгө гаргуулж буюу би энэ сургуульд ирж багшилна аа гэж гэрээ байгуулж явчихаад, эсвэл төрийн албан хаагч аав, ээжтэй гэдгээр төрөө даалгаж үнэгүй сурч төгсчихөөд улсын сургуульд бус хувийн сургууль руу орхиод явчихаж байгаа хариуцлагагүй багш нар олон бий.
Тийм шалгууртай багш нар хувийн сургууль сонгосон бол үнэгүй эсвэл зээлээр суралцсан төлбөрөө буцааж төл гэж шаардах нь шударга ёсны талаасаа бол зөв асуудал. Түүнчлэн, Боловсролын зээлийн сангаар гадаад, дотоодод Их дээд сургууль төгсөөд эргэж төлөөгүй ажиллах хүчнийг орон нутагт 1-5 жил ажиллаж, төлбөрөө буцаан барагдуул гэдэг шаардлага тавина гэдгээ ч Л.Энх-Амгалан сайд онцолсон юм. Энэ өнцгөөс харвал багшлах боловсон хүчний хүрэлцээгүй болчихсон, багш мэргэжлээр төгссөн ч ажиллахгүй байгаа нөхцөлд зүй ёсны шаардлага гэж дүгнэж болох нь ээ. Багшаар төгссөн залуусыг цэргийн дүйцүүлэх алба хааснаар тооцох гэх мэтээр амьдралд ойрхон зүйлсийг ч хэрэгжүүлнэ гэдгээ хэлжээ.
Л.Энх-Амгалан сайдын тухайд поп гэхээс илүү бодлого ярьдаг улстөрч гэчихвэл магтсан болохгүй биз. ОХУ, АНУ, БНСУ-д Их дээд сургуульд суралцаж төгссөн. Сэтгүүлч мэргэжлээр Монцамэ агентлагт ажиллаж байгаад Юнител, MCS зэрэг хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдэд Тэргүүн дэд Ерөнхийлөгч хүртэл дэвшин ажилласан намтартай. 2012 оны сонгуулиар анх УИХ-д сонгогдон орж ирснээс хойш дөрөвдэх удаагаа УИХ-д сонгогдож буй туршлагатай. Энэ хугацаанд хоёр удаа Боловсролын сайд, ГБХНХ-ын сайдаар ажиллаж байсан гээд салбарт чамгүй бодит өөрчлөлт хийсэн сайд гэж үнэлэгддэг учраас зөв бурууг бид биш салбарын хүмүүс нь өөрсдөө шүүн тунгааж, шүүмжлэхээ шүүмжилж, магтахаа магтах биз ээ.
Эх сурвалж. "Монголын мэдээ" сонин