Улсын онцгой комисс хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн талаар Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ халдвартай 194 хүн хүлээн авч, 89 хүнийг эмчлээд байгаа аж. Халдварын тохиолдол есөн улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд хамгийн их нь 89 хувь буюу ОХУ-аас орж иржээ. Эм тариа хамгаалах хэрэгслийн хувьд ХӨСҮТ 30 хувийн боловч N95 амны хаалтны хүрэлцээ хангалтгүй байгаа гэв. Улмаар амны хаалтны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийг УОК-оос өглөө. Мөн Гашуун сухайтын боомтоор өдөрт 570 машин нүүрс гаргаж буй хэмжээг цаашид нэмэхэд анхаарахаар болжээ. Түүнээс гадна бизнесээ бүх талаар дэмжих шаардлагатайг онцоллоо. Энэ хүрээнд 6-7 сард ААН-үүдэд давхардсан тоогоор хийгдээд байгаа төрийн байгууллагуудын шалгалтуудыг зогсоох аж.
Маргааш буюу зургадугаар сарын 11-ны өдөр тусгай үүргийн онгоц Энэтхэг рүү нисч ламхай нарыг авчирах бол 17-нд БНСУ-аас зөвхөн транзитаар ирсэн иргэдийг, харин 18-нд БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдээ авчирна. Түүнээс гадна зургадугаар сарын 21-нд АНУ-руу нислэг хийнэ. Мөн зургадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу нислэг хийх талаар судалж байна. Энэ сард 2300 орчим иргэдээ татан авна. Өнгөрсөн хугацаанд агаараар болон газраар 63 мянган иргэнээ татан авчирах талаар Ө.Энхтүвшин дарга онцоллоо.
Мөн тэрбээр, “УОК-оос сонгуулийн явцад коронавирусийн халдвараас сэргийлэх түр журмыг батлан гаргасан. Хэрэгжүүлж чадахааргүй хүнд зүйл заагаагүй. Гэтэл журмын хэрэгжилт хангалтгүй байна. Өнөөдрийн байдлаар 462 иргэнээс “Хүн хоорондын зай барихгүй байна”, Иргэд болон нэр дэвшигчид амны хаалтаа зүүхгүй байна” гэх гомдол, шаардлага ирсэн. Түр журамд зааснаар цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд уулзалт хурал зохион байгуулах байр танхимыг урьдчилан цэвэрлэж халдваргүйжүүлэлт хийх, хүн хоорондын зай 1.5 метр байхыг зааж өгсөн. Энэ бол хэрэгжүүлж чадахааргүй хүнд асуудал биш. Тиймээс энэ журмаа биелүүлэхийг сануулж байна” гэв. Мэдээллийн үеэр Ө.Энхтүвшин даргаас зарим зүйлийг сэтгүүлчид асуусан юм.
-Төрийн албан хаагчдыг орон сууцжуулахдаа урьдчилгаа төлбөрийн уян хатан нөхцөлтэй гэж мэдээлсэн. Мөнгөн дүн нь тодорхой болсон уу?
–Урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй сардаа бага хэмжээгээр төлөөд явна гээд тохиролцчих юм бол заавал урьдчилгаа төлбөр шаардахгүй.Зарим иргэд урьдчилгаа арван хувийн төлбөрөө төлөөд сард төлөх хэмжээгээ багасгамаар байна гэдэг санал хэлсэн. Ер нь хэдэн метр квадрат орон сууц сонгох нь өрхийн орлогоос хамаарна.
–Квотыг нь хэрхэн тогтоосон бэ?
-Урьдчилсан байдлаар тогтоосон. Гэхдээ зарлах арай эрт байна. Квотын ихэнх нь эрүүл мэндийн салбарынхан байгаа.
– Энэ жил Үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй байх нь дотооддоо халдвар алдахаас сэргийлэх нэг арга гэж хүмүүс ярьж байна. Халдвараас яаж урьдчилан сэргийлэх вэ?
–Зарим иргэдийн зүгээс наадам хийгээд яадаг юм гэх хандлага гаргаж байгаа ч хөдөө орон нутгаас Үндэсний баяр наадмаа хийхгүй юм биш биз гэсэн хүсэлтүүд их хэмжээгээр ирсэн. Өнгөрсөн 99 жилийн түүхэнд Монгол Улс Үндэсний баяр наадмаа хийхгүй өнжиж байсан удаа байхгүй. Халхын голын байлдаанд олон хүний амь нас үрэгдэж байхад наадмаа хийж л байсан. 1941, 1945 оны эх орны дайн, 1932 онд лам нарын бослогын үед Үндэсний баяр наадмаа тэмдэглэж л байсан. Тиймээс дотооддоо халдвар алдаагүй тохиолдолд сонгуулиа хийж байгаа юм чинь Үндэснийхээ баяр наадмыг хийх нь зүйтэй. Гэхдээ өмнөх жилүүд шиг нийтийг хамрахгүйгээр техникийн дэвшилтэт технологийг ашиглан цомхон байдлаар зохион байгуулна.